Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.18-26/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.18-26/

Нэг сая нийтийн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлснээс зөвхөн нэг хүн буруу мэдүүлснийхээ төлөө хариуцлага хүлээв.

1 mil public servants declare personal assets, only one penalized for dishonesty

9 дүгээр сарын 18. Ханой. Засгийн газрын Ерөнхий Хянан Байцаагчийн орлогч Тран Дук Луонг хэлэхдээ авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд ихэнхдээ хууль зүйн мэдлэг сайтай, хэлхээ холбоо сайтай төрийн өндөр албан тушаалтнууд байдаг учраас тэдний үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд нилээд хүндрэлтэй байна гэлээ. 

Иргэд, бизнес эрхлэгчдийг эрх мэдлээрээ айлган дарамталсан , шахан хавчиж хээл хахууль нэхэж авсан болон хүнд суртал гаргаж чирэгдүүлсэн олон тооны албан тушаалтнуудын талаар иргэдээс гомдол ирснийг Луонг дурджээ. Газар, зээл, банк, хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн харилцаан дахь авлига, үргүй зардал нь асар их хэмжээний хохирол учруулж, ард олны уур бухимдлыг төрүүлж байна гэв.

Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогыг мэдүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 онд 944,400 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Ердөө 5 хүний мэдүүлгийг нягтлан шалгасан бөгөөд нэг хүн буруу мэдүүлж хариуцлага хүлээжээ. 6 хүн мэдүүлгийн хугацаа хожимдуулж арга хэмжээ авахуулсан байна.

Дээрх тоо баримттай холбогдуулан Үндэсний Ассемблейн Хууль зүйн Байнгын хорооны дэд дарга Нгуиен Дин Куиен хэлэхдээ авлигыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогоо мэдүүлэх үйл ажиллагаа төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг хянах механизм дутагдалтай байгаагаас үр дүнд хүрэхгүй байна гэлээ. 

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын гэмт хэргийн талаарх тодорхойлолтыг илүү тодорхой болгох, оногдуулах ялыг нэмэгдүүлэх замаар Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн уялдаа холбоог сайжруулахыг Төрийн Хянан Шалгах Газар -аас Үндэсний Ассемблейд санал болгов.

Засгийн газраас 2014 онд авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг саяхан Үндэсний Ассемблейн Хууль зүйн байнгын хороогоор авч хэлэлцэв. Илтгэлд дурдсанаар төрийн хяналтын байгууллагууд 6877 удаа захиргааны хяналт шалгалт, 150,932 удаа нарийвчилсан хяналт шалгалт явуулснаар 31.5 их наяд донг (1.48 тэрбум ам.доллар ) орчим хэмжээтэй зөрчил илрүүлжээ. 

Хяналтын байгууллагууд ойролцоогоор 30 их наяд донг (1.14 тэрбум ам.доллар ) болон 2689 гектар газрыг төрийн санд эргүүлэн хураан авахаар төлөвлөөд байгаагийн дээр 4.5 их наяд донг болон 1050 гектар газартай холбоотой зөрчлийг хянан шалгаж дуусаагүй байна. 

Дээр дурдсан зөрчлүүдэд нийтдээ 1552 бүлэг, бүлэглэл болон 2753 хүнийг холбогдуулан хариуцлага хүлээлгэхээр төлөвлөж байгаа ажээ.

Төрийн байгууллагууд иргэдээс ирсэн 373,975 гомдлыг хянан үзсэн бөгөөд тэдгээрт нийтдээ 854.9 их наяд донг болон 81.3 гектар газрыг төрийн санд болон иргэдэд буцаан эзэмшүүлэх хүсэлт гаргасан байна. 764 зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэж, 102 хүнд холбогдох 25 асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн талаар Засгийн газрын илтгэлд дурджээ. 

Эх сурвалж

Орос дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт 

Anti-Corruption Compliance in Russia: A way forward

9 дүгээр сарын 19. Москва. Оросын хувийн хэвшлийн хувьд авлигыг зогсоох, авлигын эсрэг үйл ажиллагааг боловсронгуй болгох явдал улам л ноцтой асуудал болоод байна. 

