Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Ази, Номхон далайн орнуудын 13 дахь бүс нутгийн семинарын үеэр Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо. 

Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Авлигатай тэмцэх асуудал тухайн улс орны асуудал биш бөгөөд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Бид хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ. 

Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв. 

Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хороо нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй бөгөөд одоогоор төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах эрхгүй юм байна. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас туршлага судлах хүсэлтэй байгаагаа Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хорооны дарга, комиссар Адерито Антонио Пинто Тилман хэлэв. 

Киргиз улсын ерөнхий прокурорын газрын прокурор Асан Кангелдиев “Авлигатай тэмцэх асуудлаар Монгол Улс олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хурлын өдрүүдэд үзэж танилцлаа. Цаашид танай байгууллагын арга туршлагаас судалж, хамтран ажиллах шаардлагатай байна” гэв. Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо. 

Бутан улсын Авлигын эсрэг хорооны дарга, хатагтай Кинли Янгзом Ази, Номхон далайн орнуудын 14 дэх удаагийн бүс нутгийн семинарыг 2016 онд өөрийн улсад зохион байгуулах болсныг хэлээд тэр үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын даргыг зочлохыг урьж, харилцаа хамтын ажиллагааны чиглэлээ нарийвчлан хэлэлцэхийг хүссэн юм.