Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.04-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.04-10/

Азийн хөгжлийн банк: Сул засаглал, авлига хөгжлийг зогсооно.

Бүс нутгийн томоохон хөгжлийн байгууллага болох Азийн хөгжлийн банкнаас азийн орнуудын хөгжил дэвшилд хүрэх замд тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн бодлогын иж бүрдэл болох засаглалын реформын чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Азийн хөгжлийн банкны мэдэгдэлд бүс нутгийн тогтвортой хөгжилд орлогын тэгш бус байдал, хүрээлэн буй орчны доройтол зэрэг асуудал нөлөөлж байгаагаас гадна засаглалын сул байдал нэрвээд байна гэжээ. Хөгжилд саад тотгор учруулж буй асуудлуудад авлига, удирдлагын үр ашиггүй байдал, дэд бүтцийн дутмаг байдал гээд “бүс нутгийн эдийн засгийн гүйцэтгэлд засаглалын гүйцэтгэл тохирохгүй байна” хэмээн АХБ-наас хийсэн судалгааны үр дүн харуулж байна. Эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулах асуудлаар Ази тив ахицтай байгаа боловч засаглалын түвшингөөр дэлхийн хэмжээнд доогуур явна. 

Эх сурвалж

Хил дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх шинэ төслийг Белингкат ((Bellingcat) Белингкат гэдэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сайт юм.) эхлүүлэв.

Белингкат цахим хуудас нь “Лондонгийн Хакерууд” цахим хуудас болон Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх төсөлтэй хамтран хил дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх шинэ төслийг эхлүүлэв. Энэхүү төсөл сэтгүүлч, судлаач, мөрдөн байцаагч нарын хооронд нээлттэй эх сурвалжийн мэдээлэл болон мөрдөн шалгахад шаардлагатай арга хэрэгслүүдийн талаарх мэдээллийг солилцох уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах замаар хэрэгжих юм. “Мэргэжлийн ур чадвар, арга хэрэгслийг зааж өгснөөр тэд өөрсдийн төслийг хэрэгжүүлэхдээ ашиглах боломжтой болох юм” хэмээн Белингкат төслийг санаачлагч, Сирийн асуудлын үеэр зэр зэвсгийн талаар блог нээж ажиллуулж байсан Браун Мосс хэлэв. Энэхүү төсөлд, тухайлбал, Эрэн сурвалжлах товчооны гишүүд “Файнэнсиал Таймс (Financial Times)” сонины сурвалжлагчид Питер Жукс, Крис Брэйс, Оз Катержи нар оролцож байна. Эрэн сурвалжлах эхний асуудал нь Зүүн Европоос Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр угаагдсан мөнгөний асуудлыг авч үзэх юм. Оролцогчид мэдээллийн эх сурвалжуудтай ажиллаж сурах юм. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх төслийн эрэн сурвалжлах арга хэрэгслүүдтэй танилцан ашиглаж сурна. Үүнд: хил дамнасан асуудлуудыг эрэн сурвалжилж буй тул дэлхий дахины бизнес регистрийн мэдээллийг хэрхэн шүүх гэх мэт багтана. Бусад эх сурвалжуудад, жишээ нь, нээлттэй байдаг шүүхийн тогтоолууд орно. Энэхүү төслийн зорилго нь мэдээллийн ил, нээлттэй эх сурвалжуудын мэдээллийг хэрхэн олж болох, хэрхэн эдгээр мэдээллийг нэгтгэж үзэх зэргийг хүмүүст тайлбарлан өгөх юм. 

Эх сурвалж

Засгийн газрын тухай бодоход л авлига гэсэн үг малайзчуудын толгойд буудаг хэмээн судалгааны үр дүн харуулав.

Засгийн газрын тухай яриа үүсгэхэд ихэнх малайзчуудын толгойд авлига, харин корпорациудын тухай асуувал ашиг гэдэг үг орж ирдэг хэмээн судалгааны үр дүн харуулав. СиНБСи (CNBC), Барсон Марстеллер (Burson-Marsteller) нарын зохион байгуулж явуулсан Корпорацийн төсөөллийн 2014 оны судалгаанд Малайзаас 1001 иргэн, 75 удирдах албан тушаалтнууд оролцсоноос засгийн газрын талаарх төсөөллийг асуухад хамгийн түрүүнд “авлига” гэж хариулсан байна. Энэ үг судалгаанд хамрагдсан бусад 25 улсын хувьд адил дүр зурагтай байна. Үүнтэй мөн адил Энэтхэг, АНУ, Бразил, Мексик, Колумб, Англи, Испани, Өмнөд Африк, хөрш Индонези, БНХАУ, Өмнөд Солонгос, Канад, ОХУ, АНЭУ зэрэг улсын судалгаанд оролцсон иргэд мөн засгийн газрын талаарх төсөөллийг асуухад “авлига” гэж хариулсан байна. Корпорацийн талаар нээлттэй асуултаар асуухад 1076 Малайзчууд “ашиг” гэсэн нь ихэнхи азийн орнуудын оролцогчидтой ижил байна. Үүнд: Индонези, Энэтхэг, Япон, Сингапур, Гон-Конг, Өмнөд Солонгос багтжээ. Малайзын олон нийт Засгийн газрыг үндэсний эдийн засгаа чиглүүлэн авч явж чадна гэдэгт итгэж байгаа (33 хувь) бол удирдах албан тушаалтнууд харин корпорациудад итгэдэг (31 хувь) гэжээ. Ихэнхи малайзчууд корпорациудын гол үүрэг бол эдийн засгийг бэхжүүлэх гэдэгт итгэдэг гэсэн ба судалгаанд оролцогчдын 44 хувь нь эдийн засагт “яг таарсан хэмжээгээр” нөлөөлдөг, харин 29 хувь нь “дэндүү их” нөлөөлдөг гэжээ. Малайзчуудын 59 хувь нь корпорациудын хувьд нөлөөтэй байх нь сайн, энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэсэн байна. Бусад 25 улстай харьцуулахад малайзчууд үндэстэн дамнасан корпорациудад нааштай хандсан байна. Малайзчуудын үзэж байгаагаар 43 хувь нь үндэстэн дамнасан корпорациуд “сайн” гэсэн бол, 37 хувь нь тэдэнд “ямар ч байсан хамаагүй” гэжээ. Тэгэхдээ эдгээр нь үндэсний компаниудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. СиНБСи (CNBC), Барсон Марстеллер (Burson-Marsteller) нар наймдугаар сарын 15-аас 28-ны хооронд зохион байгуулж интернэтээр явуулсан Корпорацийн төсөөллийн 2014 оны судалгаанд 25000 хүн оролцсон байна.

Эх сурвалж

Филиппин: Авлигад автсан цагдаагийн абан хаагчийг “шударга ёсны баг” ажиглаж байна.

Филиппины Үндэсний цагдаагийн байгууллага цагдаагийн хувцастай албан хаагчийг “шударга ёсны баг”-ийг ашиглан ажиглаж байна. Олон нийттэй харилцах албаны дарга Рубин Теодор Синдакийн мэдэгдэж байгаагаар өргөсөн тангарагаасаа няцаж авлигад автсан албан хаагчдаас Үндэсний цагдаагийн байгууллагыг цэвэрлэх зорилготой “Шударга ёсны баг”-ийг ашиглаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн албан хаагчид хууль бусаар иргэдээс мөнгө нэхэж авах, саатуулах, хээл хахууль шаардаж авах болон бусад хууль бус үйл ажиллагааг илрүүлэх зорилготой тус багийн үйл ажиллагааг 2006 оноос эхлүүлсэн юм. Шударга бус албан хаагчдад зохих шийтгэлийг нь ногдуулж чадахгүй цагдаагийн удирдлагаас болж энэхүү багийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон байна. Тус баг цагдаа нарыг хууль бус үйл ажиллагаанд оролцож буй тухай илтгэх хуудсыг ар араас нь гаргаснаар Филиппины цагдаа нарын нэр хүнд навс унаж иргэд тэдэнд хүндэтгэлтэй гэхээс илүү айдас, сэжигтэйгээр хандах болсон байна. Зарим нэг шударга бус цагдаагийн албан хаагч бараг ямарч шийтгэлгүй ажиллаж байсан юм. Тухайлбал, Филиппины Үндэсний цагдаагийн байгууллагын дарга генерал Аллан Пурисима. Тэрээр орон нутагт асар том үл хөдлөх хөрөнгө эзэмшдгээс гадна Ерөнхийлөгч Бенино Акуино III маш ойрын хүн бөгөөд дээрэм, хээл хахууль, авлигын асуудалд оролцсон гэж Филиппины Хэрэглэгчдийн холбооноос гомдол гаргасан юм. Цагдаагийн байгууллага авлигатай тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн өмнө хариуцлагатай, нээлттэй ил тод байх үүднээс дотооддоо цэвэрлэх үйл ажиллагааг сүүлийн 8 жилийн турш явуулж байна. Синдакийн мэдэгдэж байгаагаар Дотоод явдлын яамны нарийн бичгийн дарга Мар Роксасын үүрэг болгосноор өөрсдийн албан хаагчдын “амьдралын хэв маягийг хянах” ажлыг хийж байна. Энэ нь шударга бус аргаар, эсхүл хээл хахуулийн улмаас олж авсан хөрөнгө гэх хардлагыг олон нийтийн дунд үгүй болгох сайн талтай юм. Хэдийгээр Цагдаагийн байгууллагын 125000 албан хаагчийн цөөн хэдэн хүн авлига, хууль бус үйл ажиллагаанд оролцсон ч нийт бие бүрэлдэхүүнийг шалгаж байгаа нь байгууллагын нэр хүндийг хамгаалах гэсэн оролдлого юм хэмээн тэрээр нэмж хэлэв.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байх ёстой.

