Авлигатай тэмцэх газар 2015 онд хийсэн ажлаа мэдээлэв

A- A A+
Авлигатай тэмцэх газар 2015 онд хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн зарим үр дүнгийн талаар мэдээлэхээр бэлтгэсэн байна. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр болон бусад албадын дарга нар оролцов. Хэвлэлийн бага хурлын эхэнд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг тус газраас 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 

Тэрээр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэхдээ “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна. Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав. Илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрмийн төсөлд санал өгсөн. Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 23 гомдлыг шийдвэрлэжээ. Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 28531 хүнийг соён гэгээрүүлэх сургалтад хамруулжээ. Бага насны хүүхдүүдэд зориулан “Туулайхүүгийн адал явдал” номыг эрхлэн хэвлүүлж, уг номоор дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын 40 гаруй сургуулийн сурагчдад зөв шударга амьдралын дадал хэвшил олгох чиглэлээр үлгэрчилсэн хичээл заасан нь өнгөрсөн онд соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн томоохон ажил болсон” гэж мэдээллээ. 

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу хэд хэдэн чиглэлийн судалгаа зохион байгуулдаг. Төрийн байгууллагын шударга байдлын түвшний судалгаа, улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа, хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа, авлигын индексийн судалгааг тооцож гаргадаг. Өнгөрсөн онд Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгааны дүнг олон нийтэд танилцуулж мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллага дахь авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааг хийжээ. Авлигатай тэмцэх газар жил бүр УИХ-д авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж хүргүүлдэг. Өнгөрсөн онд энэ мэдээллийг улс, аймаг, нийслэл болон салбарын түвшинд бэлтгэн хүргүүлсэн нь өмнөх жилүүдийнхээс онцлог байжээ.

Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн. Харин улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн байна. 2015 онд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны төв, түүний харьяа салбар, нэгжийн 161 байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан шалгажээ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 634 албан тушаалтныг чөлөөлүүлж, мэдүүлгийг хянуулж, зөрчлийг арилгуулсан байна. “Илт ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор зохих этгээдэд хандаад байгааг мэдээллээ. 2015 онд нийт 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан гэв. Мэдүүлгийн хяналт шалгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16,8 хувиар, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6,5 хувиар тус тус өсчээ. 

Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ. Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл 2013 оноос албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын дийлэнх хувийг эзэлж байсан бол 2015 онд албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болон хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна. 317 өргөдөл, гомдол, мэдээллийг албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, хариуцлага тооцуулах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхааруулах, төрийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх зэргээр хянан шийдвэрлэжээ. Гомдолд дурдсан асуудал нь тогтоогдоогүй буюу зөрчил илрээгүй асуудал ч байв. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 54,2 хувийг буюу 172-ынх нь зөрчлийг тогтоож хариуцлага тооцуулах, хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажилласан байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчил гаргасан нийт 274 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулж шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажилласан байна. Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан.

Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна. 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Мөрдөн шалгасан хэргийн 163-ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна. Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагджээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 байв. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. 

Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлжээ. Шүүхээс 8 тэрбум 847 сая 242 мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг гадаадын 31 орны 80 гаруй төлөөлөгчийг оролцуулан Улаанбаатар хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийсэн. Энэ жил манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 8 байр ахисан үзүүлэлттэй гарсныг мэдээлэлд онцлон дурдав. 

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг сайтар зохион байгуулж, нийт дүнгээр “А” үнэлгээ авсан байна. Түүнчлэн 2015 онд батлагдсан урсгал зардлын төсвийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг сар бүрийн хуваарийн дагуу зарцууллаа. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хуульд заасан хугацаанд төрийн санд хүргүүлэх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, холбогдох яамдад хүргүүлэх, үндсэн хөрөнгө, бараа материал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвартай холбоотой тооцоог хийх, баланс гаргах зэрэг багц ажлыг хангалттай сайн гүйцэтгэжээ. Давхардсан тоогоор байгууллагын албан хаагчид хөдөө орон нутагт 1620 хоног ажилласан байна. 

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллийн төгсгөлд “Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ Авлигатай тэмцэх газар 2015 онд зохих ёсоор гүйцэтгэсэн” хэмээн дүгнэж хэллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд бүрэн дүүрэн хүргэх, Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар оролцож өргөтгөсөн бүрэлдэхүүнээр зохион байгуулснаараа энэ удаагийн мэдээллийн цаг онцлог байв.