Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг хуралдав /2011.02.25/

A- A A+
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг хуралдав /2011.02.25/
Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын 2010 оны 18 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Баттөр нарын гишүүд оролцож, 2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнд суурилан “Авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөр /стратеги/”-ийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулахаар болов. Одоогийн байдлаар Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн хэрэгжилтэд шалгалт хийж үр дүнг олон нийтэд мэдээлж байхыг ажлын хэсгийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг цаашид улсын хэмжээнд бүх төрийн байгууллага баталж, тухайн төлөвлөгөөгөө жилд нэгээс доошгүй удаа өөрсдөө үнэлж байх, авлигын нөхцөл байдал, авлигын индексийг олон нийтэд өргөн хүртээмжтэй мэдээлэхийг төрийн байгууллагуудын удирдлагад чиглэл болгохоор тогтлоо.

Хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд нь мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн төрийн албан хаагчдад хатуу хариуцлага тооцож байх талаар хамтарсан ажлын хэсгийн гишүүд ярилцав. Хэрвээ төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол ямар нэгэн тайлбаргүйгээр хариуцлага тооцох талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран зохих механизмыг бүрдүүлэн ажиллахаар ажлын хэсгийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.