Тайландын хоёр том улс төрийн хүчнийхний харилцан эв нэгдэлтэй хамтран оршиж байгааг “өнгө ууссан” гэсэн хэллэгээр хэлдэг ч хариултгүй хэвээр буй асуудал бол маш ихээр улс төрждөг авлигатай тэмцэх асуудал юм. Одоогийн Үндэсний авлигатай тэмцэх хороо нь Тайландад шударга ёсыг тогтоох нэгэн хэсэг хэвээр байсаар байна гэдэгтэй ихэнх хүмүүс санал нэгдэж байгаа ч дээд түвшнээсээ доод түвшин хүртэл өөрсдийн сэтгэл зүйн чиг хандлагыг өөрчлөхгүйгээр ямар ч үр дүнд хүрэхгүй юм. Учир нь Үндэсний авлигатай тэмцэх хороо нь нэг талаас магтуулдаг, нөгөө талаас шүүмжлүүлдэг, маргаан үүсгэдэг улс төрийн аппарат хэвээр байх нь байна. Манай “шинэчлэгчид” авлигатай тэмцэх шидэт томьёо гаргаж ирэхгүй бол Тайландын нэр хүнд олон улсын тавцанд навс унаад байна. Энэ нь Үндэсний авлигатай тэмцэх хороо дандаа алдаж байсан гэсэн үг биш юм. Нэр, нөлөөтэй том улс төрчдөөс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Санан Качорнпрасартыг хөрөнгө, орлогын мэдүүлэг бага зэрэг зөрүүтэй байна гэсэн асуудлаар анх шалгасан байдаг. Түүнийг таван жилийн турш улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан юм. Үүнтэй холбоотой нэг их маргаан гарч байгаагүй ба үүний дараа шударга ёсыг тогтоогчид Таксин Шинаватра болон түүний цэргүүдийг шалгаж эхэлсэн. Одоо Үндэсний авлигатай тэмцэх хороог дэмжих, хамгаалах, эсхүл шүүмжлэх асуудал бол дэндүү хожимдсон зүйл болно. Өнгөрсөн зүйл маань биднийг өнөөд авчирч улмаар ирээдүйд хүргэдэг гэдгийг бид мэднэ. Бид авлигатай хуучин арга замаар тэмцвэл нөгөө л Тайланд орныг сүүлийн хэдэн жил доргиож байсан улс төрийн нөхцөл байдал үүснэ. Улс төрчдийн хоолойгоо сөөтөл маргалддаг тус улсын авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй, хариуцлагатай, боломжтой болгохын тулд үндэсний ухамсрыг шинэчлэх асуудлаас гадна юу хийвэл зохих вэ? гэвэл, нэгдүгээрт бид хуулиасаа эхлэх хэрэгтэй. Тайланд Улс маш муу авлигатай тэмцэх хууль, журамтай улс орнуудын нэг байсан байх. Улс төрийн гэрээ хэлэлцээр, дарамт шахалт ч байсан байх. Иймд авлигын хууль, журам зөрчигч нарыг улс төрийн харьяаллаас үл хамааран шалгахад хялбар, хурдан маш энгийн хууль тогтоомжтой байвал зохино. Хоёрдугаарт, мөрдөн байцаагч нар нь маш сайн хамгаалагдсан, олон нийттэй сайн харилцаа холбоотой байх хэрэгтэй. Учир нь тэдний ажилд олон нийтийн дэмжлэг туслалцаа маш чухал юм. Улс төрийн нөлөөллөөс ангид байхын тулд “маш нууц” гэсэн мэдээллийг аль болох олон нийтэд ил байлгах явдлыг хангах шаардлагатай. Гүйцэтгэх дээд байгууллагуудад “маш нууц” гэсэн мэдээлэл нь байх ёстой, эсхүл байхгүй байх ёстой гэсэн асуудал нь өөрөө маргаантай юм. Ямартаа ч авлигатай тэмцэхэд “маш нууц” гэсэн асуудал байх ёсгүй юм. “Маш нууц” гэсэн асуудал өөрөө нуун далдлах, хээл хахууль үүсгэдэг. Ил тод, нээлтэй байх нь өнөөгийн Тай системд буглаад байгаа өрөөсгөл хандлагыг бууруулна. Гуравдугаарт, “шүгэл үлэгч”-ийг хамгаалах соёл болон эрх зүйн асуудлыг хангах шаардлагатай байна. Энэ бол олон нийтээс дорвитой хувь нэмэр авч болох цорын ганц зам юм. Мэдээжийн хэрэг төвийг сахих, олон нийтийг мэдээллээр хангах байдлыг дээшлүүлэх зэргээс гадна энэ хэрэгслийг бусад арга хэрэгслүүдтэй хамт ашиглах хэрэгтэй. Тайландад олон зүйл буруу явж ирлээ. Бид тус байгууллагыг бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа эрхлэх ёстой гэж байнга ярьдаг. Гэтэл бодит байдал дээр авлигатай тэмцэх асуудал эхнээсээ дуустал улс төржиж ирсэн. Улс төр өөрөө авлигыг үүсгэж байна. Авлигатай тэмцэх асуудлыг улс төржих явдлаас ангижруулах нь маш хүнд, хэцүү асуудал юм. Хэрэв авлигатай тэмцэх асуудлыг улс төрөөс ангид байлгах оролдлого хийхэд “шинэчлэгч”-дэд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй байгаа бол авлигын улмаас учирсан хохирол нотолгоо болж тэдний эргэн тойронд байна. 

