Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.15-19/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.15-19/

Олборлох салбарын ил тод байдлын санаачилга: Шүүмжлэл болон шийдвэрлэх тухай саналууд.

Байгалийн нөөц буюу олборлох болон уул уурхайн салбарт авлига их нүүрлэдэг. Ашигт малтмалын салбарыг ихэнх улс оронд улс төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой цөөхөн хэдэн баячууд хянаж, ард иргэд энэхүү баялгийн үр шимийг хүртэж чадахгүй, бусад салбарын өсөлт зэрэг нь удааширч байдаг тул “баялгийн хараал” хүртлээ гэдэг. Ашигт малтмалын салбар дахь авлигтай тэмцэх стратегийн нэг нь ил тод байдлыг нэмэгдүүлэх явдал юм. Энэхүү стратегийн нөлөөгөөр эрх зүйн хувьд, тухайлбал, ил тод байдлыг хангах хууль батлах зэргээр зарим нэг амжилтад хүрсэн ч хамгийн гол нь сайн дурын санаачилга чухал юм. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын гишүүнд улс орон, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн төлөөлөл, хөрөнгө оруулагч нар багтаж байна. Хэдийгээр гишүүнчлэл нь сайн дурынх ч гэсэн гишүүд нь зөвлөлийн тогтоосон журмыг дагаж мөрдөх ёстой аж. Аж ахуйн нэгжүүдийн хувьд гишүүн орнуудад олборлох салбарт хийж буй гэрээ хэлцлийн үнийн дүн, олж буй ашиг орлого болон үндэсний төсөвт хэдий хэмжээний мөнгө төлж байгаа зэргийг нээлттэй байлгах үүрэг хүлээдэг байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга 2002 онд байгуулагдсанаас хойш зарим нэг амжилтад хүрсэн, тухайлбал, олборлох компаниуд Нигерийн Засгийн газарт 8.3 тэрбум ам. долларын хэмжээний татварын өртэй ба энэ нь боловсролын салбартаа 3 жил зарцуулсан хөрөнгөтэй дүйцэж байна. Хэдийгээр зарим нэг амжилт харагдаж байгаа ч Олборлох салбарын ил тод байдлын санаачилгад 3 том дутагдалтай тал байна. Үүнд: Хэдийгээр хичнээн хэмжээний ашиг орлого ашигт малтмалын салбараас олж байгааг олон нийтэд зарлаж байхыг шаардаж байгаа ч энэхүү ашиг орлогыг хэрхэн, яаж зарцуулж буйг улс орнууд нээлттэй байлгах үүрэг хүлээдэггүй байна. Хоёрдугаарт, гишүүнчлэл нь хязгаарлагдмал байна. Гуравдугаарт, ил тод байхыг шаарддаг ч дан ганц ил тод байх нь хангалттай бус байгааг дурдах хэрэгтэй. 

Эх сурвалж

Засгийн газраас явуулж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь төрийн өндөр албан тушаалтнуудыг амь насаа егүүтгэхэд хүргэж байна.

