Эрүүл мэндийн салбарт “Талархлаа зөвөөр илэрхийлье” аян үргэлжилж байна

A- A A+
Эрүүл мэндийн салбарт “Талархлаа зөвөөр илэрхийлье” аян үргэлжилж байна

Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж эрүүл мэндийн салбарт 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг үргэлжлүүлж байна. 

Авлигатай тэмцэх газраас гаргадаг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа”-гаар эрүүл мэндийн салбар бусад төрийн байгууллагуудын дунджаас доогуур үнэлгээтэй, Хараат бус судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын 2014 онд хийсэн “Эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд авлига, ашиг сонирхлын зөрчилд илүү өртөх эрсдэл өндөртэйд тооцогдсон юм. Тиймээс Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авлигын шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг эхлүүлсэн.

Аяны хүрээнд ачаалал ихтэй 2, 3 дугаар шатлалын эмнэлэг болон эрүүл мэндийн 19 байгууллагад 30 удаагийн сургалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Улсын I төв эмнэлэг, Улсын II төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын үндэсний төв, Шүд, эрүү нүүрний үндэсний төв зэрэг нийт 10 эмнэлгийн удирдах ажилтнууд болон эмч, сувилагч нарыг хамруулан ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг тус тус зохион байгуулаад байна. Сургалтыг зохион байгуулахдаа багийн оролцооны аргыг ашиглан тэдний санал бодлыг сонсох, багаар хамтран ажиллав. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбарын онцлогт тохирсон зохицуулалт шаардлагатай байгааг эмнэлгийн мэргэжилтнүүд хөндөж, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо. 

“Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг 2015 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэнд, спортын яамтай хамтран эрүүл мэндийн бусад байгууллагуудыг сургалтад хамруулахаар төлөвлөж байна.