Авлигатай тэмцэх газрын шалгалтын мөрөөр зөрчил, дутагдлаа арилгаж ажиллажээ

A- A A+
Авлигатай тэмцэх газрын шалгалтын мөрөөр зөрчил, дутагдлаа арилгаж ажиллажээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн шалгалтын мөрөөр Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Айраг, Эрдэнэ, Даланжаргалан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар зөрчил дутагдлаа арилгуулахад чиглэсэн зарим арга хэмжээ авч эхэлжээ.

Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцад албан тушаалтнууд хандив зохион байгуулах, нэмэлт төлбөр хураамж тогтоох, хуулиар хориглосон давхар ажил алба эрхлэх, хуулиас давсан шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг зөрчил илэрсэн бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг биелүүлэх чиглэлээр албан бичиг хүргүүлсэн билээ.

Энэ хүрээнд аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч хуулиар хориглосон давхар ажил эрхлэлтээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, Замын-Үүд сумын ИТХ-ын тогтоолоор хилийн боомтоор нэвтрэх тохиолдолд иргэдээс хурааж буй “Замын-Үүд сан”-д оруулах 1000 төгрөгийн хураамжийн төлөлтийг үндэслэн хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байсныг цуцалсан, Сайншанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн баталсан журмаа хүчингүй болгосон, мөн уг сумын Засаг даргын захирамжаар “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл хариуцсан ажилтныг гэрээгээр ажиллуулж байсныг хүчингүй болгожээ. Түүнчлэн Даланжаргалан сумын Засаг даргын захирамжаар холбогдох журмыг зөрчсөн “Сум хөгжлийн сан” байгуулсан шийдвэрийг цуцалсан зэрэг арга хэмжээ авч ажилласан талаар мэдэгдэв. 

Хяналт шалгалтын хүрээнд өгсөн дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч ажилласан Дорноговь аймгийн дээрх нэр бүхий сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар дэмжин сайшааж байна.