Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

A- A A+
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

Авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ жил манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 8 байр ахисан үзүүлэлттэй гарчээ. 

Авлигын төсөөллийн индекс нь 168 орны төрийн албан дахь авлигын төсөөллийн үр дүнг харуулдаг бөгөөд улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засаг, хуулийн хэрэгжилт, бодлого зэргийг харгалзан үзэж дүгнэдэг байна. Манай улсын тухайд 8 байгууллагын судалгааг үндэслэн авлигын индексийг тогтоосон аж. Ингэхдээ ардчиллын чанар, эдийн засгийн эрсдэл, улс төрийн бодлого шийдвэр, валютын ханш, хуулийн боловсруулалт, хэрэгжилт, банкуудын мөнгөний бодлого зэрэг бүхий л салбарын асуудлыг харгалзан тогтоосон байна. 

Судалгааг хийсэн байгууллагаас гаргасан мэдээлэлд дурдсанаар Монгол Улс өнгөрсөн онтой харьцуулахад шүүхийн шударга байдал, хуулийн засаглал болон засаглалын шилжилт ба менежмент, өрсөлдөх чадварын үнэлгээгээр оноо буурсан байна. Түүнчлэн 2015 онд манай улстай холбоотой таагүй зарим мэдээлэл олон улсад гарсан нь авлигын талаарх төсөөлөлд сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Тухайлбал, Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулахаар төсөл боловсруулсан, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг шалгах харьяаллыг өөрчлөхөөр хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан, эдгээр асуудлаар “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын удирдлагаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандсанаас гадна Малайзад болсон авлигын эсрэг олон улсын хурлаас Монгол Улсад хандаж дээрх асуудлаар уриалга гаргаж байсан зэргийг дурдаж болох юм.

Хэдийгээр хүндрэл бэрхшээл байсан ч 2015 онд Монгол Улс авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ахицтай ажиллаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж албаны хүн онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн онд Монгол Улс авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хэд хэдэн хууль тогтоомжийг шинээр баталж, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хууль гэх мэтээр нэрлэж болно. Эдгээр хуулиуд нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр ашигтай болон хариуцлагатай байдлыг сайжруулах, олон нийтийн хяналт, оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоомж, захиргааны акт гаргах үйл ажиллагааг нээлттэй ил тод, хариуцлагатай болгох, захиргааны байгууллага, албан тушаалтан дур зоргоороо захиргааны акт гаргах, хуулиас давсан шийдвэр гаргаж иргэдийг чирэгдүүлэх, танил талдаа давуу байдал олгох боломжийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн шаардлагад Эрүүгийн хуулийг нийцүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм. 

Түүнчлэн өнгөрсөн онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг санаачилгын удирдах зөвлөлийн уулзалт болон бүс нутгийн семинарыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан нь авлигын эсрэг хүсэл зоригийн бас нэгэн илэрхийлэл болсныг ч олон улсын шинжээчид харгалзан үзсэн байна. Авлигатай тэмцэх газар 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучууд, эрүүл мэндийн салбарт чиглэсэн аян, өндөр түвшний авлигын болон хувийн хэвшлийн авлигын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт, шийдвэрлэлтийн тоо өмнөх жилүүдийнхээс өссөн дүнтэй байгаа юм. Ялангуяа өндөр түвшний авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр 2015 онд ахиц дэвшил үзүүлж ажилласан байна. Мөн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа байнгын хяналт шалгалтын үр дүнд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиглэлээр ажилласан байна. Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамааруулахаар тусгасныг Ерөнхийлөгч хориг тавьснаар өөрчилж чадсан нь авлигын индексийн үзүүлэлтийг ахиулахад нөлөөлжээ. 

“Транспэрэнси интернэшнл” байгууллага авлигын индексийг үнэлэхдээ 0-өндөр, 100-бага хэмээн урвуу байдлаар дүгнэдэг байна. Өөрөөр хэлбэл, 0 рүү ойртох тусам авлигын түвшин өндөр буюу эрсдэлтэй байгааг харуулдаг аж. Дани улс сүүлийн 2 жилд хамгийн өндөр оноо авч хамгийн авлигагүй цэвэр орноор тэргүүлж байгаа бол Хойд Солонгос, Сомали улс 8 оноогоор сүүл мушгижээ. 

Авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг дэлхий даяар зарласантай холбогдуулан “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз мэдэгдэл гаргасан байна. Тэрээр хэлэхдээ “Судалгаанд хамрагдсан 168 орны гуравны хоёр нь 50-иас доош оноо авчээ. Энэ нь авлигын асуудал дэлхийн дийлэнх оронд ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч 2015 онд дэлхийн өнцөг булан бүрт иргэд авлигын эсрэг тэмцэж, жагсч, эрх баригчдад өндөр түвшний авлигын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэх цаг болсныг хатуу сануулсан жил байлаа. 2015 оны сайн мэдээнүүдийн нэг нь өндөр түвшний авлигын эсрэг тэмцсэн Монгол, авлигын эсрэг “шүгэл үлээгчид”-ийн эрхийг хамгаалсан Гватемал зэрэг улсын ард түмний тэмцэл, тэдний ялалтыг онцлох нь чухал юм” гэжээ.