Оны эхний хагас жилд авлигын эсрэг сургалтад 12938 иргэнийг хамруулжээ

A- A A+
Оны эхний хагас жилд авлигын эсрэг сургалтад 12938 иргэнийг хамруулжээ

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 оны эхний хагас жилд 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 12938 хүнийг хамрууллаа. Орон нутагт зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 7379 хүн хамрагдсан байна. Эдгээр сургалтын 61.4 хувь нь төлөвлөгөөт сургалт бөгөөд 38.6 хувь нь тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээг харгалзан зохион байгуулжээ.

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 онд зохион байгуулсан сургалтад хамрагдсан хүний тоог графикаар харуулав.

Авлигатай тэмцэх газрын 2007-2015 онд зохион байгуулсан сургалтад нийт 169739 хүнийг хамруулсан байна. Үүнийг графикаар харуулбал:

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг тухайн оны нэгдсэн төлөвлөгөө болон байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан зохион байгуулдаг бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, хүртээмжийг сайжруулах зорилгоор сургалтад хамрагдаж буй зорилтот бүлгийн онцлог, хэрэгцээ шаардлага, мөн тухайн салбарын хэмжээнд хийгдсэн судалгаанд үндэслэн сургалтын аргачлал, хэлбэрийг тодорхойлж, ажил үүрэгт нь тулгарч буй бодит жишээ баримтаар сургалтыг агуулгын баяжуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ оны эхний хагас жилд оюутан залууст авлигын ойлголт, шалтгаан хор хөнөөлийг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар ойлголт мэдлэг олгох зорилгоор “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг боловсруулж эхний сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Сургалтын хөтөлбөр нь оюутан сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн учраас Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг оюутан залууст хүргэхээр ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Сонирхлын зөрчлийн хуулийг таниулах нь”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг таниулах нь”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх аргачлал, анхаарах асуудал”, “Байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах сургалт зохион байгуулж төрийн төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын албан тушаалтан, иргэд, төрийн бус байгууллагын ажилтнуудыг хамруулж байна. 

Түүнчлэн сургалтын үйл ажиллагаанаас гадна зорилтот бүлгийн онцлогийг харгалзан АХА тэмцээн, зорилтот аян, нөлөөллийн арга хэмжээ зэрэг олон хэлбэрээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажилладаг. 

Тайлбар: Графикаар үзүүлсэн тоонд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нараар хийлгэсэн сургалтын тоо болон тус газраас бусад чиглэлээр хийсэн /Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, түүнийг бүртгэх, мөн тус газраас явуулдаг судалгаа, шинжилгээний дүнгийн талаарх/ сургалтын тоо ороогүй болохыг анхаарна уу.