Саяхан Транспаренси Интернэшнл байгууллагын Орос дахь салбар “Оросын хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны тайлан болон авлигын эсрэг үйл ажиллагааны бодлогын ил тод байдал: Хуулийг сахин биелүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” нэртэй тайланг хэвлүүллээ. Тайлангийн зорилго нь дунд хэмжээний компаниуд дахь хуулийг сахин биелүүлэх бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх явдал юм.

Тайланд Форбс сэтгүүлээс гаргасан Оросын Холбооны Улсын 2013 оны хамгийн том компаниудын жагсаалт -д багтсан Оросын 50 компани болон холдингийн цахим хуудас болон албан ёсны бичиг баримтуудыг судалсан судалгааны дүнг тусгасан байна. 

Оросын Холбооны Улсын Засгийн газар болон хувийн компаниудын аль аль нь бизнесийг хууль журамд нийцүүлэн эрхлэх тал дээр идэвх сонирхолгүй байгааг судалгааны дүн илтгэн харуулж байна. 

Компаниуд өөрийн хувь эзэмшигчид болон удирдлагын талаар нийтэд ил тод мэдээлэх, худалдан авалтын үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх, хууль дүрмийг сахин биелүүлэхтэй холбоотой бодлогоо боловсронгуй болгож, хэрэгжүүлэх, “шүгэл үлээгчид ”-ийг хамгаалах шаардлагатай байгааг тайланд дурджээ. Түүнчлэн эдгээр үйл ажиллагаа нь засгийн газрын үйл ажиллагаанд нийцэж байхаас гадна засгийн газар хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлагатай гэжээ. Авлигын зөрчил бүрт хариуцлага хүлээлгэж байх зохицуулалтыг хуульд нэмж оруулах шаардлагатай байгааг тайланд мөн тусгажээ. 

Эх сурвалж

Эцэг эх нь 100 рупи хахуульд өгч чадаагүйн улмаас Бихар мужийн улсын эмнэлэгт 9 настай хүү нас баржээ.

Bihar boy dies in hospital over unpaid Rs100 bribe

9 дүгээр сарын 19. Патна. Бихар мужийн улсын эмнэлэгт 9 настай хүү хүнлэг бус авирын золиос болж амиа алджээ. Гэрийнхэн нь 100 рупигийн хахууль өгч чадаагүй тул түүнд хүчилтөрөгчийн хоосон сав залгасан ажээ. 

Энэ хэрэг явдал лхагва гаригийн орой Патна хотын Анагаах Ухааны Коллеж ба Эмнэлэг дээр болсон боловч баасан гариг хүргэж байж цагдаад мэдэгдсэн байна. 

Рауша Кумар хүү цусны халдвар авч биеийн байдал муудсан учир мягмар гаригт ПАУКЭ-ийн хүүхдийн тасагт хүргэгдэн иржээ. Үзлэг хийсэн эмч түүнийг хүчилтөрөгчээр байнга амьсгалуулах заавар өгсний дагуу хүчилтөрөгчийн баллон залгасан байна. Дараагийн өдөр нь хүчилтөрөгч бараг дууссан тул хүүгийн гэрийнхэн нь баллоныг солиулахаар эмнэлгийн ажилтнуудад ханджээ. Гэвч хариуцсан ажилтан болох Субхаш Прасад тулд эцэг эхээс нь 100 рупи нэхсэн байна. Тэднийг төлж чадахгүй гэхийг сонсоод уур нь хүрсэн Прасад хүүд хоосон баллон залгасан бөгөөд хүү удалгүй амьсгал нь бүтэж нас баржээ. 

Гэм буруутай этгээд зугтаж алга болсон бөгөөд эмнэлгийн захиргаа холбогдох шалгалтыг явуулж байгаагаас гадна эмнэлгийн ажилтнуудад ямар нэг төлбөр төлөхгүй байх талаар анхааруулж том хэмжээний сануулга байрлуулсан байна. 