Эх сурвалж

Афганистаны ерөнхийлөгчид итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд авлигатай тэмцэж байна.

Авлигатай тэмцэх талаар өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч Гани банк тойрсон маш том луйврын хэргийг сэргээн шалгахаар болов. Шинэ удирдагч өөрийн орны иргэддээ болон дэлхийн нийтэд өөрийн амлалтаа биелүүлдэг гэдгээ нотлохыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид үзэж байна. Авлигатай тэмцэх амлалт өгсөн Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай аравдугаар сарын 1-ний өдөр Кабул банктай холбоотой маш том хэргийг сэргээн шалгахаар болсныг мэдэгдэв. Тус арилжааны банк нь 2010 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон улсын донор байгууллагуудын 900 сая ам. долларыг шамшигдуулсан өндөр түвшний авлигын асуудал хөндсөн нийтлэл гарснаар дампуурсан юм. Ерөнхийлөгчийн зарлигаар Гани 45 хоногт багтаан шалгах асуудлыг Дээд шүүхэд даалгасан байна. Түүнчлэн тэрээр Ерөнхий прокурорт үүрэг өгч тус хэргийн бүх сэжигтнүүдийг 3 хоногийн дотор баривчлан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуустал саатуулах үүрэг өгсөн байна. “Бид авлигатай өргөн хэмжээнд зарчмын хувьд тэмцэнэ хэмээн амалсан. Одоо хийх цаг нь боллоо” хэмээн зарлигт гарын үсэг зурахдаа хэлсэн байна. Шинэ Ерөнхийлөгч афганчуудад болон дэлхий нийтэд өөрийн амлалтаа биелүүлнэ гэдгээ нотлохыг хүсэж байна хэмээн Кабулын Их сургуулийн эдийн засгийн багш Саид Масууд хэлэв. Тэрээр цааш нь энэ бол Ерөнхийлөгчийн болон засгийн газрын маш анхаарал татахуйц үйлдэл юм. Хэрэв энэ хэргийг шалгаж шамшигдуулсан мөнгийг олж чадвал ерөнхийлөгчид итгэх итгэл нэмэгдэж нэр хүнд нь өсөх болно. Энэ асуудалд афганы өнөөгийн болон өмнөх томчууд, үүн дотор Ерөнхийлөгч асан Хамид Карзай болон дэд ерөнхийлөгч Мохаммад Касим Фахимын ах, дүү нар хүртэл холбоотой гэгддэг юм. Тус хэргээр 21 хүн холбогдож хорих ял эдэлсэн юм. Гэвч хулгайлсан хөрөнгөө буцаасан хүмүүст ял эдлүүлэхгүй гэсэн ерөнхийлөгчийн зарлиг гарснаар Карзай болон Фахимын хамаатнуудаас ял эдлээгүй аж. Ерөнхийлөгч Ганигийн зарлигт заагдсан Дээд шүүхээс хэргийг шалгах 45 хоногт багтах эсэхэд Масууд эргэлзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Шинэ Ерөнхийлөгч, шинэ засгийн газрын хувьд энэ нь сорилт юм. Кабул банкны хэргийн сэжигтнүүдийг торны цаана суулгах эсэхийг харах л үлдлээ. Учир нь ихэнх нь афганы маш хүчирхэг гэр бүлүүдэд хамааралтай юм. 2001 оноос Афганистныг санхүүжүүлж буй Олон улсын хамтын нийгэмлэгээс өргөн тархаад байгаа авлигатай тэмцэхийг албаны хүмүүсээс шаардсан юм. Ихэнх улс орнууд, үүн дотор Афганистаны хамгийн том донор улс болох АНУ зэрэг нь энэ чиглэлээр дорвитой алхам хийхгүй бол дайнд нэрвэгдсэн улсад үзүүлж буй тусламжийг бууруулна хэмээн сануулж буй юм. Кабул банкны хэргийг дэлхийн хэмжээнд томоохон хэрэгт тооцож буй юм.

Эх сурвалж

Гон-Конгын Шинэ ардчилсан намаас гаргасан өргөдлийн дагуу Авлигатай тэмцэх газраас шалгаж болзошгүй тухай Саус Чайна Морнинг Пост (South China Morning Post) сонин мэдээлэв.

Саус Чайна Морнинг Пост сонин Гон-Конгын Засаг захиргааны нэгжийн тэргүүн Лян Жэньингийн австралийн нэгэн компанитай холбоотой 50 сая гонконг доллар буюу 6.45 сая ам.долларын асуудлыг хотын Авлигатай тэмцэх газарт албан ёсоор гомдол өгсөн талаар мэдээлэв. Гон-Конгын Хууль зүйн газраас Ерөнхий прокурор Кейт Ёнгод гомдлыг авч үзэх үүрэг өгсөн ба энэ нь прокурорын байгууллагаас гомдлыг шүүхийн шатанд хүргэх эсэхийг шийдэх эрхтэй гэсэн юм. Гомдлыг Шинэ ардчилсан намаас гаргасан байна. Лян нь 2 удаагийн үйлдлээр нийтдээ 50 сая гонконг доллар буюу 6.45 сая ам.долларыг австралийн инженерийн УГЛ (UGL) компаниас авсан хэмээн австралийн Файрфакс (Fairfax) хэвлэлээр гарч байгаа юм. Энэ нь 2011 оны 12 дугаар сард болсон гэж мэдээлж байгаа ба одоогийн албан тушаалд очихын сарын өмнө бөгөөд тухайн үед Лян нь ДТЗ (DTZ) компанийн захирлын албан тушаалыг хашиж байсан юм. УГЛ (UGL) компанийн мэдэгдэж байгаагаар тус компанитай 2 жилийн хугацаанд өрсөлдөхгүй, “шаардлагатай үед” тус компанид зөвлөх үйлчилгээ үзүүлнэ хэмээн гэрээ хийж энэ мөнгийг авсан гэжээ. Засаг захиргааны ажлын албанаас мэдэгдэж байгаагаар энэ бол бизнесийн энгийн практик, иймэрхүү төрлийн гэрээ хэлцэл байдаг л зүйл, Лян нь тухайн үед өөрийн орлогыг мэдүүлэх үүрэг хүлээгүй байсан гэжээ. Тэгэхдээ шинжээчдийн тэмдэглэснээр Лян нь Гон-Конгын хуулийг үл хүндэтгэсэн бололтой. “5 сая гон-конг доллар бол их хэмжээний мөнгө юм. Энэ их мөнгийг авна гэдэг бол гэмт хэрэг үйлдэх боломж байсан гэх сэжигтэй үндэслэл юм” хэмээн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлстийн дарга асан Стефен Чар хэлэв. Ардчилсан намаас парламентад сууж буй Кенет Лянг “Би өөрсдийн намын гишүүдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй байна. Лян Жэньинг парламентад ирж энэхүү гэрээнд өөрийн оролцсон үүргийн талаар тайлбар өгвөл сайн байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж