“Эмчийн ёс зүй нь тухайн нөхцөл байдал, хангамж, цалин хөлснөөс шалтгаалан өөрчлөгддөг зүйл биш”

A- A A+
“Эмчийн ёс зүй нь тухайн нөхцөл байдал, хангамж, цалин хөлснөөс шалтгаалан өөрчлөгддөг зүйл биш”

Авлигатай тэмцэх газраас арван хоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр үр дүнтэй олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг энэ удаад Авлигатай тэмцэх газар “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг Эрүүл мэнд, спортын яамтай хамтран хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Авлига ба эрүүл мэндийн салбар: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Уралдаанд 12 их сургуулийн 25 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс эхний шатанд шалгарсан 10 бүтээлийг хэлэлцэх хоёрдугаар шатны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Дээрх илтгэлүүд нь эрүүл мэндийн салбар дахь авлигын шалтгаан болж буй нөхцөл байдлыг оновчтой хөндөж өөрийн хийсэн судалгаа болон бусад судалгаанд тулгуурлан тодорхой шийдэл, гарц гаргалгааг боловсруулж чадсан гэж уралдааныг зохион байгуулагчид дүгнэж байна. 

Тэргүүн байрыг эрүүл мэндийн салбар дахь авлигын шалтгаан нөхцөлийг монгол хүний зан байдлын онцлогтой холбон үзэж 1745 иргэнийг хамруулан судалгаа хийсэн Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн Г.Гэрэлтуяа, Н.Долгор нарын судалгааны баг, хоёрдугаар байрыг уг салбарт ил тод байдлыг дэмжих бүртгэлийн системийг бусад улс орны жишигтэй харьцуулан хэрхэн боловсронгуй болгох талаарх асуудал хөндсөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсын оюутан А.Түвшинтөгс, гуравдугаар байрыг эмчийн хариуцлагын даатгалыг хуульчлан хохирч буй иргэдийн эрхийг хамгаалах замаар эрүүл мэндийн салбар дахь авлигын эрсдлийг бууруулах асуудлаар судалгааны ажил бичсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутан Р.Идэрмөнх тус тус эзэлсэн байна. 

“Эмчийн ёс зүй нь тухайн нөхцөл байдал, хангамж, цалин хөлснөөс шалтгаалан өөрчлөгддөг зүйл биш бөгөөд эмч хүн эмч учраас ёс зүйтэй, шударга, хүнлэг байх ёстой” гээд өөрт тохиолдсон явдал дээр үндэслэн илтгэл бичсэн ОУБИС-ийн социологийн 2 дугаар курсын оюутан Э.Наранцэцэг “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын нэрэмжит тусгай шагналын эзэн боллоо.