Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.08-14/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.08-14/

БНХАУ-ын цэргийн салбар дахь авлига 

БНХАУ-ын Цэргийн төв хорооны удирдлаган дор Армийн Аудитын газрыг шилжүүлэх Засгийн газрын шийдвэр ихээхэн дэмжигдэж байна. Уг Аудитын газар нь өмнө нь Ардын Либерал Армийн /PLA/ Логистикийн Хэлтсийн харьяанд байсан байна. Дээрх шийдвэрийг цэргийн удирдах албан тушаалтнуудын дунд гарсан эрх мэдлээ хэтрүүлэх хэд хэдэн томоохон хэргүүд гарсны дараа гаргасан байна. Ардын Либерал Армийн Логистикийн хэлтсийн орлогч дарга асан Гү Жуншан, СМС-ийн дэд дарга асан Шү Цайхоу нар “Одоо Армийн Аудитын газар илүү бие даасан статустай болно” хэмээн мэдээлсэн. 

Зарим хэвлэл мэдээлэл, шинжээчид цэргийн энэ шилжилт нь цэрэг армийн авлигын эсрэг авч буй арга хэмжээг нэмэгдүүлэх болно, хурдан хугацаанд гаргасан энэ шийдвэр нь армид байгаа авлигыг үндсээр нь устгах шууд үр дүнтэй арга хэмжээ болох болно хэмэээн онцолсон байна. 

БНХАУ-ын “Циньхуа” Их Сургуулийн хуулийн мэргэжилтэн Лю Чинлон "Энэ шилжилт нь армийн менежментэнд шинэчлэлийг авчрах зөв гарц болно" хэмээн Чайна Дэйли-д ярьсан байна.

Түүнтэй нэгэн адил үзэл бодлыг илэрхийлсэн Коммунист намын түүхч Шие Чунтаогийн онцолсноор сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа өндөр түвшний авлигын хэргүүд нь энэ өөрчлөлтийг хийх үндсэн шалтгаан болсон" гэжээ. 

Хавай Ньюс-д мэдээлснээр аудитын ажлыг бие даасан болгох гэсэн энэ хөдөлгөөн нь цэрэг арми өөрийгөө илүү хүчтэй авлигын эсрэг кампанит ажилд бэлдэж байгаа дохио юм. 

АПЕК-ийн авлигын эсрэг хэлцэл 

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнууд БНХАУ-ын авлигач төрийн албан тушаалтнуудыг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллахаар тохиролцсоны дараа сонин хэвлэлүүд олон улсын авлигын эсрэг авч буй арга хэмжээнд бүх анхаарлаа чиглүүлж байна. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын авлигач төрийн албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахыг АНУ, Австрали, Канад зэрэг улсаас хүссэн байна. Синьхуа агентлагийн дээрх мэдэгдэлд “Бээжин Ньюс” тайлбар хийхдээ “Нэгэнт Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудтай хийсэн хэлцэл хэрэгжээд эхэлбэл энэ нь манай улсад авлигатай тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг болох болно” гэсэн байна. 

Харин Чайна Дэйли-д тэмдэглэснээр “Францын засгийн газар авлигач албан тушаалтнуудыг мөрдөн шалгахад БНХАУ-д тусална, мөн Франц улс руу дамжуулсан хууль бус хөрөнгийг хураах болно гэж шийдвэрлэсэн байна” хэмээн онцолжээ.

Энэтхэгийн “сөрөг нөлөө” 

БНХАУ-ын зарим хэвлэлд “Манай улс руу сөрөг дохио илгээсэн Энэтхэг Улсаас болгоомжтой байхыг” сануулж байна гэсэн байх бөгөөд мөн “Глобал Таймс”-д Энэтхэг Улс нь БНХАУ-д “сөрөг нөлөө” үзүүлж байна гэж шүүмжилсэн байна. 

БНХАУ-ын Олон Улс Судлалын Хүрээлэнгийн судлаачийн бичсэн тайлбарт “Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нь БНХАУ-тай холбоо харилцаагаа бэхжүүлнэ гэсэн боловч Энэтхэгийн нийслэл Дели хотоос Бээжинд удаа дараа сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.” гэсэн байна. 

"Энэтхэгийн цэрэг арми хилийн бүсүүдээ чангатгаж, барилга байгууламжууд барьж байна. Эдгээр үйл ажиллагаа нь БНХАУ руу чиглэсэн нь тодорхой байна" гэж уг нийтлэлд бичсэн байна.

Өнгөрсөн сард Делид болсон Хятадын Өмнөд далайд нефть олборлоход хамтран ажиллах тухай Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Дун болон Ноён Моди нарын уулзалт Хятадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан.

Тухайн уулзалт дээр “Энэтхэг Улс нь АНУ, БНХАУ, Япон зэрэг улсад тал засдаг учраас илүү өндөр хөгжилтэй, олон улсын статустай болсон, Энэтхэг Улс хөгжихийн тулд БНХАУ-ын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг хэрэгтэй гэж” хэлсэн нь дээрх сөрөг нөлөөллийн шалтгаан болсон гэж дүгнэсэн байна. 

Эх сурвалж

Транспарэнси Интернэшнл Египет Улсын иргэний нийгмийн байгууллагуудад тавьсан хязгаарлалтыг буруушаав.

Транспарэнси Интернэшнл байгууллага нь иргэний нийгмийн байгууллагуудын чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах орон зайг нь хязгаарлах тухай Египетийн засгийн газраас авсан сүүлийн алхмыг буруушааж, иргэний нийгмийн байгууллагуудыг хамгаалж, бие даан чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах боломж олгохыг удирдлагуудаас шаардсан байна. 

Транспарэнси Интернэшнл нь аливаа иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх хууль батлахдаа иргэний нийгмийн байгууллагуудын бие даасан, чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг дагаж мөрдөхийг шаардсан шаардлагаа шинэчлэн боловсруулсан байна. 

“Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхийг хязгаарлах бус хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй, учир нь иргэний нийгмийн байгууллагууд нь улс орон тогтворгүй байгаа үед хариуцлагатай дуу хоолой болж ажилладаг” хэмээн Транспарэнси Интернэшнл байгууллагын дарга Жосе Угаз хэлсэн байна. Мөн тэрээр “Египетийн энэхүү ухарсан алхам нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хариуцлагатай болгоход иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэсэн ерөнхийлөгч Эль Сисигийн хийсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн (UNCAC) 13-р зүйлд авлигын эсрэг тэмцэлд иргэний нийгмийн оролцоог идэвхтэй дэмжихийг улс орнуудад үүрэг болгосон байдаг. Египет Улс 2005 онд тус конвенцид нэгдэж, гарын үсэг зурсан байна. 

ОХУ, Унгар, Шри Ланк, Венесуэл зэрэг улс орнуудад иргэний нийгмийн байгууллагуудын орон зайг хязгаарлаж буй хандлагатай байгаа ньТранспарэнси Интернэшнл гишүүн орнууддаа хандахад хүргэсэн ба тухайн улсын засгийн газар авлигагүй, авлигатай тэмцэх, ил тод ажиллахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжиж, тэдний орон зайг хамгаалж ажиллахыг уриалсан байна. 

Эх сурвалж

Авлигыг устгахын тулд эрх мэдлийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. 

Тайландын хөгжлийн судалгааны хүрээлэн болон FES хамтран “Ардчилал ба Авлига, Ардчилсан нийгэм дэх авлигыг хэрхэн устгах вэ?” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Уг семинарт FES-ийн захирал ноён Марк Саксер оролцсон ба тэрээр “Тайланд Улс төрийн бүтцээ өөрчилж, засгийн эрх мэдлээ авлигаас ангид байлгахын тулд зоригтойгоор урагш алхах хэрэгтэй, үүний тулд хүчирхэг засгийн газар байх хэрэгтэй, Тайландын нийгмийн дунд бүлгийнхэн элитүүдийгээ дэмжсэн бол нөгөө бүлэг хэсэг нь өөрсдийгөө дараагийн түвшинд оруулахаар тэмцэж байна” гэж хэлсэн байна. 

Тайландын “Чулалонкорн” Их Сургуулийн эдийн засгийн лектор Таний Чайват “Тайланд улсад нийгмийн дундаж бүлгийнхэн маш их авлигатай нүүр тулж байна. Энэ нь маш ноцтой асуудал юм. Тайвань, Гонконг зэрэг улсууд ардчиллын үнэт зүйлсийг тодорхой түвшинд хадгалах эсхүл эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжтой нөхцлийг бий болгох хэрэгтэй. Энэ 2 арга хэмжээг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжтой гэдгийн харуулсан. Аливаа нийгмийн шалгуур бол ардчиллын зарчмыг хадгалах явдал юм. Одоогийн байдлаар Тайланд улс уулын дунд гацсан байна” гэсэн байна. 

Мөн тэрээр “Бид одоо хүртэл өндөр орлоготой, авлига багатай нийгмийг бүтээж чадахгүй л байна, засгийн газрын худалдан авалт, хөрөнгийн мэдээллийг олон нийтэд ил болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг механизмаар хариуцлага бий болгох хэрэгтэй байна” гэж тэмдэглэсэн байна. 

“Таммасат” Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны лектор Пражак Конкирати “Хятад, Сингапур зэрэг нэг намын удирдлагатай улс орнууд цорын ганц боломжтой загвар бол эхлээд авлигатай тууштай тэмцэж чадвал ардчилсан нийгэм рүү шилжинэ гэсэн буруу сонголтыг хийсэн. Ардчилал, эдийн засгийг хамтад нь сайжруулах хэрэгтэй, эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, ардчиллын зарчмыг тууштай хадгалж байгаа 50-60 Скандиновын улс орнууд байна. Авлигад хамгийн их өртүүлж байгаа буруу эрх мэдлийн тогтолцоог авч хаях явдал чухал юм” гэж цохон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж

Монгол Улсын парламент авлигын хэрэгт сэрдэгдээд байсан ерөнхий сайдаа огцрууллаа. 

Монгол Улс, Улаанбаатар хот: Монгол Улсын парламент ерөнхий сайдаа улсын эдийн засгийн өсөлтийг сааруулсан, өөрийнх нь удирдаж байсан Засгийн газар авлигын асуудалд холбоотой зэрэг үндэслэлээр огцрууллаа. Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганд 36 гишүүн оролцсоноос 30 гишүүн нь түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Түүний үүргийг дараагийн ерөнхий сайд томилогдтол шадар сайд түр орлон гүйцэтгэх юм байна.

МУ-ын Авлигатай тэмцэх газар экс ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийг Улаанбаатар хотын ядуу иргэдэд зориулан хэрэгжүүлж байсан нүүрс хөтөлбөрийн хөрөнгөнөөс шамшигдуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна. Улс төр судлаач, шүүмжлэгч нар экс ерөнхий сайдыг Засгийн газрын гэрээ, хөтөлбөрийн асуудалд өөрийн ураг төрөл, хамаатан саднаа хэтэрхий их оролцуулсан буруутгаж байгаа юм. 

Эх сурвалж

Египетийн Эртний эд зүйл хариуцсан экс сайд Хавасс авлигын хэрэгт холбогдлоо. 

Дэлхийн нэрт Египет судлаач, Египетийн Эртний эд зүйл хариуцсан экс сайд Захи Хавасс төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байна гэж Пүрэв гаригт тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Захи Хавасс дэлхийн долоон гайхамшгийн нэг Египетийн пирамидын дараа ордог Гиза пирамидад хадгалагдаж байсан Египетийн Хуфу хааны дурсгалт зүйлээс хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. 

Өмнө нь Германы 3 судлаач, Египетийн 6 ажилчид хамтран Египетийн пирамидад хадгалагдаж байсан эртний эд зүйлсээс хулгайлж, хууль бусаар хил нэвтрүүлснийхээ төлөө 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. 

Тэрээр өөрт нь холбогдуулан шалгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүнийг хэрэгт татаж байгаа анхны тохиолдол биш юм байна. Өмнө нь мөн адил хэрэгт шалгагдаж байжээ.

Захи Хавасс 2010 онд түүхийн сувгуудаар “Захи Хавассд тохиолдсон ер бусын адал явдлууд” нэртэй хэд хэдэн түүхэн баримтат кино, цуврал нэвтрүүлгүүд гаргаснаар олон улсад түүний нэр хүнд өсч, их ашиг олох болсон байна. 

Тэрээр 1987 онд Пенсильванийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан ба хэд хэдэн томоохон судалгааны ном бичсэнээс хамгийн сүүлд 2012 онд “Эртний Африкийн хаанууд” нэртэй номыг бичжээ. Мөн 2006 онд “Тайм” сэтгүүлээс тодруулдаг Дэлхийн 100 нөлөө бүхий хүмүүсийн нэгээр шалгарч байсан байна. 

Эх сурвалж

Папуа Шинэ Гвиней Улсад парламентын 15 гишүүн авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа. 

Папуа Шинэ Гвиней улсад парламентын 15 гишүүн цагаан захтнуудын хэргийг үргэлжлүүлж, авлигын хэрэгт холбогдож баривчлагдсан байна. 

Папуа Шинэ Гвиней Улсын Цагдаагийн байгуууллага болон Авлигатай тэмцэх газраас Даваа гарагт тэднийг төрийн өмчийг хууран мэхлэх замаар, залилангийн аргаар шамшигдуулсан гэх үндэслэлээр шалгаж байна гэж мэдээлсэн байна. 

Хамгийн сүүлийн үеийн байдлаар өнгөрсөн Баасан гарагт Парламентын гишүүн Жон Симоныг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тэрээр Жаксоны нисэх онгоцны буудал дээр баривчлагдсан ба түүнийг баривчилсан цагдаагийн хэлснээр тэрээр хуурамч дүрээр хил давах гэж байсан байна. Түүнийг Вэйгани дүүргийн шүүх дээр авчирсан ба түүнийг хуульч нь 2000 кина буюу 780 ам.доллар төлж түүнийг батлан даалтанд авсан байна. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламентын 3 гишүүний хэргийг амжилттай мөрдөж, 3 гишүүний гэм буруутайг тогтоож, улсад учруулсан санхүүгийн хохирлыг барагдуулсан байна. Тэдний дотор парламентын экс гишүүн Паул Тиинстэн 9 жилийн хорих ялаар шийлгүүлсэн бол парламентын экс гишүүн Хавила Кова, Комо Маргагима нар удахгүй ял сонсох нь тодорхой байгаа юм байна. 

Авлигатай тэмцэх газраас түүний үйлдсэн хэргийн талаар мэдээллэснээс үзэхэд 2012 онд тэрээр сонгуулийн компанит ажлын үеэр уг ажилд зориулсан мөнгөнөөс 86050 кина буюу 33580 ам.долларыг өөрийн эзэмшлийн 2 компани руу хууль бусаар шилжүүлсэн байна. 

Эх сурвалж

Авлига улсын хөгжилд саад болж байна гэж Дээд шүүхийн шүүгч хэлэв. 

Соломоны Арлууд: Авлига энэ улсын хөгжилд хамгийн том саад болж байна гэж Дээд шүүхийн шүүгч Стивен Палларас хэлсэн ба түүний шүүгчээр ажиллах 3 жилийн хугацаа саяхан дууссан бөгөөд “Сандэй Стар” сонинд өгсөн ярилцлагадаа шүүгчээр ажиллаж байх үеийн нөхцөл байдлаасаа хуваалцсан байна.

Тэрээр хэлэхдээ “Авлига бол энэ улсын хөгжлийг ухрааж буй саад бэрхшээлүүдийн нэг болоод байна, үүнийг хэлснээрээ би өөрийн өссөн төрсөн газар нутгаа муулах гэсэнгүй, миний өөрийн үзэл бодол. Улс төрийн хүрээн дэх авлига, бизнесийн хүрээн дэх авлига, цагдаагийн байгууллагын хүрээн дэх авлига гээд энэ хорт үзэгдэл хаа сайгүй байна, хүн бүр л үүнийг мэдэж байгаа, гэтэл намайг хамгийн их гайхшруулж байгаа зүйл бол эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд үүнийг мэдсээр байж хэн ч юу ч хийхгүй байгаа явдал юм. Засгийн газраас энэ тал дээр юү ч хийхгүй байна, учир нь тэд өөрсдөө авлигад автагдсан учраас авлигын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авбал өөрсдийнх нь ашиг сонирхол хамгийн түрүүнд хөндөгдөх тул тэд ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна гэж хэлж байгаа нь байж боломгүй асуудал” юм гэж хэлсэн байна. 

Мөн тэрээр “Соломоны Арлуудаас өөр Авлигын эсрэг бие даасан хороо /ICAC/ шаардлагатай улс дэлхий дээр байхгүй. Энэ хороо байгуулагдсанаар авлигыг шийдэх хамгийн хүчтэй зэвсэг болох ба авлигыг мөрдөн шалгаж, засгийн газар, цагдаа, шүүх гээд бүхнээс хараат бус ангид байх юм. Гэвч энэ хороо байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулах тэр цаг ирэхээс өмнө би улсынхаа ирээдүйн төлөө санаа зовж байна, учир нь хүүхдүүд нь боловсрол эзэмшиж чадахгүй, эмнэлгүүдийн үйл ажиллагаа алдагдсан, олон нийтийн аюулгүй байдал нь асуудалтай, засгийн газрын буруу удирдлага дэлгэрч, бүх зүйл байх ёстой хүрээнээсээ хальсан. Бизнесийн болон эдийн засгийн өсөлтийг дэмжих хамгийн сайн арга бол гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтыг шударгаар зарцуулж, хүн бүр ижил тэгш эрхтэй оролцох эрхтэй гэдгийг харуулах ёстой юм” гэж ярьсан байна. 

Соломоны Арлуудын Дээд шүүхийн шүүгч асан Стивен Палларас ярилцлагынхаа төгсгөлд “ Манай улсад Хөрөнгийн маш хатуу хууль хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл та 100.000 ам.долларын орлоготой, эсхүл тус бүр 200.000 ам.долларын үнэтэй таван байртай бол та яаж хуулийн хүрээнд ийм хөрөнгөтэй болсноо тайлбарлах ёстой. Хэрэв та үүнийг тайлбарлаж чадахгүй бол таныг хууль бусаар хөрөнгөтэй болсон гэж үзэх ба өмчийг таниас хураан авч, танд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн маш тодорхой заалттай байх ёстой. Энгийн жишээ гэхэд төрийн байгууллагад ажиллаж буй хүн жилд таван удаа гадаадад аялж чадах уу, тэр яаж шинэ машин худалдаж авч чадах вэ, яаж Австралид байр авч чадах вэ. Ийм хууль батлагдсанаар төрийн албан хаагчийг хариуцлагатай болгож, улс маань хөгжин дэвших урьдчилсан нөхцөл болно гэж бодож байна” гэсэн байна. 

Эх сурвалж

TRACE MATRIX, Дэлхийн Улсуудын бизнесийн авлигын эрсдлийн индексийг танилцууллаа. 

2014.11.11- “Рэйнд” корпораци TRACE MATRIX-ыг ажилд оруулснаа зарлаж, анхны бизнесийн авлигын эрсдлийн индексийг гаргаж дэлхий нийтэд зарлалаа. 

Одоог хүртэл дэлхийн улс орнуудын бизнесийн авлигын эрдслийн талаар найдвартай мэдээлэл байхгүй байгаа нь Гадаад дахь авлигын тухай хууль (FCPA) болон олон улсын авлигын эсрэг дүрэм журмыг зөрчих боломжийг бизнесийн байгууллагууд болон компаниудад олгож байна. 

Төрийн байгууллагын авлигын байдал болон түүнтэй холбоотой бизнесийн эрсдлийг үнэлэхэд компаниудад туслах зорилгоор TRACE Matrix-ыг гаргасан байна. 

TRACE MATRIX-ыг бүтээх судалгааны ажлын нэг хэсэг болгож АНУ-ийн тохируулагч агентлаг болон дэлхийн томоохон хуулийн фермүүдтэй хамтран ажилласан байна. 

TRACE MATRIX нь Дэлхийн улс бүрийн бизнесийн авлигын эрсдлийг 1-100 онооны хооронд тооцож уг тоо өндөр байх тусам тухайн улсын бизнесийн авлигын эрсдэл төдий чинээ их гэсэн үг юм байна. 

Уг программ нь дөрвөн үндсэн үзүүлэлт, есөн дэд үзүүлэлтээр тус тус улс орнуудыг үнэлсэн ба үүнд засгийн газартай харилцах байдал, авлигын эсрэг хууль ба хэрэгжилт, засгийн газар ба иргэдэд үйлчлэх үйлчилгээний ил тод байдал зэрэг багтсан байна. 

Улс орнуудыг нийт оноогоор нь жагсаахад гарах индексийг ашиглаж болох боловч нийт оноонд багтсан тодорхой эрсдлийн хүчин зүйлийн үр дүнг харж, нийт оноог юу хөтлөж байгааг тогтооход ашиглаж болно. Энэ нь нийт бизнесийн авлигын эрсдлийн хувьд улс орон хаана асуудалтай байгааг тогтоох боломжийг олгохоос гадна үндсэн болон дэд үзүүлэлтийг өөрсдийн хэрэгцээндээ ашиглаж болох юм байна. 

TRACE MATRIX-ын дагуу бизнесийн авлигын хамгийн өндөр эрсдлийн оноотой 10 улс нь: Нигери, Йемен, Ангол, Узбекистан, Камбож, Гвинеа, Бурунди, Чад, Өмнөд Судан, Вьетнам улсууд байна. 

Харин бизнесийн авлигын хамгийн бага эрсдлийн оноотой 10 улс нь: Ирланд, Канад, Шинэ Зеланд, Гонконг, Швед, Финлянд, Сингапур, Япон, Герман, АНУ. 

Монгол Улс TRACE MATRIX-ын бизнесийн авлигын эрсдээр 71 оноотойгоор Дэлхийн 197 орны 156-д орсон байна. 

Эх сурвалж