Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

A- A A+
Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Авлигатай тэмцэх газар Ардчиллын боловсролын төв /DEMO/ төрийн бус байгууллагатай хамтран иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор “Авлигатай тэмцэхэд Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт уулзалтыг зохион байгуулав. 

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид “Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл сонсч, дараа нь тус газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай биечлэн явж танилцсан юм. Оролцогчдод тус газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг, ямар төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүртгэж, хянадаг, мэдүүлэг гаргагч нарт хууль тогтоомжийг таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлдэг, түр байцаах болон байцаалтын өрөөний стандарт зэргийг танилцуулж, сонирхсон асуултад нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хариулт өгөв. 

Уулзалтын төгсгөлд дүгнэлт ярилцлага хийсэн бөгөөд энэ арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг нар оролцож, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчдийн санал бодлыг сонслоо. Тухайлбал, “Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагын тэргүүн С.Цэрэнпүрэв “Хүүхдэд зориулсан “Шударга мазаалайнууд”, “Туулайхүүгийн адал явдал” зэрэг ном гаргасан нь зөв зүйтэй ажил болжээ. Ирээдүй хойч үедээ шударга ёсыг таниулах нь маш чухал”, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар “АТГ-ын үйл ажиллагаатай танилцаад сэтгэгдэл өндөр байна. Хийсэн ажил байна. Би АТГ-ыг нийгэмд үйлчилдэг байгууллага гэж ойлгодог. Танай ажлын 70 хувь нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа шүү. Яг онцгой байдлын чиг үүрэгтэй адил. Гэтэл энэ ажил дутмагаас иргэд АТГ-ыг төрийн төмөр нударга гэж хараад байна” гэх зэргээр санал бодлоо илэрхийллээ. 

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Бидний хувьд бага цомхон бүтцээр авлигатай тэмцэх амаргүй ажлыг гүйцэтгэж байна. Та бүхний туслалцаа бидэнд маш их хэрэгтэй. Үүний тулд төрийн бус байгууллагууд чадваржих ёстой. Төрийн бус байгууллагууд чадвартай байх тусмаа төрийн тодорхой чиг үүргийг хийж гүйцэтгэх боломж нэмэгдэнэ. Төрийн бус байгууллагууд аль болох улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах нь чухал. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр явуулж буй ажлыг өөрсдийн чиглэлээр олон нийтэд сурталчлахад хамтран ажиллах хэрэгтэй байна. Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Хэлсэн, ярьсан асуудлыг тань үйл ажиллагаандаа ашиглах болно” гэлээ.