Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулахыг АТГ шаарддаг

A- A A+
Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулахыг АТГ шаарддаг

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

-АТГ төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг яаж үнэлдэг юм бэ?

-Авлигын эсрэг хууль тогтоомжид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад тодорхой нийтлэг үүргүүдийг хүлээлгэсэн байдаг. Хуулиар хүлээлгэсэн энэхүү нийтлэг үүргийн гол зорилго нь төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахим хуудсаар болон мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй болгох асуудал юм. Өнөөдөр төрийн байгууллага мэдээллээ ил тод болгохтой холбоотой олон хууль тогтоомж манайд батлагдан мөрдөгдөж байна. Тухайлбал, авлигын эсрэг хууль тогтоомж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны хууль гэх мэт.

АТГ-аас төрийн байгууллагуудад энэ ажлыг хэвшил болгоход чиглэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаа ямар байгаад АТГ-аас боловсруулсан аргачлалын хүрээнд хөндлөнгийн шинжээчид үнэлгээ хийдэг. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд болдог авлигын эсрэг олон улсын өдрөөр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнүүлж, авлигатай тэмцэх хүчин чармайлтаа иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлүүлдэг гэсэн үг. Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээнээс гадна манай байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан ажилтнууд төрийн байгууллагуудын цахим хуудсаар мэдээллээ иргэдэд ил тод болгож байгаа эсэхэд сар бүр хяналт тавьдаг. 

-Энэ үнэлгээгээр яг ямар байгууллагууд хангалтгүй үнэлгээ авсан бэ? 

-Бид 7, 8 дугаар сард 45 байгууллагын цахим хуудсыг 100 онооны системээр үнэлсэн. Эдгээрээс 9 байгууллага 50-иас доош оноог авсан байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагааны мэдээллээ байгууллагын цахим хуудсаараа нээлттэй болгоход ихээхэн анхаарч ажилладаг болсныг энд тэмдэглэн хэлмээр байна. Зуны улирал учраас тухайн байгууллагын цахим хуудсыг хариуцсан ажилтан ээлжийн амралттай байж таарах, зарим байгууллагууд цахим хуудсаа шинэчлэх, өргөжүүлэх, техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх зэрэг шалтгаанаар үнэлгээ доогуур гарсныг үгүйсгэхгүй. 

-Заримынх нь нэрийг дурдаж болох уу? Юугаараа хангалтгүй байв? 

-Тэгэхээр дээр дурдсан шалтгаануудын улмаас үнэлгээгээ бүрэн авч чадаагүй байгууллагыг шууд хангалтгүй гэж үзэхэд учир дутагдалтай. Бидний үнэлгээ байгууллагын хувьд мэдээллээ ил тод болгож байгаа эсэхийн явц байдлын үнэлгээ болохоос тухайн байгууллагын эцсийн үнэлгээ биш юм. Бүрэн, хангалттай бус гэж үзэхийн хувьд тухайлбал, мэдээллийг ил тод болгохтой холбоотой хууль тогтоомжид, ялангуяа байгууллагын төсөв санхүү, аудитын тайлан, худалдан авалттай холбогдох мэдээллийг тодорхой хугацаанд, зохих шаардлагын түвшинд байршуулахыг хуульчилсан байдаг. АТГ-аас нэн тэргүүнд энэ шаардлагыг хардаг. Учир нь мэдээллийг хэлбэрийн төдий нээлттэй болгох хандлага байна. Мэдээлэл тавих хугацаа, шаардлагыг хуульчилж байгаагийн гол нь мэдээллийг цаг хугацаанд нь иргэдэд хүргэх үнэ цэнэд л оршиж байгаа. 

-Ер нь төрийн байгууллагын цахим хуудас ямар байвал иргэдэд ил тод, нээлттэй гэж үзэх вэ? 

-Авлигын эсрэг хууль тогтоомжид төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой нээлттэй байх, төсвийн болон худалдан авах ажиллагааны талаарх, төрийн хяналт шалгалт, төсөл хөтөлбөр, тусгай зөвшөөрөл, түүнтэй холбогдох бүртгэл, хяналт, сонгон шалгаруулалт, хамтран ажилладаг төрийн бус байгууллага нээлттэй болгохыг заасан. Эдгээр шаардлагуудаа л харна.