Авлигаас ангид аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа гэв


2016/11/22  2595   0


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Завхан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, бусад удирдах албан хаагчидтай уулзалт хийсний зэрэгцээ аймгийн “Мэдээлэл солилцох цаг”-т зочлон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах асуудал болон орон нутагт цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Сонирхуулахад, тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орон нутгийн бүх төрийн байгууллагын удирдлага, бизнес эрхлэгч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төсөл хөтөлбөрийн зохицуулагч нар ажлын өдрүүдэд өглөө бүр цугларч харилцан мэдээлэл солилцож хэвшээд байгаа юм байна.

Уулзалтын явцад тус аймгийн Засаг дарга авлигаас ангид аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа тухайгаа дуулгаад энэ зорилтын хүрээнд төр болон орон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчит байгууллагын нийт албан хаагчдад шат дараалсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхлэл нь Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа сургалт болохыг онцлов. Энэ сургалтад сум, орон нутагт шинээр томилогдсон төрийн албан хаагч, удирдах албан тушаалтныг хамруулах бөгөөд цаашид ёс зүй, манлайлал, харилцаа, багийн хөгжил, хамтран ажиллах соёл, газар зохион байгуулалт, төсөв, санхүү, аудит, худалдан авалт зэрэг сэдвээр үргэлжлүүлэх юм байна.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Албаа хүлээж аваад эхлүүлсэн гол ажил маань иргэдээ сонсох, мэдээллийг нээлттэй болгох байсан. Энэ ажлаа эхлүүлээд байгаа, мөн иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах шууд утас ажиллуулж эхэлсэн. Мөн нэг цэгийн үйлчилгээнд түшиглэн гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, иргэн өөрийн өгсөн гомдол, мэдээллийг хэн хэрхэн шалгаж байгаа талаар танилцах боломжийг бүрдүүлэх, ялангуяа иргэний хүсэлт, гомдол мэдээлэл хэн нэгэн албан хаагчийн ширээний нүдэнд хадгалаастай байхаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлуудыг хийж эхлээд байна” гэж ярилаа. Түүнчлэн сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах санал, хүсэлтийг нь хүлээн авч Авлигатай тэмцэх газраас ажлын хэсгээ ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Ажлын хэсэг орон нутгийн төрийн албан хаагч нар болон хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч 250 гаруй албан хаагчид сургалт хийж, сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлэг хийлээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл сумын төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх