Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.01-07/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.01-07/

Олон улс оронд компаниудын гадаад дахь хээл хахуулийг зогсоох үйл ажиллагаа амжилтгүй байна. 

Транспаренси интернэшнл байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар зөвхөн 4 улс л гэрээ байгуулахын тулд гадаадын төрийн албан хаагчдыг хахуульдаж байгаа өөрийн компаниудыг идэвхтэйгээр мөрдөн шалгаж, хариуцлага тооцож байгаа аж. 

Хээл хахуулийн эсрэг томоохон конвенцийн нэг болох Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенцид буюу “хилийн чанадад хээл хахууль өгөх явдлыг гэмт хэрэг хэмээн үзэх ёстой” гэх уг конвенцид нэгдэж орсон 41 улс орны талаас илүү хувь нь энэ талаар ямар нэгэн алхам хийгээгүй байна. Эдгээр улсын тоонд Япон, Өмнөд Солонгос, Нидерланд зэрэг бүхий л томоохон экспортлогч орнууд багтаж байна хэмээн тус тайланд дурдсан байна. 

Транспаренси интернэшнл байгууллагын зөвлөхүүдийн нэг бөгөөд уг тайланг бичсэн Адам Фолдэс /Adam Foldes/-ийн үзэж байгаагаар “өөрийн улсын, өөрт нь татвар төлж, ажлын байр бий болгож байгаа ч гадаадад хээл хахууль өгч байгаа эдгээр компаниудтай тэмцэхэд ихэнх улс орнуудад улс төрийн хүсэл зориг дутагдалтай байна” гэжээ. 

Гадаад дахь хээл хахуультай тэмцэх асуудалд АНУ, Их Британи, Герман, Швейцари Улс л амжилттай байна хэмээн тус тайланд онцолсон байна. 

Хил дамнасан хээл хахуулийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан нь уг хэргийг илрүүлэхэд мөрдөн шалгах үйл ажиллагаа нөөцөөр дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн улсад улс төрийн хүсэл зориг дутмаг байна гэдэг нь гадаадын хээл хахуулийг хязгаарлах үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллагууд хангалттай хэмжээний нөөцгүй байна гэсэн үг юм хэмээн Адам Фолдэс онцолсон байна. 

"Улс орнууд ямар төрлийн зөрчлийг гэмт хэрэг хэмээн үзэж шалгахыг хүсч байна вэ? гэдэг ихээхэн ялгаатай байна. Үүнээс гадна хилийн чанадад үйлдэгдэж байгаа хээл хахуулийн гэмт хэргийг мөрдөн шалгахад ихээхэн бэрхшээлтэй, цогц асуудал болоод байна” хэмээн тэрээр хэлсэн байна. 

Мөн тайланд дурдсанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенц бол дэлхийн худалдааны шударга байдлыг бий болгох гол хэрэгсэл аж. Учир нь энэхүү гэрээнд нэгдсэн улс орнууд дэлхийн экспортын 2/3-ыг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг тус тус бүрдүүлж байгаа ажээ. 

Гадаадын хээл хахуультай тэмцэх явдалд дүн шинжилгээ хийсэн энэхүү тайланд дурдсанаар хээл хахууль өгөх байдлаар бизнес хийх нь ядуу улс орнууд хамгийн сайн нийлүүлэгч талыг сонгоход нөлөөлдөг ба энэ нь нийлүүлэгч тал хууль бус төлбөрийнхөө өртгийг шингээсэн бүтээгдэхүүн нийлүүлэх буюу инфляцыг өсгөх, улмаар татвар хураалтын орчинд нөлөөлөх, татвар хураалтыг дутуу хийхэд хүргэж байгаагаараа дэлхийн хөгжилд ихээхэн хор хөнөөлтэй байна гэж тус тайланд дурджээ. 

"Шинэ ажлын байр бий болгох, эсхүл боловсролыг дэмжих хөрөнгө мөнгө хангалтгүй байгаа хөгжиж буй улс орнуудад энэ төрлийн хээл хахуулийн хор хөнөөл маш олон жишээгээр илэрхий байна” хэмээн Адам Фолдэс мэдэгдсэн юм. 

Гадаадад хээл хахууль өгөх нь тухайн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд ч хор хөнөөлтэй юм. “Зөвхөн хээл хахууль өгөх замаар хилийн чанадад бизнесээ явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа урт хугацаанд илүү сул, өрсөлдөх чадвар муутай болно. Улмаар энэ байдал нь тухайн компанийн бүтээгдэхүүний чанарыг муутгаж, хээл хахууль өгөх ямар ч шаардлагагүй, сул болгоно” гэж Адам Фолдэс хэлсэн юм. 

Хэрвээ энэхүү конвенцийн дагуу улс орнууд өөрсдийн амлалтдаа хүрэх томоохон алхам хийхгүй бол дэлхийн худалдааг авлигаас ангид байлгах уг конвенцийн зорилго биелэхгүй аж. Адам Фолдэсийн үзэж байгаагаар улс орнууд хууль сахиулах үйл ажиллагаагаа шат ахиулах, гадаадын хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд илүү мөнгө зарцуулах, хууль сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа ажээ. 

Мөн тайланд дурдсанаар компаниуд бүртгүүлэхдээ өөрийн жинхэнэ эзэмшигч/ ашиг хүртэгчийнхээ талаарх мэдээллийг нээлттэй болгох хэрэгцээ шаардлага хууль сахиулахаас ч ялгаагүй чухал байгаа аж. Учир нь гадаадын хээл хахуулийн асуудлыг зогсооход нууц эзэмшигчдээрээ дамжуулан мөнгө угааж байгаа нь энэ хэргийг улам хүндрүүлж байгаа юм. 

Эх сурвалж

Хятадын төрийн албан хаагч 33 сая ам. доллартой тэнцэх хээл хахуулиа нуусан. 

ХЯТАД. Өнгөрөгч баасан гарагт хятадын авлигын эсрэг прокурор Сюй Жиньхуэй /Xu Jinhui/-ийн сэтгүүлчдэд мэдэгдсэнээр хээл хахууль авсан хэрэгт буруутган шалгагдаж байсан Үндэсний эрчим хүчний газрын Нүүрсний асуудал хариуцсан товчооны дэд дарга Вэ Пэнгуан /Wei Pengyuan/-ийн гэрээс 200 гаруй сая юань (33 сая ам. доллар)-ыг бэлнээр олсон байна. 

Хэрэв эдгээр бүх мөнгө хятадын 100 юанийн дэвсгэртээр байсан бол энэ нь 200 метр өндөр шонтой адил, эсхүл алдарт Эйфелийн цамхагийн 2/3-тай тэнцэх өндөр, жин нь 2 тонн гаруй байх аж. 

Санхүүгийн мэдээлэл нийтэлдэг “Caixin” агентлагийн мэдээлж байгаагаар уг мөнгийг тоолохоор мөрдөн байцаагчдын авч ирсэн 16 ширхэг мөнгө тоолох машины 4 нь эвдэрсэн байна. 

Авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа албан тушаалтнуудын гэрээс Хятадын мөрдөн байцаагчид бэлэн мөнгө хураах явдал цөөнгүй байдаг ч, энэ удаагийн мөнгөний дүн бол санаанд оромгүй их юм. Хээл хахууль авагчид хууль бусаар олж авсан мөнгөө нууцлахын тулд сейф, бие засах газар, дэрний дотор тал, будааны агуулахын доод талд, эсхүл түрээсэлж авсан байшингаа ашиглах болжээ. 

Вэ Пэнгуангийн харьяалагдах Үндэсний эрчим хүчний газар нь зарим чиг үүргийн хувьд тус улсын бодлого төлөвлөх байгууллага буюу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд харьяалагддаг юм. 

Прокурор Сюй Жиньхуэйгийн мэдэгдэж байгаагаар мөн авлигын хэргээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 11 ажилтныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдний 6 нь олон сая юанийн хээл хахууль авсан байж магадгүй болоод байгаа ажээ. 

"Тэд зөвхөн макроэдийн засгийн бодлогын төсөл боловсруулдаггүй, мөн төслүүдийг батлах эрх мэдэлтэй байдаг. Тэд олон компанийн сонирхлыг шууд хянадаг” хэмээн Сюй Жиньхуэй хэлсэн байна.

Мөн тус хорооны дэд дарга асан Люи Тиэнан /Liu Tienan/-ийн авлигын хэрэг өнгөрөгч 9 дүгээр сард шүүхэд шилжсэн юм. Тэрээр 2002-2012 оны хооронд нефть болон автомашин зэргийг үйлдвэрлэгч 5 компаниас хээл хахуульд 36 сая юань авсан хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа юм. 

Эх сурвалж

Монголын парламент Ерөнхий сайдаа огцруулах шийдвэр гаргав. 

МОНГОЛ. Тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулсан, өөрийнх нь удирдаж байсан Засгийн газар авлигын асуудалд холбоотой зэрэг үндэслэлээр буруутгагдаж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг Монгол Улсын парламентаас огцруулах шийдвэр гаргав. 

Парламентын санал хураалтад 36 гишүүн огцруулах нь зүйтэй хэмээн санал өгч, 30 гишүүн эсрэг санал өгсөн юм. Ерөнхий сайдыг ийнхүү огцорч байгаатай холбоотойгоор албан тушаалаа өгч буй шадар сайд түүний үүргийг түр гүйцэтгэхээр боллоо. 
Энэхүү үйл явдал нь олон улсын уул уурхайн компаниуд болон тус улсад хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эдийн засагт итгэх итгэлийг нь бууруулсан алхам болж байна байна. Судалгааны байгууллагын тэргүүн, улс төрийн судлаач Д.Амгаланбаатарын хэлснээр “Ерөнхий сайд өөрийн нам дахь УИХ-ын гишүүдийн итгэлийг ч алдсан” аж. 

“Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхийг саатуулан шалгаж байгаа. Үүнээс гадна түүнийг шударга ерөнхий сайд гэж үзэх ард түмний итгэл ч буурсан” гэж тэрээр хэлсэн юм. 

Тус улсын Авлигатай тэмцэх газраас ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийг Улаанбаатар хотын ядуу иргэдэд зориулан хэрэгжүүлж байсан нүүрс олгох хөтөлбөрөөс завшиж шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Н.Алтанхуягийг дээрх хэргээс гадна хоёр жилийн өмнө 17.5 хувиар өсч байсан тус улсын эдийн засгийн өсөлтийг 6.3 хувьд хүргэсэнд мөн буруутгаж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар болон уул уурхайн Рио Тинто компани зэс, алтны нөөц бүхий Оюутолгой уурхайг хөгжүүлэх санхүүжилтийн асуудлаар хэлэлцэж байх энэ хугацаанд тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байгаа юм. 
Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эрх барих Ардчилсан нам шинэ засгийн газрын танхимыг 14 хоногийн дотор бүрдүүлэх ёстой. 

Хэдий тийм ч, засгийн засгийн газрын танхимыг бүрдүүлэх нь ихээхэн төвөгтэй байх төлөвтэй байна учир нь тус нам Н.Алтанхуягтай холбоотой асуудлаар бүлэг хооронд ихээхэн маргаантай байна. 

Эх сурвалж

Хятад Улс авлигатай тэмцэх шинэ байгууллагыг байгуулахаар болоод байгаа аж. 

ХЯТАД. Хятад Улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа илүү оновчтой болгохын тулд прокурорын байгууллагын харьяанд авлигатай тэмцэх байгууллагыг шинээр байгуулахаар болоод байна хэмээн Синхуа агентлаг мэдээллээ. 

Одоогийн дарга Ши Зиньпин хоёр жилийн өмнө сонгогдсоноосоо л хойш авлигатай тэмцэх үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх энэхүү үйл ажиллагаанд олон тооны өндөр албан тушаалтнууд багтсаар байгаа бөгөөд тэдний дунд аюулгүй байдлын дарга асан Зоу Юнькан /Zhou Yongkang/ болон армийн удирдагчдын нэг Ши Кайхо /Xu Caihou/ нар байгаа юм. 

Ардын дээд прокурорын Ерөнхий прокурорын орлогч Цю Шюэкиан /Qiu Xueqiang/ Синхуа мэдээний агентлагт хэлэхдээ авлигын хэргийг прокурорууд шалгахад хүн хүчний дутагдалтай байдал болон байгууллагын бүтэц, зохион байгуулалтын сул байдалтай холбоотойгоор хүндрэл учирдаг гэсэн юм. 

Харин өнгөрөгч нам гарагт Синхуа мэдээний агентлаг Ерөнхий прокурорын орлогчийн хэлсэн үгийг иш татан, Коммунист намаас дээрх дутагдалтай байдлыг шийдвэрлэхээр прокурорын байгууллагын харьяанд авлигатай тэмцэх байгууллагыг шинээр байгуулах шийдвэрийг баталсан хэмээн мэдэгдсэн юм. 

Цю Шюэкианийн хэлж байгаагаар энэхүү өөрчлөлт нь “авлигын хэргийн эсрэг үр дүнтэй тэмцэхэд зохион байгуулалтын саадыг арилгах...чухал, том хэргүүдэд илүү анхаарал хандуулан ажиллах боломжийг бүрдүүлэх” аж. 

Шинээр байгуулагдах байгууллагын дарга нь дэд сайдын түвшний эрэмбэтэй байна хэмээн Цю Шюэкиан хэлсэн юм. 

Хятад Улсын өндөр түвшний албан тушаалтнуудтай холбоотой хэрэг тус улсын хуулийн байгууллагад шилжихээсээ өмнө Коммунист намын Сахилгын хяналтын төв хороогоор шалгагддаг юм. 

Эх сурвалж

Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ны дээд хэмжээний уулзалтаар авлигын асуудалд талууд санал нэгдэх ёстой хэмээн Хятад үзэж байна. 

ХЯТАД. Хятадын Гадаад хэргийн сайд лхагва гарагт зохион байгуулагдсан хэвлэлийн бага хуралд мэдэгдэл хийхдээ авлигатай тэмцэхийн тулд дараа сард Бээжин хотноо зохион байгуулагдах APEC-ийн дээд хэмжээний уулзалтаар талууд санал нэгдэж, гэрээнд гарын үсэг зурахыг уриалсан байна. 

Хятад Улс сүүлийн 2 жилийн хугацаанд авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа ч авлигач албан тушаалтнууд болон тэдний хөрөнгийг хилийн чандаас эргүүлэн авах үйл ажиллагаанд хүндрэлтэй байдал үүсээд байгаа юм. 

Өнгөрөгч 7 дугаар сард Хятад Улс хууль бус хөрөнгөө авч хилийн чанадад гарсан авлигач албан тушаалтнуудаа шалгах зорилгоор авлигачдын хамгийн их зорих болсон Австрали Улстай хамтран “Үнэгийн Ангууч” ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдээд байсан юм. 

Хятадын Гадаад хэргийн сайд Ван Юи /Wang Yi/ уг хэвлэлийн бага хурлын үеэр APEC-ийн уулзалтын үеэр гарын үсэг зурахаар зорьж буй хэлцлүүдийн нэг бол уг авлигатай тэмцэх төлөвлөгөө гэж хэлсэн юм. Гэхдээ тэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. 

"Авлигын эсрэг асуудал бол талуудын анхааран хэлэлцэх асуудлын нэг байх болно. Авлигатай тэмцэхээр Хятад Улсын явуулж байгаа арга хэмжээ, чиг хандлагыг дэлхий анхаарч эхэлсэн” гэж Ван Юи хэлсэн байна. Тэрээр нэмж хэлэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэгээс хамтын ажиллагааны дэмжлэг авна гэдэгтээ найдаж байгаагаа хэлэхийн зэрэгцээ ялангуяа, хууль бус хөрөнгөө авч хилийн чанадад гарсан албан тушаалтнуудыг тухайн улсаас буцаан авч ирэх үйл ажиллагаанд хамтрах шаардлагатай” гэсэн юм. 

Хятадын хэвлэл мэдээллийнхний дамжуулж байгаагаар тус улсын авлигач албан тушаалтнуудын хамгийн ихээр очдог улс бол АНУ, Канад, Австрали юм. 

Тус улсаас гадагшаа шилжиж буй мөнгөний хэмжээ асар их юм. Вашингтон хотноо байрлах “Дэлхийн санхүүгийн шударга байдал” группээс гаргасан тооцооллоор 2002-2011 оны хооронд Хятадаас хууль бусаар 1.08 их наяд ам. доллар хилийн чанадад гарсан байна. 

Эх сурвалж

Хөрөнгө, орлогын мэдүүлгээр Тайландын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд саятан болохоо харуулав. 

ТАЙЛАНД. Төрийн эргэлт хийсний дараа, цэргийнхний удирдаж буй Тайландын засгийн газрын гишүүдийн мэдүүлж байгаагаар тэд үнэхээр чинээлэг болох нь харагдлаа. 

Өнгөрөгч баасан гарагт тус улсын Үндэсний авлигатай тэмцэх хорооноос Засгийн газрын 33 сайдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулсан бөгөөд тэдний 25 нь сая ам. долларын хөрөнгөтэй байв. 

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Тайланд Улсын улс төр дэх голлох үүргийг авлига болон зүй бус аргаар баян чинээлэг болсон этгээдүүд гүйцэтгэж ирсэн юм. Тус улсын одоогийн засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, бодлогод ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа ч зарим шүүмжлэгчдийн үзэж байгаагаар авлигатай тэмцэхэд ашиглаж байгаа уг бодлого нь зөвхөн улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг зэвсэг болгон ашиглаж байгаа хэрэгсэл хэмээн үзсээр байгаа юм. 

Цэргийн эргэлтийг удирдсан армийн командлагч, одоогийн Ерөнхий сайд Прают Чан-Оча /Prayuth Chan-ocha/-ийн хөрөнгө нь 128.6 сая батт (3.9 сая ам. доллар), өр төлбөр нь 654745 батт байсан байна. Хөрөнгийн мэдүүлэг гаргахад ашигладаг хууль, тогтоомжийн дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн эхнэр, нөхөр болон 21-ээс доош насны хүүхдийнхээ хөрөнгийг хамт мэдүүлэх ёстой байдаг юм. Түүний мэдүүлснээр гэр бүлийнхээ бусад гишүүдэд 466.5 сая баттыг шилжүүлсэн байна. 

Армийн командлагчийнхаа ажлаас өнгөрөгч 9 дүгээр сарын сүүлээр тэтгэвэрт гарахаасаа өмнө, армиас цалинд жилд 1.4 сая батт авч байсан юм. Үүнээс гадна түүний хөрөнгөнд “Mercedes Benz S600L”, “BMW 740Li” зэрэг авто машин тус бүр нэг ширхэг, хэд хэдэн төрлийн үнэт, тансаг зэрэглэлийн цаг, бөгж, гар буу байсан байна. 

Мөн Шадар сайд Придияторн Дуэкула /Pridiyathorn Devekula/ 1.32 тэрбум баттын өртөг бүхий хөрөнгөөр засгийн газрын хамгийн баян гишүүн болж байгаа юм. Түүний хөрөнгө нь ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байсан юм. Тэрээр мөн гольфийн 5 клубд насан туршийн гишүүнчлэл /lifetime memberships/ эзэмшиж байсан юм. 

Гэхдээ одоогийн засгийн газрын хамгийн баян гишүүн гэгдэх, Шадар сайд Придияторн Дуэкулгийн хөрөнгө нь 2001-2006 оны хугацаанд засгийн эрхийг барьж байсан Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн 3 тэрбум ам. долларын хөрөнгөнөөс бага байгаа юм. 

Эх сурвалж