"Зарим гэмт хэргийг шийдвэрлэгдэх хүртэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байлга гэж бидэнд зөвлөсөн"


2019/10/23  103   0


Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар энэ оны аравдугаар сараас 2021 оны хоёрдугаар улирал хүртлэх хугацаанд хэрэгжих “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Энэ үеэр АТГ-ын дэд дарга Ж.Батсайханаас авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар тодрууллаа. 

-Монгол дахь авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт 24 хувьд хүрэхгүй байгаа тухай Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаа байна. Энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаа шалтгаан юу вэ? 

-“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлтэд оролцсон шүүх, прокурор, АТГ-ын төлөөллүүдийн илтгэлээс дүгнэхэд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байна. Шүүх дээр ирж байгаа тоо ч хангалтгүй байгаа. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн ялын төрөл, зүйлчлэл ялгаатай байна. Мөн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд оролцдог хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх асуудал яригдаж байна. Авлигын эсрэг үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл суларч байгаа зэрэгтэй энэ асуудал холбоотой.

Тиймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Азийн сан биечлэн зохион байгуулж байгаа энэ төсөл үр дүнгээ өгөх ёстой гэдэг талаас нь харж байгаа.

-Авлигатай тэмцэхэд олон талын хамтын ажиллагаа чухал. Гэвч дагаж мөрдөх хуулиасаа эхлээд шүүмжлэл дагуулдаг. Жишээ нь, хөөн хэлэлцэх хугацаа цөөнгүй хүнд ял завших боломж олгож байгаа. Тиймээс хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох шаардлага юу юунаас илүү чухал байх?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн долоон жилийн хугацаанд манай улс авлигын индексээр 36-39 оноотой, дээшлэхгүй байна. Гэтэл Азийн бүс нутгийн авлигын индекс дунджаар 44. Бид бүс нутгийн хэмжээндээ доогуурт бичигдэж байна.

Үүний үндсэн шалтгаануудын нэг нь хууль, тогтоомжийн хэрэгжилт юм. Тэр дундаа хууль, тогтоомжийг батлан гаргаж байгаа чанар, судалгаа, хууль тогтоогчдын улс төрийн хүсэл зориг зэргийг үнэлсэн үнэлгээ нь энэ. Хууль тогтоогчдын баталсан хуульд өгсөн олон улсын байгууллагын үнэлгээ уруудсаар байна.

Батлагдаж буй хууль, журам улс төрийн нөлөөтэй, аль нэг намын тодорхой үйл ажиллагаанд саад учруулахгүй байх тал руугаа ороод ирэхээр л үр дүнгээ өгч чадахгүй болчихоод байна.

-Улстөрчид өөрсдөө хийдэлтэй хууль санаачилж, баталчихаад АТГ-ыг ажлаа хийхгүй байна, прокурор, шүүгч нар шударга бус байна гэдэг. 

-Авлигатай тэмцэх газар байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд улстөрчдийн, аль нэг намын, эдийн засаг, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол хөндөгдөж ирсэн. Тэдгээр бүлэглэлийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард түмний итгэл үнэмшил дээр тоглож, авлигатай тэмцдэг мэтээр ойлгогдохыг хүсдэг. Үүнтэй тэмцэх арга замын талаар хуулийн байгууллагынхан санал бодлоо солилцож байна. Төслийн хүрээнд нэлээд томоохон ажил явагдах байх.

Зөвхөн төсөл гэлгүйгээр бид гадны байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлд нэлээд өөрчлөлт хийж байгаа. Үүнээс боломжийн үр дүн гарах байх гэсэн хүлээлт бий.

-Олон нийтийн хяналтыг бий болгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэл багагүй үүрэг гүйцэтгэдэг. Төсөл хэрэгжих хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж вэ?

-Урьд нь манайхтай хамтарч ажиллаж байсан Хонг Конгийн Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Тони Квок болон олон улсын түвшний мэргэжилтнүүд бидэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байр сууриа нэгтгэж, тэдэнтэй нээлттэй, ил тод байдлаар хамтарч ажиллах ёстой. Түүгээр ч барахгүй зарим гэмт хэргийг илрүүлээд, прокурорын шатанд хүргээд түүнээс цааш шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байлга. Ингэвэл тодорхой үр дүнд хүрэх гадны туршлагууд байгааг зөвлөсөн.

Тиймээс энэ чиглэлээр бид холбогдох байгууллагуудад асуудал тавиад явна. АТГ шинэ удирдлагатай болсон, шинэ бодлого хэрэгжинэ. Энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагаа болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийнэ.

 А.НЯМ-ӨЛЗИЙ


Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх