Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхэд ганцхан хоног үлдлээ /2011.02.14/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхэд ганцхан хоног үлдлээ /2011.02.14/
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ идэвхтэй бүртгүүлж байна.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц 96 хувьтай байна. Өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр хөрөнгө, орлогоо мэдүүлэхээ мэдэгдсэн бол Ерөнхий сайд хоёрдугаар сарын 11-нд хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг. Энэ дагуу мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой юм. Дашрамд мэдээлэхэд, хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд ганцхан хоног үлдээд байна. Мэдүүлэг гаргагч хугацаандаа хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулсан болон санаатай худал мэдүүлэх, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулах нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир мэдүүлгээ хуулийн хугацаанд, үнэн зөв гаргахад мэдүүлэг гаргагчид анхаарах нь зүйтэй юм.

Түүнчлэн, хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах шаардлагатай юм. Хэрэв хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг заагаагүй буюу хэрхэн олсон талаараа тайлбарлаагүй бол хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болдог.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт бөглөхтэй холбоотой болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад заавар, зөвлөгөө хэрэгтэй байгаа бол мэдүүлэг гаргагчид Авлигатай тэмцэх газрын 70112468, 70112469 дугаарын утсанд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авч болно. Мөн Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб хуудаснаас хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хэрхэн алдаагүй бөглөх талаарх гарын авлагатай танилцах боломжтой.