Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 3 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Говь-Алтай, Ховд, Увс аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-аас Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг үндэслэн хууль тогтоомжоор эрх олгоогүй байтал аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар дахин журамласан, журмаас давсан зохицуулалт хийснээр орон нутгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төсвийн зарцуулалтад үрэлгэн хандах боломжийг бүрдүүлсэн байж болзошгүй байдал ажиглагдлаа. Тухайлбал:
Түүнчлэн зарим аймаг, сумд улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдсан хөрөнгийг төлөвлөх, батлах, захиран зарцуулахдаа Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-т тусгасан зарчмууд болох орон нутгийн төсвийн бус байгууллагуудад хөрөнгө зарцуулахгүй байх, буцалтгүй тусламж, дэмжлэгт зарцуулахгүй байх зэрэг зарчмыг баримтлаагүйн зэрэгцээ тус сангийн хөрөнгөөр олон төрлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх нэрийдлээр багагүй хэмжээний хөрөнгө төсөвлөн зарцуулжээ. Жишээлбэл, 2014 онд Говь-Алтай аймаг “Англи хэлийг Алтайдаа” төслийг хэрэгжүүлэх хүрээнд тусгасан хөрөнгийн 63.3 хувь нь 5 багшийг гадаадад сургахад, Ховд аймаг “Аваргууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тусгасан хөрөнгийн 25 хувь нь улсын цол хүртсэн бөх, уяачийн цолны мялаалгад зориулагдсан, Увс аймаг орон гэргүй 35 өрхөд гэр олгосон, мөн бүтэн өнчин хүүхдүүдэд тодорхой хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжийн дэвтэр нээлгэсэн байв.
Авлигатай тэмцэх газраас Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын “Хоёр”-ын 2.3-т заасан зохицуулалт нь орон нутгийн төсвийн хөрөнгөд үрэлгэн хандах шалтгаан, нөхцөл болж байгааг судлан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээг авч, хариуг эргэн мэдэгдэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад албан бичгээр мэдэгдэв.