Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв

A- A A+
Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт авлигын эсрэг хууль тогтоомжуудын хэрэгжилтийн байдалтай танилцаж ажиллалаа. 

Уг ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, ИТХ, түүний Ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас гаргасан шийдвэр, дүрэм, журам заавартай нэгбүрчлэн танилцаж, авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг зөвлөв. Тухайлбал, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг мэдээллийн самбарт байрлуулах, төсөв, худалдан авах ажиллагаатай холбогдох мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангах хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар заавар, дэмжлэг өгч арга зүйн удирдлагаар хангасан байна. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийслэлийн Багануур дүүргийн хэмжээнд нийт 383 хүнд зохион байгууллаа. Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах чиглэлээр дүүргийн төрийн байгууллагын 30 албан хаагчийг оролцуулсан асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ц.Солонго түрүүлж, Онцгой байдлын хэлтсийн байцаагч Г.Батжаргал удаах байрт шалгарч авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэгээрээ бусдыгаа хошуучилжээ.