Архангай, Булган аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцуулахаар хандав

A- A A+
Архангай, Булган аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцуулахаар хандав

Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар Архангай, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зарим төлөөлөгч нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, тэр дундаа аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Татварын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга гэх мэт удирдах албан тушаал хашиж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолтыг зөрчжээ. 

Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийг арилгаж хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт тус тус албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл зөрчил арилгах арга хэмжээг аваагүй төдийгүй тухайн орон нутгийн иргэдээс удаа дараа гомдол, саналыг ирүүлсээр байгаа юм. 

Иймд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зөрчлийг арилгах арга хэмжээ авах, Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан удаа дараагийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулахаар аймгийн ИТХ болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандаад байна.