Нэг сая гаруй оршин суугчидтай Сяогань хотын орлогч дарга асан Ли Хайхуйд энэхүү өндөрлөгт хүрэхэд хэдэн арван жил шаардагдсан бол амиа егүүтгэхэд хэдхэн хором л болов. Тэрээр цагдаагийн байгууллагын мэдэгдэж байгаагаар өглөөний 9 цагийн орчимд Сяогань хотын захиргааны байрны 11 давхраас унаж нас барсан байна. Ли нь хөдөө аж ахуйн хэлтсээр дамжин хотын тэргүүлэгчдийн хурлын дарга болсон ба Коммунист намын гишүүнчлэл нь түүний эрх мэдлийг улам тэлсэн юм. Түүний үхэл нь сүүлийн саруудад амиа егүүтгэсэн төрийн албан хаагчдын тоог нэмэв. Үүнийг хэдэн арван жилд гараагүй Си Зиньпины өнгөрсөн жилээс эхлүүлсэн нэлээд хатуу чанга авлигын эсрэг бодлоготой холбоотой хэмээн судлаачид таамаглаж байна. Одоогийн байдлаар энэ жил 30 төрийн албан хаагч амиа егүүтгээд байна. Үүний өмнө Хөх хотын Коммунист намын нарийн бичгийн орлогч дарга цусаа ханаж нас барсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Энэ оны эхний хагас жилд 32 төрийн албан тушаалтныг авлигын хэрэгт шалган шийтгэл ногдуулсан байна. Гон-Конгын судлаачдын үзэж байгаагаар хэдийгээр мэдээлэл хангалтгүй байгаа ч төрийн дунд шатны албан хаагчдын амиа егүүтгэх явдал нийт амиа бүрэлгэгчдээс 30 хувиар өндөр байна. Шанхай хотын Зүүн Хятадын их сургуулийн судлаач Ци Хингфагийн үзэж байгаагаар “ихэнх төрийн албан тушаалтнууд авлигын ямар нэгэн асуудалд оролцож байсан. Тэд өглөө сонинд хэргийн талаар уншиж болох ч өдөр нь баривчлаад явж болно. Энэ чинь аймшигтай, хүмүүс орой болохыг үзэх эсэх нь тодорхойгүй” аж.

Эх сурвалж

Цэргийн тоомохон албан тушаалтан асан авлигын хэрэгт буруутгагдав.

Тайванийн Тагнуулын байгууллагын удирдагч асан дэслэгч-генерал Шен Ши Цы Авлигатай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдав. Үндэсний Батлан хамгаалан яамны төсвөөс 2.13 сая ам доллар шамшигдуулсан хэрэгт Тапэйн дүүргийн прокурорын газраас мэдэгдсэн байна. Цы нь 2006 оноос 2008 оны хооронд яамны харьяа Тагнуулын газрын удирдаж байсан аж. Улсын яллагдагчдын мэдэгдэж байгаагаар яамны эзэмшиж байсан Тайванийг бүхэлд нь хамарч байгаа 12 богино долгионы радио сүлжээг эзэмшигч Ченгшен Бродкастин группын (Chengsheng Broadcasting Corp) хувьцааг 75-ыг харьцах нь 43 харьцаатайгаар “хандивлах” гэрээг Цы өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хууль бус ашиг олсон хэрэгт буруутгасан байна. “Хандиваа” Хан ру гэх хувийн санруу шилжүүлсэн гэх ба сангийн удирдах зөвлөлд цэргээс халагдсан өөрийн хамтрагчдыг тавьсан байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар яамны мэдлийн хувьцааны хувь хэмжээнээс гадна жил бүр авах хувьцааны ногдол ашиг багтах байсан ба хувьцааны ногдол ашиг нь 30 сая тайвань доллар аж. Энэ мөнгө нь Батлан хамгаалах яамны дансанд орохын оронд хувийн санд орсон ба үүгээрээ Үндэсний өмчийн хууль, Засгийн газрын сангийн тухай хууль болон Үндэсний сангийн тухай хууль зэргийг зөрчсөн байна. 

Эх сурвалж

Ази-Номхон далайн орнууд мөнгө угаах чиглэлээр нэг алхмаар урагшлав.

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны бүлэг нь Зүүн өмнөд азийн орнуудын бүлгийг, үүн дотор Лаос, Камбож, Мянмар зэрэг улсыг мөнгө угаах, зэрлэг ан амьтны хулгайтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна хэмээн буруушаав. Эдгээр гурван улс нь АПЕК-ийн гишүүн улс биш юм. АПЕК нь 21 гишүүн улсаас бүрдэх ба үүнд: Филипин, Австрали, Бруней Дарусалам, Канад, Индонези, Япон, Өмнөд Солонгос, Малайзи, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд, АНУ, Тайвань, Гон-Конг, БНХАУ, Мексик, Папуа Шинэ Гвиней, Чили, Перу, ОХУ болон Вьетнам ордог байна. Хэдийгээр АПЕК-ийн гишүүн бус ч гэсэн Лаос, Камбож, Мянмар улс нь мөнгө угаахтай тэмцэх юм бол “илүү ихийг” хожих байсан ба гол зорилго бол эдгээр гишүүн бус орнуудыг үйл ажиллагаанд илүү идэхтэй оролцоог нэмэгдүүлэх явдал юм хэмээн АНУ-ын АПЕК-ийн ахлах төлөөлөгч Роберт Ванг Мягмар гаригт мэдэгдэв. Өнгөрсөн жил болсон Зүүн өмнөд азийн орнуудын Үндэстэн дамнасан гэмт хэргийн чиглэлээрх Удирдах албан тушаалтнуудын 13 дахь удаагийн уулзалтын үеэр Зүүн өмнөд азийн орнуудад мөнгө угаах болон кибер гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа талаар Вьетнамын Олон нийтийн аюулгүй байдлын яамны дэд сайд Ле Куй Вуонг анхааруулсан юм. Тэрээр “Бид хамтарч ажиллах шаардлагатай байна. Хэдийгээр мөнгө угаах асуудал Вьетнамд шинэ гэмт хэрэг хэдий ч сэжигтэй банкны гүйлгээ 650 бүртгэгдсэнээс 22 гүйлгээг сайтар хяналт шалтгалт хийсэн байна. Мянмар Улс энэ оны гуравдугаар сард Мөнгө угаах тухай хуулийг баталсан байна. 2015 онд болох АПЕК-ийн гишүүн орнуудын уулзалтыг Филиппин Улсад хийхээр болоод байгаа аж. 21 улс, газар нутаг орж буй АПЕК нь анх 1989 онд байгуулагдсан ба чөлөөт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага юм. Азийн ихэнхи улсад өөр нэг тулгарч буй асуудал нь зэрлэг ан амьтны хулгайн ан агнуур болон худалдаа юм. Энэ нь зарим амьтдыг үхлийн ирмэгт хүргээд байна.

Эх сурвалж

Индонезийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Видодо авлигын эсрэг хуулийг шинэчлэх хүсэлтэй байна.

Дэлхийн хамгийн авлигад автсан орнуудын нэг Индонези Улсын ерөнхийлөгч Жоко Видодо олон нийтийн оролцоог төдийлөн хангаагүйгээр батлагдсан хууль тогтоогч нарын авлига, хээл хахуулийн асуудалд холбогдвол шалгах асуудлыг шаардлагатай хэмжээнд зохицуулж чадаагүй хуулийг хүчингүй болгохоор хөөцөлдөж байна хэмээн зөвлөх нь зарлав. Парламентын гишүүдийг шалгахад зайлшгүй парламентын тусгай хорооноос зөвшөөрөл авах тухай заасан хуулийг иргэний нийгмийхэн ч эсэргүүцэж байгаа аж. Индонезийн олон арван хүн Парламентыг авлигад ихээхэн автсан гэж үздэг ба тус хуулийг хүчингүй болгоно гэж итгэж байгаагаа Ерөнхийлөгчийн ажлын хэсгийн Хасто Кристианто илэрхийлэв. Хуулийг ерөнхийлөгч шинээр сонгогдохын өмнө буюу 7 дугаар сарын 8-нд баталсан юм. Хуулийг Ерөнхийлөгч асан Сусило Батбанг Юдхоёоно гарын үсэг зуран баталсан ба түүний хүү 10 дугаар сарын 1-ээс ажиллах шинэ Парламентын гишүүн болох аж. Юдхоёоногийн тэргүүлж буй намын гишүүд хэд хэдэн авлигын хэрэгт холбогдоод байгаа аж. Үүн дотор айлган сүрдүүлсэн, 841000 америк долларын хэмжээтэй мөнгө нэхэмжилсэн гэх хэрэгт Эрчим хүчний сайд Жеро Васик холбогдоод байна. Энэхүү хуулиар Парламентын гишүүнийг шалгах гэж буй ямар ч хууль хяналтын байгууллага парламентын тусгай хорооноос хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор бичгээр зөвшөөрөл авч байж шалгах ёстой. “Ийм тусгай хороо нь парламентын гишүүдийг хамгаалах ёстой болно. Тус хууль нь авлигатай тэмцэх явдлаас ухарч буй юм” хэмээн Ардчилсан намын гишүүн тус хуулийг батлах эсэх талаар санал хураалтыг хаяж гарсан Ева Сундари мэдэгдсэн байна.

