“Зөв дадал 20”: Тасралтгүй хөдөлмөрлөж, шударгаар амжилтад хүрье


2020/12/17  1617   0


Амжилт хэмээх зургаан үсэгтэй энэ үгэнд аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, урам зориг хийгээд цуцашгүй хөдөлмөр гэсэн хүмүүний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мэдрэмжүүдээс эхлээд хамгийн эрхэм зан чанарууд шингэсэн мэт санагдана. Дэлхий дээр орших долоон тэрбум хүн бүр амжилт хэмээх “рашаан”-аас хүртэхийг хүсдэг ч ихэнх нь чаддаггүй. Тийм боломж хомс байдаг нь ч байгалийн нэгэн бичигдээгүй хууль юм. Гагцхүү тасралтгүй хөдөлмөр, зөв дадлыг хэвшүүлж, шударга ёсыг эрхэмлэсэн хүн л энэ “рашаан”-аас хүссэнээ хүртэх “тасалбар”-аа авах эрх үүсдэг юм байна. Энэ бүхэн бол Авлигатай тэмцэх газраас лхагва гаригт зохион байгуулсан “GOOD HABITS 20 буюу Зөв дадал 20” цахим чуулганыг үзсэний дараа төрсөн сэтгэгдэл юм.  Цар тахал дотоодод тархаж, хэн бүхэн айдаст автсан бараан өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд энэ чуулганыг цахимаар орон даяар цацсан нь олон нийтийн сэтгэлд тусгасан тод гэрэл болж чадлаа. Зөв дадлаар өөрcдийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгчид өөрсдийн зөв дадлаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриалсан юм. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, зөв дадлыг хэвшүүлсэн цагт хэрхэн амжилтад хүрч болдог тухай хэн, юу ярьсныг хүргэж байна.

 Д.Жаргалсайхан: Сайн боловсрол эзэмших нь амжилтын үндэс

-Монгол нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлыг гярхай ажиглаж, зоригтой шүүмжилж, оновчтой шийдлийг санал болгодог “Defacto” хэмээх нэршлээр нь сайн мэдэх нийтлэлч, эдийн засагч, хөтлөгч Д.Жаргалсайхан эхний илтгэгч байв. Тэр бол төр, Засгийн газрын эсрэг байр суурьтай байдаг хүчтэй дуу хоолойны тэргүүн эгнээнд манлайлан явдаг нэгэн. Тиймээс түүний амьдралдаа хэрэгжүүлсэн зөв дадал юу байх бол гэдгийг үзэгчид шимтэн хүлээсэн нь тодорхой.

Нийтлэлч Д.Жаргалсайханы илтгэлийн сэдэв “Дадал ба нөлөө” байв. Тэрээр “Бүх үйл явц чадвар, зүтгэл, хандлага” гэсэн гурван зүйлээс бүрдэж, энэ гурвын үржвэрээр амжилт тодорхойлогддог” хэмээх  Японы алдарт бизнесмен Казүо Инаморигийн ишлэлээр илтгэлээ эхлүүлэв. Цааш нь “Сайн боловсрол эзэмших, эрүүл байх нь амжилтын үндэс. Гэхдээ зүтгэл хамгийн чухал. “Мэдлэггүйгээр зүтгэх нь тэнэгийн төрсөн дүү” гэсэн Англи зүйр үг байдаг. Дараа нь хийж байгаа зүйлдээ өөрийн болоод бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хандах нь чухал. Хийж байгаа ажлаа дадал болгохын тулд сахилга баттай байж, тасралтгүй хөдөлмөрлөх шаардлагатай” гэж ярилаа. Түүний хамгийн чухал дадал бол төлөвлөгөө боловсруулах аж. Тэрээр ажлаа долоо хоногоор төлөвлөж, төлөвлөсөн зүйлээ тогтсон цагтаа байнга хийдэг. Энэ нь түүний цаг хэмнэх хамгийн сайн арга нь юм.  Мөн тэр Теодор Рузвельтийн “Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх хүчээрээ хий” гэсэн үгийг байнга санаж явдаг юм билээ.

Өөрийн амжилтад хүрсэн  дадлуудынхаа тухайгаа хуваалцсаны дараа шударга ёсны талаар үзэл бодлоо илэрхийлэв. Тэрээр “Дэлхийн тал хувь нь мөрөөдөөд ч олж авч чадахгүй байгаа  ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэсэн гурван үнэт зүйл Монголд бий.

Үүнийгээ хэзээ ч алдаж болохгүй. Муу засаглал, авлигаас болоод бид эдгээр үнэт зүйлээ үл ойшоон устгах гээд байгаа нь харамсалтай. Гэвч хэзээ нэгэн цагт шударга ёс ялдаг. Машин, байшин, эд хөрөнгө бол аз жаргалын хэмжүүр биш. Учир нь хүссэн эд хөрөнгө нь байнга хэр нь зовж байгаа олон хүн бий” хэмээн яриад залуусыг шударга замаар амжилтад хүрч, өөрсдийн ирээдүйг бүтээхийг уриалсан юм.

 Э.Энхболд: Аугаа зүйл энгийнээс эхэлдэг

-Манай улсын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч, тод модель Э.Энхболд нийтлэлч Д.Жаргалсайханы дараагаар зөв дадлаасаа хуваалцав. Бүх зүйлд зарчимч ханддаг Э.Энхболд бол дан ганц загварын салбарт бус кино урлагийн салбарт хүчээ сорьж яваа нэгэн билээ. Тэрээр “Аугаа зүйл энгийнээс, энгийн зүйл тухайн зүйлийг хийх тухай бодлоос эхэлдэг. Бодлоо дадал болгосноор тухайн хүсэл, зорилгодоо хүрнэ. Жишээ нь нэг хичээлдээ сайжрахыг хүсвэл тухайн хичээлээ байнга давтахаас үйлдлээ эхлэх хэрэгтэй. Нэг зүйлийг 30 болон түүнээс олон хоногоор хийхээр дадал болдог. Мөн ямарваа амжилтын цаана асар их хүсэл тэмүүлэл, хандлага байдаг. Нэг л өдөр амжилтанд хүрчихдэггүй” хэмээгээд зорилгодоо хүрэхийн тулд тасралтгүйгээр хөдөл­мөрлөхийг онцолсон юм.

 

П.Наранбаяр: Шударга ёсгүй оронд залуус хөгжихгүй

Дараагийн илтгэгч “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн буюу бидний мэдэх “Шинэ Монголын” П.Наранбаяр бол боловсролын салбарт чанартай сургалтын шинэ жишиг, стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан  хүн юм. Тэрээр “Эзний сэтгэлгээ ба зөвийн дарангуйлал” гэсэн сэдвээр илтгэв. “Энгийн гаралтай, дарга танилгүй хүн төрийн байгууллагад ажилд орох боломжгүй гэдгийг оюутан байхдаа мэдэрсэн. Манай улс залуусдаа хөгжих, ирээдүйгээ төлөвлөх боломж олгодоггүй. Шударга ёсыг өгөхгүй бол залуус хөгжихгүй. Тиймээс амьдралаа өөрсдөө төлөвлөж, ирээдүйгээ бий болгоход нь бид залууст туслах хэрэгтэй. Үүний тулд хүн бүр зөв зүйл хийх нь чухал. Хүн бүр дүрмээ баримтлаад эхэлвэл, түүнийг зөрчихөд хэцүү болдог шиг олон хүн шударга ёсыг баримталвал шударга бус зүйл хийх нөхцөл бүрдэхгүй. Үүнийг зөвийн дарангуйлал гэнэ. Ийм нийгэмд шударга бүхэн ялдаг. Тиймээс өөртөө үнэнч бай. Юу ч хийсэн эзэн шиг нь хариуцлагатай, эрх чөлөөтэй байх нь хамгийн хүчирхэг сэтгэлгээ, дадал юм” гэж ярьсан юм.

 

Ц.Оюунгэрэл: Үргэлж суралц, шударгаар амжилтад хүр

Түүний дараагаар хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл өдөрт ердөө нэг цагийг өөрийнхөө хөгжилд зарцуулснаар амжилтад хүрч болдог тухай яриа өрнүүлэв. Ц.Оюунгэрэл бол “Ажлыг уран сэтгэмжтэй, бүтээлчээр сэтгэл гаргаж  гоё хий” хэмээх аавын захиасыг биелүүлж яваа эмэгтэй.

Тэрээр “Хэт их ачаалал авахгүйгээр, яаралгүй өдөр бүр жигд ажиллан амжилтад хүрч болдог. Өөрийн хөгжилд зориулах энэ нэг цагийг сахилга баттай, үр дүнтэй, алсын хараатай зарцуулах нь чухал. Өдөр бүрийн төлөвлөсөн нэг цагтаа анхаарлаа төвлөрүүлж, ямар ч орчинд төлөвлөсөн зүйлээ хий. Хоногийн 24 цагийн ганцхан цагийг нь өөрийнхөө хөгжилд зарцуулахыг уриалж байна. Үргэлж суралц, яарах хэрэггүй, шударгаар амжилтад хүр” гэсэн юм. Түүний энэ илтгэл өдөрт өчнөөн олон цагийг хөгжихөд зарцуулах мэт бодож, тийм олон цаг гардаггүй хэмээн гомдоллодог хэн бүхэнд нэгэн дохио өгсөн буй заа. Үүнээс гадна Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат, реппер Big Gee, англи хэлний багш, комедиан Н.Амаржин нар өөрсдийн зөв дадлаасаа хуваалцаж, үр өгөөжтэй, залууст урам зориг өгсөн, шударга ёсны үнэ цэнийг мэдрүүлсэн цахим чуулган өндөрлөв.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.18 БААСАН № 242 (6467)


Write comment