Эх сурвалж

Сангийн Яамны авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээ түүхэн дэх хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. 

DOF’s corruption crackdown highest in history

9 дүгээр сарын 22. Манила (Эй Би Эс- Си Би Эн Ньюс ). Филиппиний Сангийн Яамны Төсвийн Зохистой Байдлыг Хангах Алба байгуулагдсанаасаа хойшхи 11 жилийн хугацаанд энэ жил хамгийн өндөр амжилттай ажиллалаа.

2014 оны эхний 8 сард тус алба зөрчил гаргасан 13 төрийн албан тушаалтантай холбоотой шийдвэрийг амжилттай гаргасан бөгөөд өнгөрсөн жилийн мөн үед нийт 6 шийдвэр гаргаж байжээ. “Шийдвэрийг амжилттай гаргах” гэдгийг асуудал тус албаны талд шийдэгдсэн гэсэн утгаар хэрэглэж байгаа ажээ. Үүнд буруутай албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулсан, зайлуулсан, торгосон, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зэрэг шийдвэр багтаж байна. 

Нийт 13 шийдвэрийн 6-д нь албан тушаалтныг халах арга хэмжээ авсан байна. 2003 оноос 2013 оны хооронд жилд дунджаар нэг албан тушаалтныг л албан тушаалаас нь зайлуулж байжээ. 

2013 онд нийт 58 мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бол 2014 оны 8 сарын байдлаар нийт 85 мөрдөн байцаалт явуулсан нь 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж

Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү их эрх мэдэл хэрэгтэй гэж Ерөнхий аудитор үзэж байна. 

Auditor-general wants more powers to prevent corruption

9 дүгээр сарын 23. Монреал. Хотын захиргааны үйл ажиллагааг авлигаас ангид байлгахын тулд хотын аудитын байгууллагад илүү их эрх мэдэл шаардлагатай гэж Монреал хотын Ерөнхий аудитор хэллээ. 

Мягмар гаригт болсон Шарбонногийн комисс -ын сонсгол дээр Ерөнхий аудитор Жак Бержерон тайлбар өгсөн бөгөөд тэрээр нэг талаас хотын захиргааны албан тушаалтнууд гэрээгээр ажил гүйцэтгэж буй компаниудын тусын тулд шаардлагагүй зардлуудыг төсөвлөж байсан, нөгөө талаас барилгын компаниуд өнгөн дээрээ шударга байдлаар өрсөлдөн тендер авцгааж байгаа дүр үзүүлж байсан боловч үнэн хэрэгтээ гэрээг хувааж авч байсан нь илрүүлэхэд хэцүү, маш боловсронгуй луйврын тогтолцоо бөгөөд авлига юм гэлээ. 

Цаашдаа ийм нөхцөл байдал үүсгэхгүй тулд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг эрхийг аудитын газар эдлэх шаардлагатай гэв. Түүнчлэн “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох, хотын захиргааны албан тушаалтнуудыг сургалтад хамруулж, цаашид ийм төрлийн луйвраас сэрэмжлэх, илрүүлэх чадвартай болгох, “халхавч” компаниуд -ыг илрүүлэх тогтолцоог бий болгох зэрэг саналыг Ерөнхий аудитор хэлэлцүүлэг дээр сонордуулав. 

Эх сурвалж

Гонконгийн төрийн нарийн бичгийн дарга асан Бээжингээс хээл хахууль авч байснаа хүлээлээ.

Former Hong Kong chief secretary says he accepted secret payoff from Beijing

9 дүгээр сарын 23. Гонконг (Ройтерс). Гонконгийн төрийн өндөр албан тушаалтан асан мягмар гаригт шүүхэд мэдүүлэг өгөх үеэрээ 2007 онд Бээжингээс 11 сая гонконг доллар (1.4 сая ам.доллар)-ыг нэгэн бизнесменээр дамжуулан нууцаар авсан гэдгээ хүлээсэн болохыг орон нутгийн хэвлэлд мэдээллээ. 

Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох Гонконгийн төрийн нарийн бичгийн дарга байсан Рафаэл Хуй энэ улсын түүхэн дэх хамгийн том авлигын хэргүүдийн нэгэн дээр яллагдагчаар татагдан мэдүүлэг өгч байсан юм. Энэ нь Азийн хамгийн том девелопер компани болох Сун Хунг Кай Пропертиз Лимитед -ийг хамтран эзэмшигч тэрбумтан Томас Квок, Раймонд Квок нарт засгийн газрын хөнгөлөлт эдлүүлээр амлан тэднээс “нууцлагдсан бөгөөд халхавчлагдсан” хээл хахууль авсан хэрэг юм. Хуйгийн мэдүүлгээс шалтгаалан хэргийн хүрээ улам тэлж Гонконгын нутаг дэвсгэрээс хальж гарав. Түүнчлэн Гонконг болон эх газрын Хятадын төрийн албан тушаалтнуудын хэлхээ холбооны талаар шинэ асуудал үүсгэж байна. 

Гонконгийн төрийн албаны хамгийн өндөр албан тушаалыг 2005 оноос 2007 онд хашиж байсан Рафаэл Хуй нийтдээ 37 сая гонконг доллар (4.77 сая ам.доллар) орчим хэмжээтэй хээл хахуулийг удаа дараа төлбөр болон зээл хэлбэрээр авч байжээ. 

Эх сурвалж

Узбекистаны удирдагчийн охин авлигад холбогдов.

Uzbekistan leader’s daughter probed for corruption

9 дүгээр сарын 24. Москва. Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов -ын том охин Гулнара Каримова -г гэрийн хорионд оруулж, авлига болон бусад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар тус улсын прокурорууд лхагва гаригт мэдээлэв. 

Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний байр сууриа поп од, загвар зохион бүтээгч, түүнчлэн хэд хэдэн буяны сангийн тэргүүн болоход ашиглаж чадсан Гульнара Каримова нэг үе өөрийн эцгийн залгамжлагчаар нэрлэгдэж байсан юм. Гэвч тэрээр албан тушаалтнууд болон өөрийн гэр бүлийн гишүүдийг Твиттерээр шүүмжилснээр өөрийгөө аюултай байдалд оруулжээ. 

“Г.И.Каримова болон бусад хүмүүс эрүүгийн гэмт хэрэгт татагдаад байгаа” гэж Ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн бөгөөд түүний нэрний эхний үсгүүд -ийг дурдах нь ховор тохиолдол байдаг юм. Каримоваг 16 настай охин Иман -ых нь хамт гэрийн хорионд оруулсан бөгөөд Иманы хувьд гэрээсээ хэзээ ч гарах эрхтэй гэж прокурорууд мэдэгдэж байна. 

Өнгөрөгч долдугаар сард Каримовагийн хэдэн арван хамсаатныг цэргийн шүүх -ээр оруулж тус бүрд нь олон жилийн хорих ял оноосон бөгөөд тэдний дотор Каримоватай олон жил үерхсэн гэж яригддаг Рустам Мадумаров багтаж байна. Тэднийг залилан , хууль бус валютын наймаа , мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт ялласан байна.

Мадумаров болон бусад этгээдэд шинээр төрийн өмчийн үнийг зохиомлоор бууруулж хувьдаа авсан, тонон дээрэмдсэн, ашиглан шамшигдуулсан, мөн түүнчлэн санхүүгийн болон эдийн засгийн луйвар хийж Узбекистан улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял тулгаж байгаа бөгөөд хэд хоногийн дараа шүүхэд шилжүүлнэ гэж Ерөнхий прокурорын газраас мэдэгдэв.

Узбекстан улс 457 тэрбум сом (200 сая америк доллар, 150 сая евро)-ын хэмжээтэй хөрөнгийг хураан авсан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжлэн явагдаж байна гэв. 

Эх сурвалж