Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар өндөрлөлөө

A- A A+
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар өндөрлөлөө

-Бүс нутгийн семинарын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов -

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуулын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар Улаанбаатар хотноо 3 өдөр үргэлжилж өндөрлөв.

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт тус санаачилгын 31 гишүүн улсын 120 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд энэхүү авлигын асуудлаарх олон улсын хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

Түүнчлэн хурлын үеэр Хууль сахиулах байгууллагуудын сүлжээг бүс нутгийн түвшинд байгуулах эхлэлийг тавьсан нь онцлох үйл явдал байлаа. Авлигын гэмт хэрэг нь тухайн нэг улс орноор хязгаарлагдахгүй бөгөөд гэмт үйлдлийн арга зам нь улам бүр нарийсч, хор хөнөөл нь дэлхий дахинаа заналхийлж байгааг харгалзан үзэж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс орнууд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилладаг билээ. Энэ нь улс орон бүр дотооддоо авлигын асуудлаа оновчтой тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэх, авлигатай хамтран тэмцэх арга ажиллагаагаа нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал алхам болдог юм.

Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэж, уг тайланг олон нийтэд танилцууллаа.

Авлигын эсрэг санаачилгын гишүүн улсуудын 13 дахь удаагийн бүс нутгийн семинараар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх стратегиа тодорхойлж, улс орнууд авлига, мөнгө угаах, албан тушаалын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах арга техник, туршлагаа харилцан солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж, харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлээр улс орнуудын төлөөлөгчид харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг УИХ-ын дарга З.Энхболд нээсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаалтын ажиллагаанд оролцов. Тэрээр бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх чиглэлээр гарч байгаа дэвшилтэт санал санаачилга бүрийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд бүс нутгийн семинарыг хааж үг хэлэв

Бүс нутгийн семинарыг хааж, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудын сэтгэлийг түгшээсэн авлигын эсрэг тэмцэлд ахиц, үр дүн гаргахад өөрийн хүчин чармайлт, сэтгэлийн дэмжлэгээ харамгүй үзүүлж, бүс нутгийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах боломжийг олгосон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гупта нар болон бусад оролцогч улсуудын төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлэв. Мөн “Дэлхийн улс орнууд даяаршихын хэрээр авлигын гэмт үйлдлийн өнгө төрх өөрчлөгдөж буй өнөө үед Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын гишүүн орнуудын төлөөлөл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд шинээр бий болсон боломж, бололцоо, саад бэрхшээл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлига, мөнгө угаах гэмт хэрэг, түүнээс гарах үр дагавар, илрүүлэх арга зүй, аргачлал, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах стратеги бий болгох шаардлага зэрэг олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэн нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо” гэж хэлэв.

Эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, авлигатай тэмцэх байгууллага, албадын нөөц боломж, дотоод зохион байгуулалт, чадамжийг бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрийг байнга сайжруулах, авлигатай тэмцэх үйлсэд иргэдийн эрх мэдлийг бий болгох, тэднийг идэвхжүүлэх, дуу хоолойг нь нэмэгдүүлэх, шударга сэтгэлгээг чухалчлах талаар улс орнуудын төлөөлөгчид цохон тэмдэглэж байсныг анхааралдаа авах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд үгэндээ онцоллоо.

Бүс нутгийн семинарын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ, Тайланд, Бангладеш, Шри Ланка, Зүүн Тимор, Киргизстан, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.