Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгажээ

A- A A+
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгажээ

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгаж ажилласан талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хариу мэдэгдэв. 

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид ижил төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 14 сумын Засаг дарга нарт Зөвлөмж илгээжээ. Захиргааны акт гаргахдаа мэдэгдэл тайлбар гаргаагүй, сумын Эрүүл мэндийн төвийн даргыг ажилд томилохдоо эрх бүхий байгууллагаар хянуулаагүй зэрэг зөрчил гаргасан Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүүд албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нарын батлан гаргаж байгаа захирамжийн хууль эрх зүйн үндэслэлд улирал бүр хяналт хийдэг болсон байна. Хяналт шалгалтын хүрээнд 2015 оны III улирлын байдлаар 8 сумын 215 захирамжид хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлжээ. Энэ дагуу Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг сумын Засаг дарга нараас батлан гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй, иргэдэд хүнд суртал үүсгэсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан захирамжийг хүчингүй болгуулах, эрх зүйн үндэслэлийг нь сайжруулахад анхаарч ажилласан байна. 

Түүнчлэн Даланжаргалан сумын Засаг даргын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж баталсан “Сум хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг хүчингүй болгуулжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу тус сумын 90 жилийн ойн хүрээнд нээсэн хандивын дансыг албан ёсоор хаалгасан талаар мэдэгдлээ.