Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь бүс нутгийн семинарын хаалттай хуралдаанаар юу хэлэлцэв?

A- A A+
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь бүс нутгийн семинарын хаалттай хуралдаанаар юу хэлэлцэв?

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь бүс нутгийн семинар энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн юм. Гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагууд авлигын гэмт хэргийн эсрэг бүс нутгийн сүлжээ байгуулах эхлэлийг энэ хурлаар хэлэлцсэн байна. БНСУ, Тайланд зэрэг улс орны авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөл энэ семинарт уригдан оролцсон байна. “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрийн тодруулга ярилцлагад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат оролцож, бүс нутгийн семинарын үеэр болсон хаалттай хуралдааны талаар мэдээлэл өглөө. 

Э.Амарбат: -Энэ арга хэмжээг Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар зэрэг олон байгууллага хамтарч зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр дэлхийн нийт 31 улс орны холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцсон. Үүн дотроо 10 гаруй орны хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл ирсэн. Энэ хурын үеэр дээрх хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөгчидтэй хаалттай хуралдааныг зохион байгуулсан. Хаалттай хуралдааныг зохион байгуулах учир шалтгаан байгаа. Авлигын хэрэг гэдэг нь дан ганц нэг улс орны асуудал биш болоод байгаа. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Авлигын замаар олсон хөрөнгө тухайн улсдаа санхүүгийн эргэлтэд орохоос илүү гадаад улсад санхүүгийн гүйлгээнд орж байдаг. Тухайн улсаас хулгайлагдсан хөрөнгө гадаад улсад эргэлтэд орж тэндээ хууль бус эх үүсвэртэй хөрөнгө болдог. Энэ нь ихээхэн анхаарал татаж байгаа нэгэн асуудал. Хоёрдугаарт тухайн улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна гэдэгт хуралд оролцсон улс орнуудын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид санал нэгдсэн. Мэдээж хэрэг эрүүгийн хэрэгт холбогдсон зарим этгээдүүд гадаад улсад оргон зайлах, зугтах, тэдгээрийг эрэн сурвалжлах асуудал чухал хэвээр байгаа. Нөгөө талаар нэн чухал нь хулгайлагдсан хөрөнгийг буцаан олж ирэх асуудал юм. Маш хурцаар тавигдаж байгаа. Энэ хүрээнд цаашид хууль сахиулах байгууллагууд сүлжээ байгуулж харилцан мэдээлэл солилцож байх нь зүйтэй юм байна гэж хаалттай хуралдааны үеэр ярьж тохирсон. Энэ шалтгаан, шаардлагаа улс орон бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тодорхой жишээ баримт яригдсан. Манай улсын хувьд та бүхэн мэдэж байгаа. Дэлхий нийтэд ч бас мэдэгдсэн. Тодорхой зарим этгээдүүдийг эрүүгийн хэрэгт холбоотойгоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа. Тухайлбал, Буяагийн Хуяг, Намбарын Энхтуяа зэрэг эрүүгийн хэрэгт ирж гэм буруугийн асуудлаа Монгол Улсын шүүхээр шийдүүлэх ёстой хүмүүс байна. 

Эх сурвалж: 25 дугаар сувагтелевизийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн
“25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөс

Дүрстэй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.