З.БААСАННЯМ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ИЛРҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА


2019/09/27  74   0


Манай улсад Ази, номхон далайн бүс нутгийн хөрөнгө буцаах санаачилгын сүлжээний VI бүгд хурал энэ өдрүүдэд болж байна. Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Дотоод хэргийн яам, Холбооны цагдаагийн газартай хамтран зохион байгуулж буй хуралд 22 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Энэхүү хурлаар хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчийг мөрдөн шалгаж илрүүлэх асуудлыг онцгойлон хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад өнөөдөр ийм кейс, гэмт хэрэг байна уу?

-Эцсийн ашиг хүртэгч, өмчлөгчийг олж тогтоох гэдэг нь нэг талаар манайд харьцангуй шинэ ойлголт. Нөгөө талаар, нэн тулгамдаж буй асуудал юм. Дэлхийн улс орнуудад ч энэ асуудал тулгамдсаар байна. Тийм болохоор өнөөдөр Австралийн дотоод хэргийн яам, тус улсын Холбооны цагдаагийн газар, АТГ-тай хамтран гурван өдрийн сургалтыг эхлүүлж байгаа юм. Хууль бус хөрөнгө гэдэг маань авлига, терроризм, мөнгө угаах гэмт хэргийн санхүүжилттэй холбоотой учраас улс орнууд маш их ач холбогдол өгч байгаа. Оролцогч 22 орны хууль хүчний байгууллагын 100 гаруй ажилтан хууль бусаар олсон, гадагшаа гарсан хөрөнгө орлогын ашиг хүртэгч эздийг олж тогтоож буй арга барил, туршлагаасаа хуваалцаж байна. Ингэснээр тухайн гэмт хэрэгтэнд оноож байгаа ялын бодлого, ялгамжтай байдлаар хандах, жинхэнэ эзэнд зохих хариуцлага тооцох ач холбогдолтой юм.

-Хууль эрхзүйн талаас нуугдмал хөрөнгийн жинхэнэ эзнийг олж тогтоох нөхцөл, боломж бүрдсэн үү?

-Ер нь хууль бусаар олсон мөнгийг аль болох хурдан илрүүлэх, царцаах, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлж, шийдвэрлээд тухайн улсад буцаах зорилготой. Улсын бүртгэлийн тухай хуульд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх талаар заалт бий. Мөн оффшор бүстэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмчлүүлэх, суралцахаас бусад байдлаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшихгүй, данс нээхгүй, компани байгуулахгүй, албан ажлын шаардлагаар биш бол хэрэгжүүлэхгүй гэж заасан байгаа. Энэ нь оффшор бүсэд ямар эх үүсвэртэй, хэдэн төгрөгийг хэн эзэмшиж байгаа нь хамаагүй. Данс эзэмшиж байгаа нь ил болбол албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд УИХ-ын гишүүн зэрэг хэд хэдэн хүн хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа, дансаа хаалгасан, компаниа татан буулгасан гэх мэт.

-Оффшор бүсээс хэчнээн төгрөг орж ирэх ёстойгоос хэд нь өнөөдрийн байдлаар орж ирээд байна вэ?

-Нийт энэ бүсэд байсан 74.9 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн, эдийн засгийн эргэлтэд орсон байдаг. Үүний 68 сая ам.доллар нь бэлэн мөнгө, 6.3 сая ам.доллар нь хөдлөх хөрөнгө байсан. Үүнээс гадна олон нийтийн дунд оффшор бүсэд байгаа бүх хөрөнгө хууль бус гэсэн өрөөсгөл ойлголт байгаа юм. Оффшор бүс гэдэг нь өөрөө татварын таатай орчинтой. Энд шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө хадгалуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Гэвч энэ бүс нутгийн таатай орчинг ашиглаад гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгөө хадгалуулж байгааг илрүүлэх, буцаан авах нь энэхүү санаачилгын гол зорилго юм. Мөн дээр дурдсан төрийн санд оффшор бүсээс орж ирсэн 74.9 сая ам.долларын 4.3 сая нь мөрдөн байцаалтын шатанд орж ирсэн байсан.

-Дэлхийн улс орнуудад нуугдмал хөрөнгийг ихэвчлэн ямар хэлбэрээр хадгалж байдаг юм бол. Үүнийг илрүүлэхийн тулд ямар практикаар ажиллаж байна вэ?

-Ихэвчлэн компани байгуулах, оффшор бүсэд бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх, лиценз, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Нуугдмал хөрөнгө, эцсийн өмчлөгчийг илрүүлнэ гэдэг бол дэлхийн улс орнуудад толгойны өвчин болчхоод байна л даа. Оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг банк санхүүгийн байгууллагууд маш өндөр нууцлалтай гэрээ байгуулдаг. Түүнийг нь захын хүн очоод асуучих, шалгачих боломжгүй байдаг. Тийм болохоор олон улсын шахалтыг бүс нутгийн хууль хяналтын байгууллагууд руу явуулж байж гаргаж ирэх боломж бүрдэнэ гэсэн үг. Оффшор бүсэд компани байгуулах гэж байгаа хүмүүсийн хувьд дундын зуучлагч компани, хуулийн фирмээр дамжуулдаг. Тийм үйл ажиллагаа явуулдаг нэг хуулийн фирмийн мэдээллийн сан задарч өнөөдөр оффшор бүсэд хөрөнгөтэй байгаа хүмүүсийн нэр ил болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр энэ бол маш хэцүү ажил л даа. Яах вэ, зарим нэг компанийн эзэмшигч нь улсын бүртгэлээс харагдаж байдаг. Ер нь төрийн байгууллагад байгаа мэдээлэл хангалтгүй байдаг. Тийм болохоор харилцан мэдээлэл бидэнд хэрэгтэй байгаа юм. Мөн улсын бүртгэл болон банк санхүүгийн байгууллагууд ямар нэг бүртгэл, шилжүүлэг хийхдээ эцсийн өмчлөгчийг маш сайн тодруулж байх хэрэгтэй байна. Эцсийн өмчлөгчөө мэдүүлэх шаардлагатай гэдгийг тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага болгож үүрүүлэх ёстой. Австралид жишээ нь эцсийн өмчлөгчийг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд банк руу очиж, дансны гүйлгээг сайтар шалгуулдаг гэж мэргэжилтэн ярьж байна л даа.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх