Монгол Улс нь улс төр дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй

A- A A+
Монгол Улс нь улс төр дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй

Их хэмжээний эрдэс баялаг нээж илрүүлснээр эрчимжсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил нь засаглал, авлигын асуудлыг хурцатгаж байна. Энэ асуудалд анхаарал хандуулах, шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас шинээр гаргасан тайланд Монгол Улс нь авлигатай тэмцэх хууль тогтоомждоо шинэчлэл хийх, хэрэгжилтийг нь сайжруулах, улс төр дэх авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааг нэн тэргүүнд тавих шаардлагатайг дурджээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уг тайланд сайшаан бичсэн байна. Гэхдээ уг тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд АТГ-т шаардлагатай чадавхийг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад харамсч буйгаа дурдсан байв. Үнэлгээний тайланд авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хуулийг батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалсан.

Мөн энэхүү тайлангаар Монгол Улсад дараах арга хэмжээг авах шаардлагатайг зөвлөж байна:

  • Авлигатай тэмцэх үндэсний стратегийг цаг алдалгүй баталж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах өндөр түвшний механизмыг бий болгох;
  • Эрүүгийн хуулийг шинэчлэх ажлын хүрээнд олон улсын авлигатай тэмцэх стандартад бүр мөсөн нийцүүлсэн дотоодын хууль тогтоомжийг бий болгох;
  • Авлигын гэмт хэрэг, ялангуяа өндөр албан тушаалтан оролцсон гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаанд учирдаг саад бэрхшээлийг арилгах зорилгоор халдашгүй дархан эрхийг хязгаарлах;
  • Нийтийн алба, ялангуяа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нөхцөлийг хангах, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийг шинэчлэх;
  • Нийтийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн орчинд хяналт хийж, Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагийн чадавхи болон түүнд тавигдах хяналтын механизмыг бэхжүүлэх;
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг олон улсын стандартын дагуу шинэчилж, түүнийг зөрчих байдал гарах нөхцөлийг хаахуйц шийтгэлийн хэлбэрийг нэвтрүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах бие даасан хяналтын механизмыг бий болгох;
  • Мөрдөн шалгах сэтгүүлзүйг хөгжүүлэх зорилгоор гүтгэх, доромжлох гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг ил тод болгох туршлагыг нэврүүлэх;
  • Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, түүнд тавигдах хяналтыг хангах;
  • Шүүх засаглалд хийгдэж байгаа шинэчлэлийг үргэлжлүүлж, авлига, улс төрийн нөлөө, непотизмээс урьдчилан сэргийлэх.

Уг тайланд Шилэн дансны тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль батлагдсан, Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг зохих түвшинд хангасан, бүх яамдад дотоод аудитын нэгж байгуулсан зэрэг Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн хүрээнд гаргасан ололт амжилтуудыг сайшаажээ. Мөн уг тайланд төрийн оролцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг АТГ-ын захиалгаар хараат бус байгууллага үнэлж, түүний үр дүнд аж ахуйн нэгжүүдэд нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах талаар зөвлөмж хүргэн ажиллаж байгааг сайшаасан боловч бизнес дэх шударга байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр үр нөлөө бүхий нэмэлт арга хэмжээ шаардлагатайг дурдсан байна.

Энэхүү тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээн дор 2003 онд байгуулагдсан Истанбулын авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэжээ.