Яагаад Швед Улс эрх зүйн салбарт шинэчлэлт хийх шаардлагатай вэ?


2021/05/28  663   0


Өнгөрсөн нэгдүгээр сард “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индексийг шинэчлэн олон нийтэд зарласан билээ. Урьдын адил Швед Улсын индекс өндөр байсан буюу дэлхийн хэмжээнд авлигын түвшин багатай улс орнуудын нэгээр нэрлэгдэж, гуравдугаар байранд Финланд, Швейцар болон Сингапур Улстай хамт эрэмбэлэгдсэн. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн 180 улсаас дээгүүр эрэмбэлэгдэж, шударга байдал болон сайн засаглалын олон улсын бусад индексээр өндөр оноо авсан байгаа нь Швед Улсыг авлигаас ангид улс хэмээн харагдуулж байна. Гэвч энэ нь төөрөгдөл юм. Швед Улс нь өдөр тутмын жижиг авлигын үйлдэл багатай боловч тус улсад өндөр түвшний авлига болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн хэвээр байна. Хэдий тийм боловч ихэнх тохиолдолд гэмт этгээдүүд хариуцлагаас зугтсаар байгаа юм. Өндөр түвшний гэмт хэргийн жишээг дурдвал:

§  Арав гаруй жилийн өмнө, Гётебург хотод төрийн албан хаагчид олон жилийн турш хувийн байгууллагаас хахууль авч гэрээ байгуулдаг байсан авлигын сүлжээг сэтгүүлчид илрүүлсэн байдаг. Хэдийгээр тэдгээр төрийн албан хаагчдыг мөрдөн шалгасан боловч нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ямар нэгэн хариуцлага оногдуулаагүй юм.

§  Хоёр жилийн өмнө, Шведийн шүүхээс “Телиа” компанийн удирдах албан тушаалтнуудыг гадаад авлигын хэрэгт холбогдуулан ял оноохоос татгалзсан. Гэвч тус компанийн удирдлага нь АНУ-ын Хууль зүйн яаманд гэм буруугаа хүлээж 965 сая ам.долларын торгууль төлсөн байдаг. Хэдийгээр “Телиа” компани гэм буруугаа хүлээсэн боловч Швед Улсын шүүхээс тус хэрэгт нотлох баримт хангалтгүй гэж үзэн ял оногдуулаагүй байна.

§  Швед Улсын томоохон банкны нэг болох “Шведбанк”-ны удирдах албан тушаалтан арав гаруй жилийн турш 50 гаруй банкны өндөр түвшний харилцагч, төрийн өндөр албан тушаалтан нарын хамт 10.2 тэрбум ам.долларын мөнгө угаасан хэрэг илэрсэн. Санхүүгийн эрх бүхий байгууллагаас тус банканд 480 гаруй сая ам.долларын торгууль оногдуулсан. Хэдийгээр тус улсын түүхэн дэх хамгийн өндөр хэмжээний торгуулийг оногдуулж, Шведийн Хувьцаа эзэмшигч нарын холбооноос тус банкны удирдах албан хаагчдыг хуулийн хүрээнд мөрдөн шалгахыг хүссэн боловч тэдгээр албан хаагчид эрүүгийн болон иргэний ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй болно. “Шведбанк”-ны захирлын хэлснээр, тус банкны удирдах албан хаагчдыг хуулийн хүрээнд шалгуулах нь их хэмжээний цаг болон хөрөнгө шаардах тул шалгуулаагүй байна. Түүнчлэн Швед Улсын хуулийн дагуу тус этгээдүүдийн гэм бурууг нотлоход холбогдох нотлох баримт хангалтгүй байгаа талаар мөн мэдэгджээ.

Дээр дурдсан жишээ нь Швед Улсын Авлигын эсрэг хуульд ноцтой дутагдал байгааг харуулж байна. Санхүүч Билл Бровдер зэрэг шүүмжлэгчид Швед Улс нь дотооддоо авлига болон мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй тэмцэж чаддаггүй, түүнчлэн гадаад улсын төрийн байгууллагад хахууль өгч буй үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авдаггүй хэмээн шүүмжилсэн. “Телиа” болон “Шведбанк”-ны хэрэг нь тус улсын шүүх байгууллагын нотлох баримтыг үнэлэх  ажиллагааны алдаа дутагдлыг харуулж байна. Эдгээр гэмт хэрэгт ял оногдуулах шаардлагатай нь тодорхой байсан боловч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй юм. Ерөнхийдөө, Швед Улсын эрх зүйн тогтолцоо нь тус улсад өндөр хэмжээний албан тушаалтныг гэм буруутайд тооцож хариуцлага оногдуулахад нэн хүндрэлтэй байгааг харуулж байгаа юм.

Иймээс Швед Улсад өндөр хэмжээний авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах бололцоог баталгаажуулсан хууль, бодлоготой болох зорилгын хүрээнд өөрсдийн эрх зүйн тогтолцоог шинэчлэх шаардлага тулгарч байна. Учир нь авлигын гэмт хэргийг ихэнх тохиолдолд шийдвэр гаргах түвшний өндөр хэмжээний албан тушаалтнууд үйлддэг билээ. Тус улс нь авлига болон шударга байдлын олон улсын индексээр өндөр оноо авч байгаа нь биеэ тоож, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлэхгүй байх шалтгаан болох ёсгүй юм. Швед Улсын иргэдийн төрийн байгууллага болон эрх зүйн тогтолцоонд итгэх итгэл өндөр тул тус улсын Засгийн газар тогтвортой ур чадвартай байж, эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах салбарт жишиг болох үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Энэхүү итгэлцэл нь нийгмийн хэм хэмжээний чухал зүйл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Хэрэв авлигач албан тушаалтнуудад хариуцлага оногдуулж чадахгүй бол иргэдийн итгэл ч мөн адил буурах магадлалтай. Учир нь энгийн иргэд хуулийг чандлан сахиж, зөрчсөн тохиолдолдоо хариуцлага хүлээдэг байтал өндөр албан тушаалтан этгээдүүд хуулийг уландаа гишгэж хариуцлагаас бултдаг байх нь энэхүү итгэлцлийг бууруулж, Швед Улсын улс төрийн үндэс суурийг ганхуулж болзошгүй юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх