“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулав

A- A A+
“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д зарим өөрчлөлт оруулав. 

Төрийн байгууллагууд Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх ажлыг бүтцийн нэгждээ хариуцуулан ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг томилон ажиллуулж байна. ЭБАТ нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-ыг тус тус баримтлан ажиллаж байна. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, тайлагнахтай холбоотой асуудлыг үр дүнтэй зохион байгуулах, өөрийн байгууллага, салбарын хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, мэдүүлэг гаргагчдыг гарын авлага, зөвлөмжөөр хангахад ЭБАТ-ын үүрэг, оролцоо чухал байдаг тул тэдний энэ үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 196 дугаар тушаалаар баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д тусгалаа.