Авлигын эсрэг санаачилгад нэгдэгчид Монголд анх удаа чуулахдаа хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын асуудалд анхаарлаа хандууллаа

A- A A+
Авлигын эсрэг санаачилгад нэгдэгчид Монголд анх удаа чуулахдаа хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын асуудалд анхаарлаа хандууллаа

Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь бүс нутгийн семинарын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улс авлигатай хэрхэн яаж тэмцэж байгаад үнэлэлт дүгнэлт өгсөн тайланг танилцуулсан байна. Үүгээр нэн түрүүнд Монгол Улсыг авлигын эсрэг үндэсний хөтөлбөрөө батлахыг сануулж, хэд хэдэн зөвлөмж өгсөн. Үүнээс гадна Авлигын эсрэг санаачилгад нэгдэгчид Монголд анх удаа чуулахдаа хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын асуудалд анхаарлаа хандууллаа. 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон “Хурлын гол хэлэлцэх асуудал нь энэ жилийн хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын нөхцөл байдал гэсэн сэдэв байлаа. Жил бүр зохион байгуулагддаг бүс нутгийн семинарын үеэр гишүүн орнуудын хувьд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгийн их тулгамдаж байгаа асуудлаар асуулга явуулдаг. Энэ асуулгын хүрээнд улс орнууд хамгийн их тулгамдаж байгаа асуудлаар хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын нөхцөл байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ сэдэв нь манай улсын хувьд ч эмзэг бөгөөд авлигын эрсдэл дагуулдаг асуудал. Тиймээс бид нэлээд идэвхтэй яриа өрнүүлсэн. Түүнчлэн олон улсын байгууллагын, мөн дотоодын судлаачид оролцож асуудал хөндөж ярилцсан. Хөгжлийн төсөл, хөтөлбөр гэдэг нь дэд бүтцийн салбар дахь томоохон хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр ярилцсан” гэж ярив. 

Дэлхийн улс орнууд хөгжлийн төсөл, хөтөлбөр дэх авлигын асуудалд анхаарлаа хандуулах болсон нь ч учиртай. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт их байдаг учраас үүнд хяналт тавьж авлигаас ангид байлгаж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг ил тод байлгах асуудал олон улс оронд хурцаар тавигдах болжээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж байгаа мөнгө ил тод, нээлттэй, авлигаас ангид байх боломж бүрдэж байгаа юм байна. 

Эх сурвалж: ETV телевизийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Тод мэдээ” мэдээллийн хөтөлбөрөөс

Дүрстэй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.