Эх сурвалж

Азийн орнуудад инновацийг урагшлуулах шинэ үйлдвэрлэлийн бүтээмжийн индекс боловсруулагджээ.

Азийн хөгжлийн банкнаас боловсруулсан Үйлдвэрлэлийн бүтээмжийн индексээр Ази, Номхон далайд Япон болон Өмнөд Солонгос Улсыг шинэ санал, санаачилгыг бодитоор бүтээж чадах хамгийн үр ашигтай улс хэмээн эрэмбэлсэн байна. Харин эсрэгээр Мянмар, Пакистан, Камбож Улсыг хамгийн үр ашиг муутай гэжээ. Үйлдвэрлэлийн бүтээмжийн индекс нь инновацитай холбоотой одоогийн байгаа индексүүдээс бүтээмжийн түвшинг хэмжихээс илүүтэйгээр шинэ санал санаачилгыг хэрхэн үр ашигтайгаар бүтээмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгааг харах гэсэн оролдлого аж. Энэ нь улс орнуудад үр ашигтай хөрөнгө оруулалтыг олж илрүүлэхэд тус дөхөм болох юм.Түүнчлэн хөдөө аж ахуйн инновацийг хамруулж байгаагаар онцлогтой байна. Индексийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх оролтын 36 үзүүлэлт, гаралтын 8 үзүүлэлт ашиглан тооцдог байна. Үүнд: тухайн улс хичнээн нэрд гарсан их дээд сургуультай, хотжилтын зардал, шинэ судалгаа, шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө, төсөв, оюуны өмчийг хэрхэн хамгаалж буй байдал, авлига, хүнд суртал гэх мэт. Оролтын үзүүлэлтээр Сингапур тэргүүлж байгаа бол гаралтын үзүүлэлтээр Гон-Конг, БНХАУ тэргүүлж байна.

Эх сурвалж

Хууль дээдлэх явдал Филиппинд төдийлөн хэрэгжихгүй байна.

