Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн урьдчилсан дүн гарав

A- A A+
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн урьдчилсан дүн гарав

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. 

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн урьдчилсан дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд энэ нь 99,7 хувьтай байна. Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүллээ. 

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн, мэдүүлэг гаргах хуулийн хугацаанд сар шинийн өдрүүд давхцсан зэрэг онцлог нөхцөл байдал үүссэн тул Авлигатай тэмцэх газрын албан хаагчид баярын болон амралтын өдрүүдэд ажиллаж, 2015 оны мэдүүлгээ бүртгүүлэх цахим системийн талаар зөвлөгөө, заавар өгч, мэдээлэл арга зүйгээр ханган ажилласан юм. 

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээг гаргах болно.