Хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулахаар боллоо /2010.07.27/

A- A A+
Хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулахаар боллоо /2010.07.27/
Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайд “Койнвол” ХХК хууль бусаар барилга барьж байгаа талаар иргэн С.Д гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газраас хяналт, шалгалтын ажил явууллаа.

Шалгалтаар Нийслэлийн Засаг дарга 2005 онд 470 дугаар захирамж гаргаж, 13-р дунд сургуулийн 22058 м2 газрыг биеийн тамирын талбайн зориулалтаар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгаж, баталгаажуулж өгсөн нь тогтоогдож байна. Түүнчлэн, 2008 онд мөн Нийслэлийн Засаг дарга 464 дүгээр захирамж гаргаж, 13 дугаар сургуульд биеийн тамирын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн газраас 6591 м2 газрыг “Койнвол” ХХК-д таван жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь тогтоогдлоо.

Нийслэлийн Засаг даргын 2008 онд гаргасан 464 дүгээр захирамж нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт , Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 150 дугаар захирамж зэрэг хууль тогтоомжуудыг зөрчиж буй юм.

Тиймээс нийслэлийн Засаг даргын 464 дүгээр захирамжаар Койнвол” ХХК-д эзэмшүүлсэн 0203954 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандлаа.

Мөн хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, дахин ийм хууль бус үйлдэл гаргуулахгүйн тулд Газрын албаны албан тушаалтнуудыг хуулийн дагуу ажиллуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргаас хүслээ.

Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нийслэлийн Баянгол дүүргийн иргэн С.Д-д хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандсаны дагуу Засаг дарга дээрх хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгохоор ажиллаж байгаа талаар хариу өглөө.

Дашрамд дурьдахад, төрийн албан хаагч хүнд суртал гаргасан, үндэслэлгүй төлбөр хураамж нэхсөн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэх зэрэг төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хуулийн хугацаанд хяналт шалгалт явуулан, иргэдэд хариуг нь өгч ажилладаг юм.