Жил бүрийн судалгаа болох Хууль дээдлэх ёсны 2014 оны индексээр Филипин Улс таруухан үнэлгээ авлаа. Тэрээр 1 гэсэн үнэлгээ авахаас 0.5 авсан байна. Энэ нь 50 хувь гэсэн үг юм. Бүс нутагтаа бид 15 орноос 11-р байранд жагссан нь бүр Монголын ард орж Вьетнам, БНХАУ, Камбож гэсэн улстай хамт байна. Бид дундаж орлоготой бүлэг 24 улсын 8-д, харин дэлхийн хэмжээнд судалгаанд хамрагдсан 99 орноос 60-д байна. Улс бүр хуулийг дагаж мөрдөж байгааг тооцоход хэцүү байдаг тул Хууль дээдлэх ёсны индексийн судалгаа нь хуулиуд нийгэмдээ юу нээж өгч байгаагаар нь буюу хариуцлагатай байдал, үндсэн эрх чөлөөг дээдлэх байдал зэргээр үздэг байна. Ингэхдээ хуулийн үндсэн 4 зарчимд үндэслэдэг: Төр, төрийн албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлагатай байдлыг хангадаг эсэх; хууль, дүрэм журам нь тодорхой, тогтвортой, шударга байдлыг хангасан, ялгаварлахгүй үндсэн эрх чөлөө, хэм хэмжээг хангасан эсэх; хууль, дүрэм, журмыг тогтоож буй үйл явц нь өөрөө ил тод, нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй эсэх; хууль ёс нь хангалттай нөөц боломжтой, ёс зүйтэй, хараат бус төлөөлөгчдөөр иргэд, олон нийтэд хүрдэг эсэх юм. Хууль дээдлэх ёсны индекс судалгааг 99 улсад явуулсан ба судалгаанд хамрагдсдаас хууль хэрэгжих явдлыг 8 хүчин зүйлээр асуусан байна. Үүнд: засгийн газрын эрх мэдлийн хязгаарлалт өөрөөр хэлбэл, Филиппин Улсад төрийн эрх мэдлийн хуваарилалтаар 59 хувийн үнэлгээ авчээ. Авлигагүй байх нөхцөлөөр 50 хувь, нээлттэй засаг үнэлгээгээр 45 хувь, үндсэн хэм хэмжээ хангагдсан эсэх 52 хувь, дэг журам, аюулгүй байдал 73 хувь, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт 46 хувь, захиргааны эрх зүйн хэм хэмжээ 40 хувь, эрүүгийн хэм хэмжээ мөрдөж буй байдал 36 хувь буюу хамгийн доод үнэлгээг тус тус авчээ. Судалгааны аргачлалаар улс бүрээс 300 шинжээчээс асуулгыг авч үнэлгээг гаргасан тул судалгааны үр дүн бодит байдалд нийцдэг гэж үздэг. Тухайлбал, эрүүгийн хэм хэмжээг мөрдөж буй байдал гэсэн манай хамгийн доод үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй гэх аргагүй юм. Учир нь тус улс дахь хуульчлагдаагүй аллагад хэн ч хариуцлага хүлээж үзээгүй билээ. Тус судалгаа нь Азийн сангийн санхүүжилтээр хийгдсэн Панено судалгааны үр дүнтэй нийцэж байна. Панено судалгаагаар хуульчлагдаагүй аллагад оногдуулж буй ял шийтгэл 1 хувьтай байна гэж гарсан. Түүнчлэн захиргааны хэм хэмжээг дагаж мөрдөх байдал тааруухан бодит байдалд нийцэж байна. Учир нь захиргааны иргэний хэргүүд шүүхэд он, жилээр үргэлжилдэг билээ. Бусад үнэлгээ ч бодит байдалд нийцэж байна. Харин гайхалтай нь бид дэг журам, аюулгүй байдал дээр 73 хувь авсан байна. Гэтэл эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал төдийлөн сайн бус, хүүхэд хулгайлах гэмт хэрэг нэлээд түгээмэл байхад судалгаанд оролцогчид ийм өндөр үнэлгээ өгчээ. Филипин Улсын талаарх тайландаа “идэвхтэй иргэний нийгэм, эрх чөлөөт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ба тэдгээр нь засгийн газрын эрх мэдлийг үр ашигтай хянах үүргийг гүйцэтгэдэг. Улс төрийн дарангуйлал болон иргэний дарангуйлал асуудал болдог. Хүний эрхийн үндсэн эрх чөлөөг хангах чиглэлээр дэлхийн хэмжээнд 67 дугаар байр эзэлсэн нь хүний амьд явах эрхийг хөндөх, хүний халдашгүй байдлыг алдагдуулах, цагдаагийн байгууллагын албан хаагчид эрх мэдлээ хэтрүүлэх явдал, үйл ажиллагааны зөрчлүүд ажиглагддаг. Захиргааны шүүхийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд 82 байр, бүс нутгийн хэмжээнд 15 улсаас 12 дугаар байр эзэлж байгаа нь хэм хэмжээг хэрэгжүүлэх механизм дутагдалтай, хэргүүдийн шийдвэрлэх хугацаа урт зэрэгтэй холбоотой юм.” хэмээн дурджээ. Индексээс гадна төрийн албан хаагчид өөрсдийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээдэггүй, баян ядуу, улс төрийн харилцаа холбоотойгоос шалтгаалан хууль, дүрэмж, журам тэгш хандаж үйлчилдэггүй, шударга бус шүүгчдээр хууль дүрэм нь хэрэгждэг гэж тайланд бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, ширэнгэн ойн хууль дүрэмд эргэн очиж байна.

