Хоёр жилийн өмнө, наадмын үеэр Баян-Өлгий аймгийн төвд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Өлгий сумын таван багийг хамарсан их хэмжээний үер болж, нэг хүүхэд амь насаа алдаж, 1600 орчим хүн орох оронгүй болж байв. Гамшгийн үр дагаврыг арилгахын тулд Засгийн газар, Онцгой байдлын албаны залуус шуурхай ажилласан бөгөөд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс үзүүлсэн мөнгө, эд материалын хандив дэмжлэгийн хүчээр үерийн дараах сэргээн босгох ажлыг харьцангуй богино хугацаанд гүйцэтгэсэн байдаг.
Тэгвэл энэ зун, мөн л наадмын үеэр тус аймагт гурван өдрийн турш үргэлжилсэн усархаг аадар бороо орж, аймгийн төвийн долоон багийн 530 айлын 2512 хүн орон гэргүй болов. Хоёр жилийн өмнөх үерийн дараах сэргээн босгох ажилд Засгийн газрын нөөц сангаас 329.5 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн талаар ОБЕГ-ын эх сурвалж тухайн үед хэвлэлд албан ёсоор мэдээлж байжээ.
Сангийн сайдын 2012 онд баталсан нэгэн журам бий. Тэр нь Засаг дарга нар “239” гэж нэрлэдэг, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам” юм. Энэ журамд хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах, барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, байгалийн гамшиг болон нийтийг хамарсан техникийн осол гарах үед хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, таслан зогсоох зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувийг нөөцөд заавал байлгаж, шаардлагатай тохиолдолд зарцуулахаар заасан юм.
Ямар ч тохиолдолд Засаг даргын нөөц хөрөнгийн 30 хувь байгалийн гэнэтийн үзэгдэл, аюул ослын үеэр хэрэглэгдэхэд бэлэн байх ёстой гэсэн үг. Гэтэл нийтлэлийн эхэнд дурдсан жишээн дээр авч үзвэл Баян-Өлгий аймаг гамшгийн үеэр зарцуулах хөрөнгө бэлэн биш байжээ. Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал, урамшуулал, бэлэг дурсгал, хүлээн авалт, хүндэтгэл үзүүлэх, дайллага цайллага зэрэг зориулалтын бус арга хэмжээнд зарцуулжээ. Хэрэв нөөц хөрөнгийг гамшгийн үйл ажиллагаанд зарцуулсан бол улсын төсөвт 329.5 сая төгрөгийн нэмэлт дарамт учруулахгүй байхаар байв.
Баян-Өлгий аймгийн хувьд 2017 онд УИХ-ын гишүүн тэргүүлсэн төлөөлөгчдөд зоог барихад 467 мянга, өөр аймгийн Засаг даргыг хүлээн авч, бэлэг дурсгалын зүйл гардуулахад 193 мянга, УИХ-ын гишүүд, сайд, яамдын мэргэжилтнүүд, хамгаалалтын алба, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүндэтгэлийн зоог, зочид буудал, бэлэг дурсгалын зүйлд 4.4 сая, Баянхонгор аймгийн төлөөлөгчид болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч, мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлэхэд 3.2 сая, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зочид төлөөлөгчдийг хүлээн авахад 199 мянган төгрөг гэх мэтээр зарцуулжээ.
Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж байгаа талаар АТГ-ын аймгуудад хийсэн шалгалтын дүнгээс зарим жишээг дурдъя.
Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө 2017 онд 241.7 сая төгрөгөөр батлагдсаныг бүрэн зарцуулж дуусгасан байна. Гэтэл Ховд аймагт байгалийн гамшиг нүүрлэхэд орон гэргүй болсон өрхүүдэд улсын төсвөөс нийт 57 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иж бүрэн гэр олгожээ. Мөн л төсөвт нэмэлт дарамт болсон гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтнууд Ховд аймагт 2017 онд албан ажлаар очих үед хүндэтгэл үзүүлэх, дайлж цайлах, гарын бэлэг өгөхөд 10 орчим сая төгрөг зарцуулсан байна.
Баянхонгор аймаг 2016 онд сар шинийн золголт хийхэд 1 сая, тэмээний баярын арга хэмжээг телевизээр гаргахад 20 сая, Ламын гэгээний замын зардалд 5 сая, хурандаа нарт хүндэтгэл үзүүлэхэд 526 мянган төгрөг зарцуулжээ.
Булган аймагт 2017 онд 490.9 сая төгрөг батлагдсанаас 386.9 сая төгрөгийг нь зарцуулжээ. Үүний 115 сая нь зөвхөн шагнал урамшуулалд “явсан” байна. 2016 онд УИХ-ын гишүүд, яамны дэд сайд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хүлээж авахад 22.9 сая төгрөг зарцуулсан байв.
Увс аймгийн хувьд 2016 онд шилдэг гэр бүл шалгаруулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 онд 381 сая төгрөг, 2017 онд 236 сая төгрөгийг тус тус зориулалтын бусаар зарцуулжээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлийн орон тооны гишүүн улирал бүр 30 мянган төгрөгийн урамшуулал авдаг, харин орон тооны бус гишүүд нь оролцсон хурал тутамдаа 5000 төгрөгийн урамшуулал авдаг байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах эрх бүхий зөвлөлийн гишүүд нь нөөц сангаас урамшуулал авч байв.
Дорнод аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс төрийн өндөр албан тушаалтан тус аймгийн ажил байдалтай танилцахаар 2 удаа ирэхэд нийт 19.8 сая, 2 сайд ирэхэд 1.8 сая төгрөг гаргасан байна.
Завхан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулалтын байдлыг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааг хамруулан хянан үзэхэд нэр бүхий хүмүүст хүндэтгэл үзүүлэх, дайлж цайлах, ой тэмдэглэх, эмчилгээний зардал гаргах, урамшуулал олгох зэргээр нийт 159.3 сая төгрөгийг захиран зарцуулсан нь төсвийн хөрөнгөд үрэлгэн байдлаар хандсаны жишээ гэж хэлж болохоор байна.
Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны А/133 дугаартай захирамжаар орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын “Ланд 80” маркийн автомашины засвар үйлчилгээний зардалд 3.3 сая төгрөг зарцуулсан нь мөн л журам зөрчсөн үйлдэл юм.
Өвөрхангай аймгийн болон сумдын Засаг дарга нар төсвийн хөрөнгийг хавтгайруулан, зориулалт бусаар, үр дүнгүй зарцуулсан байна. Тухайлбал, Тарагт сум баярын арга хэмжээ, сумын аваргын шагнал зэрэг арга хэмжээнд 4.5 сая, Хужирт сум УИХ-ын гишүүд болон бусад удирдах албан тушаалтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд 8.4 сая, Зүүнбаян-Улаан сум нутгийн зөвлөл хүлээн авах, шагнал гардуулах, тэмцээн уралдаан зэрэгт 7.4 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Энэ мэтээр Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал, урамшуулал, баяр наадам зохион байгуулах, зочид төлөөлөгчид хүлээн авах, бэлэг дурсгал өгөх, улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд хүндэтгэл үзүүлэх, сар шинийн золголт, гадаад томилолтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, цэрэг татлага, мал тооллого, хурдан морины уралдаан зохион байгуулах, хувь хүний орлогын албан татвар төлөх, орон нутгаас төрж гарсан үндэсний бөхчүүдийн хаврын бэлтгэлд зориулах, зэвсэгт хүчний ангиудад алба хааж буй дайчдыг эргэх, гавьяат зүтгэлтэн хүлээн авах, ял шийтгэгдсэн төрийн өндөр албан тушаалтныг эргэх, сайн малчныг шагнах, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах, улсын цол хүртсэн бөхийг урамшуулах, Засаг даргын зөвлөлийн гишүүдийн улирлын урамшуулал, Засаг даргын зөвлөхийг томилж урамшуулах зэргээр нөөц сангийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж байгаа олон жишээг дурдаж болно.
Сангийн сайдын баталсан дээрх журамд “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтыг үндэслэн Засаг дарга нар элдэв арга хэмжээнд мөнгө зарцуулдаг гэдгээ тайлбарлаж байгаа. Гэтэл үүнийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Мал тоолох, цэрэг татлага нь гэнэтийн, урьдчилан тооцоолж болохооргүй ажил мөн үү. Улсын наадамд түрүүлсэн бөхийг 5 сая төгрөгөөр урамшуулах нь зайлшгүй санхүүжилт гаргах ажил мөн үү. Гаднаас ирсэн зочин гийчний онгоцны зардлыг хүртэл гаргаж байгаа нь цаг үеийн шинжтэй ажил мөн үү.
Аймгийн төсвийн санхүүжилтийн урсгал зардалдаа тухайн төсвийн жилд тогтмол хийгддэг ажлуудын (мал тооллого, цэрэг татлага г.м) болон бусад төсвийн зардлыг зохих ангиллаараа суулгаж батлуулан, зориулалтын дагуу зарцуулж байхыг АТГ-аас аймаг, сумын Засаг дарга нарт зөвлөж байгаа юм. Засаг даргын нөөц хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалтад АТГ анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газарт өнгөрсөн онд хүргүүлсэн Зөвлөмждөө тодорхой санал тусгасан билээ.
АТГ-ын ажлын хэсгүүд одоогийн байдлаар 12 аймагт ажиллаад байгаа. Ажлын хэсгийн урьдчилсан байдлаар гаргасан тайлан, танилцуулгаас үзвэл төсвийн хөрөнгийг үр дүнгүй, үрэлгэн байдлаар захиран зарцуулж байгаа дээрх мэт зөрчлүүд аймгуудад илэрсээр л байна.
Энэ нийтлэл цааш үргэлжилнэ.
Т.МӨНХТУНГАЛАГ