У.Отгонбаяр: Ажлын хэсгийн төрийн байгууллагууд дээр ажиллаж байгаа нь бидний ажлыг нийтэд ил тод болгох гүүр болно

A- A A+
У.Отгонбаяр: Ажлын хэсгийн төрийн байгууллагууд дээр ажиллаж байгаа нь бидний ажлыг нийтэд ил тод болгох гүүр болно

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна. Энэ үеэр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр тус ажлын хэсэгтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг хамтран сонгон шалгаруулах талаар дэлгэрэнгүй ярилцлагыг zaluu.com сайтад өгсөн байна.

“АТГ-аас томилсон ажлын хэсэг Барилга хот байгуулалтын яамнаас ажлаа эхэллээ” гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Энэ ажлын талаар танай яамны хамт олон хэр ач холбогдол өгч байна вэ? 

-АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын энэ сарын 9-нд “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу тус газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагууд дээр ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Үүний дагуу тус ажлын хэсгийнхэн манай яаман дээр энэ сарын 13-21-нд ажиллах төлөвлөгөөтэй. Манай яамны зүгээс ажлын хэсгийнхэнд ажиллах бололцоо нөхцөл, бүрэн бөгөөд үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй ажиллаж байна.

-Төрийн байгууллагууд дээр Олон нийтийн дэд зөвлөл байгуулна гэсэн. Танай яамнаас гурван гишүүн, харьяа агентлагаас нь мөн гурван гишүүн багтах юм байна. Энэ талаар?

- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоол 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд батлагдсан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах нь энэхүү ажлын хэсгийнхний болон манай яамныхны хийх ёстой ажлын нэг хэсэг юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон АТГ-ын дарга нарын хамтарсан тушаал энэ сарын 9-ний өдөр батлагдсан. Хамтарсан тушаалд баталснаар Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар тус бүр гурван гишүүнийг Олон нийтийн дэд зөвлөлд ажиллуулах ёстой. Дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэнд тавих шаардлагыг ч уг тушаалын хавсралтад тодорхой тусгасан байдаг. Тодруулбал дээд боловсролтой, ажлын туршлагатай, төсөв санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх шаардлагыг тавьж байгаа юм. Түүнчлэн сүүлийн хоёр жилд иргэд хяналт тавих чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллаагүй, гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхлээгүй, хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байгаагүй, төлөөлөл хэрэгжүүлээгүй, аль нэг намын харьяалалгүй, хэрэв намын гишүүн бол түдгэлзсэн байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээр шаардлагыг хангасан бол хүссэн иргэд холбогдох байгууллагад хандан Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллаж боломжтой. Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, иргэдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр , баримт бичгийн ил тод байдлыг хангах, нийтийн албан тушаалтны ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих зэргээр иргэд, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх сонирхлйг өрнүүлж ажиллах юм.

-Энэ сарын 13-наас эхэлж танай яаман дээр ажиллаж байгаа ажлын хэсэг нууц биш бол одоогоор ямар ажил хийгээд байгаа вэ?

-Бүхнийг нээлттэй болгохын тулд хийж байгаа ажил учраас нууц зүйл байхгүй. Эхний өдөр буюу 13-нд яамны удирдлагуудад ажлын чиг, зорилгоо танилцуулж холбогдох баримт бичгүүдтэй танилцаж эхэлсэн. 14-ний өглөө яамны нийт ажилтан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажил хийж байна. Мөн үргэлжлүүлэн албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр тухайн байгууллагад хэрэгжиж байгаа үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч ажиллах болно.