Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар эхэллээ

A- A A+
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар эхэллээ

-Энэ хурлаар Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавина-

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.

Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт гишүүн 31 орны төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцох бөгөөд тэдэнд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын шинжээчид өөрсдийн туршлагыг хуваалцах юм.

Семинар хоёр салбар хуралдаанаар үргэлжилнэ. “Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх үйл ажиллагаа” сэдэвт хуралдааныг Ази, Номхон далайн бүс нутаг дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх цогц шийдлийг эрэлхийлж байгаа бодлого боловсруулагч, хууль тогтоогч, хууль сахиулагч, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөлд зориулжээ. Төлөөлөгчид хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх стратеги, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг авлигаас ангид байлгах, шаардлагатай санхүүжилтийг хүрэх ёстой эзэнд нь хүргэх талаар төр, хөгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцогч талуудын туршлагаас суралцах боломжийг олгох юм. 

Харин Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын сүлжээг үүсгэн байгуулах уулзалтад авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын ажилтнууд  оролцох юм байна. Оролцогчид нь тодорхой кейс хэлэлцэж, өөрийн улсын туршлага, мөрдөн шалгах, яллах ажиллагаанд шаардлагатай арга хэрэгслийн талаар мэдээлэл солилцоод цаашид бүс нутгийн хэмжээнд дэлгэрүүлж болох сайн туршлагыг тодорхойлох ажээ. 

Хурал 2 өдөр үргэлжилнэ.