Эх сурвалж

Фижид сонгуулийн хуулийг сахиж мөрдөхийг шаардсан байна.

Фижи Улсын Цагдаагийн байгууллагын дарга Бен Гроневалд 48 цагийн туршид Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхийг зарлан бие бүрэлдэхүүнд үүрэг өгсөн байна. “Бүх цагдаагийн албан хаагчид үүрэг даалгавар, чиглэл авсан байгаа. Тэд юу хийхээ мэдэж байгаагаас гадна ямар нэгэн байдлаар, хууль, дүрэм зөрчигчдөд хатуу арга хэмжээ авахаа мэдэж байгаа. Бид шударга, аюулгүй сонгууль явуулахад аюулгүй байдлыг хангаж ажиллана. Шаардлагатай нөхцөлд батлан хамгаалах салбараас туслалцаа авахад бэлэн байна. Иймд бид улс төрийн намууд, сонгуульд нэр дэвшигчид, хууль ёсны сонгогч нар, олон нийт иргэд хууль дүрмээ сахиж сонгуульдаа оролцохыг уриалж байна” хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж

Зүүн Тиморт хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж байна. 

Зүүн Тимор бие даасан хараат бус байдлаа 2002 онд олж авснаас хойш хамгийн их нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэмээн гайхуулж байв. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төсөв санхүүг шамшигдуулах, авлигад автах зэрэг төрийн албан хаагчид оролцсон нэлээд асуудалд хутгалдсан байна. Гэтэл энэхүү эрх чөлөөнд парламентын баталсан Хэвлэл мэдээллийн тухай хууль хэрэгжиж эхэлбэл төгсгөл ирэх нь. 

Хуулийн байгууллагууд, иргэний нийгмийхэн, сэтгүүлчдийн холбоо зэрэг нь хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Хэдийгээр хууль хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж байгаа хэдий ч тэрээр хэвлэлийг мөн хянах гэсэн оролдлого байгаа аж. Хууль дотоодын болон олон улсын сэтгүүлчдийг төрөөс санхүүжиж буй хэвлэлийн зөвлөлд бүртгэлтэй байхыг шаардаж байгаа юм. Хэвлэлийн зөвлөлүүд нь 5 гишүүнтэй байх ба үүнээс 2 нь парламентаас томилогдох ба зөвшөөрөл олгох, эгүүлэн хураах эрхтэй байх юм. Үүнээс гадна дотоодын сэтгүүлчид сэтгүүлч болохын тулд дор хаяж 6 сарын турш дадлага хийсэн байх ёстой гэж заажээ. Чөлөөт сэтгүүлч гэсэн ойлголт байхгүй, түүнчлэн энгийн иргэд мэдээлэл солилцох тухай (фэйсбуук) заагаагүй ба хэрэв зөрчвөл өндөр хэмжээний торгууль ногдуулах аж. 

Үүнээс гадна Хэвлэл мэдээллийн хуульд сэтгүүлчдийн эрх үүргийг тодорхой заагаагүй нь сэтгүүлчид засгийн газрыг шүүмжлэхэд хүнд болгож байна. Сэтгүүлчдийг бүртгэж, зөвшөөрөл олгох явдал нь ардчилсан бус нийгмийн ялгах онцлог байдаг юм хэмээн Хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын ази хариуцсан орлогч захирал Пхелим Кайн мэдэгдэв.

Хэдийгээр тус хуулийг 2013 онд парламент хэлэлцэн баталсан ч гэсэн Ерөнхийлөгч гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгоогүй хүлээгдэж байсан нь Еөрнхийлөгчийн зүгээс хүний эрхийг зөрчсөн асуудал байгаа эсэхийг судал гэсэн байжээ. Шүүхээс шалгаад хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэр гаргажээ. Шинжээч нарын дүгнэж байгаагаар хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол зарим нэг засвар оруулан парламент батална гэсэн дүгнэлтийг өгч байгаа аж.

Эх сурвалж