Ч.Даваасүрэн: Монголд авлигаар улс төр, хуулийн салбарынхан манлайлж байгаа

A- A A+
Ч.Даваасүрэн: Монголд авлигаар улс төр, хуулийн салбарынхан манлайлж байгаа

Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болдог билээ. Үүнийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас авлигын нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр “Эм Эм Си Жи” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.

-2008 оноос хойшхи авлигын судалгааг харахад Монголын авлигын төвшинд өөрчлөлт орсон байх юм уу. Ер нь манай улс дахь авлига өссөн байна уу эсвэл буурсан байна уу гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Авлигатай тэмцэх газар, Азийн сан, Транспэрэнси интернэшнл байгууллагын 2008 оноос хойш хийсэн авлигын талаарх судалгааны үр дүнг нэгтгээд үзэхэд авлига огт буураагүй, эсрэгээрээ нэмэгдсэн байна. Бүр цар хүрээгээ тэлсэн байна. Монгол Улсын эдийн засаг өмнөх арван жилийнхтэй харьцуулахад тэлсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтын тендерийн зарлаж байгаа мөнгөн дүн, гэрээний үнэ нь ч нэлээн өндөр болсон. Тендерт ялахын тулд 10 хувь өгдөг гэдэг яриа байдаг. Өндөр дүнтэй гэрээний үнийн дүнгийн 10 хувь гэдэг бол мөнгөн дүнгээрээ өндөр тоо гарна. Нөгөө талаас хэлбэрийн хувьд жижиг авлига гэх юм уу, төрийн албан хаагчаас үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгдөг байдал буурсан байна. Төрийн алба хаагчийн үйл ажиллагаанд иргэдийн талаас хяналт тавих хандлага сайжирсан. Асуудал гарвал АТГ юм уу, дээд шатны байгууллагад нь хэлчихдэг. Эсвэл бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд шэйрлэдэг болсон. 2008 онд Азийн сангийн судалгаанд хамрагдсан иргэдийн 30 орчим хувь нь “төрийн үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгч байсан” гэдэг үнэлгээ өгч байсан. Энэ үзүүлэлт 10 жилийн хугацаанд тогтмол буурсаар 2018 оны гуравдугаар сарын судалгаагаар 4.2 хувь болж буурсан байгаа юм. Тэгэхээр хээл хахууль өгөх байдал буурсан. Гэхдээ улс төр, хууль хяналтын хүрээлэл дэх авлига ихэссэн. 2008 оноос хойш хийсэн авлигын судалгааны үр дүнг 1-5 хүртэл хэмжээсээр хэмжихэд дөрөв гэсэн үзүүлэлт дээр тогтмол барьсан. Энэ бол дээд төвшиндөө улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын үзүүлэлт өндөр байна гэдгийг харуулж байна. Энэ төвшинд авлига өндөр байгаагийн шалтгаан нь улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, дээр нь улс төрийн нам, бүлэглэлийг тойрсон асуудалтай холбоотой. Үүнтэй холбоотойгоор авлигын асуудал маш нарийн төвөгтэй байдал руугаа орж эхэлж байна. Судалгаагаар авлигын хэрэгт хэд хэдэн удаагийн үйлдэлтэй хэргүүдийн хувь нь илүү өндөр болж байгаа.

-Авлига хэлбэрийнхээ хувьд ноцтой болоод ирлээ гэж байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл, Монгол улсад ямар нөхцөл байдал үүсч, ямар эрсдэлийг дагуулах вэ?

-Энэ байдал цааш үргэлжилбэл Транспаренси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексээр манай улсын авлигын үзүүлэлт өндөр гарна. Уг ангилалд орсноор Монгол улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасна. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй болж эхэлнэ. Уул уурхайн салбарт том том дуулиант хэргүүд гарч, хөрөнгө оруулалтын төслүүд гацна. Нөгөө талаараа иргэд олон нийтийн төрд итгэх итгэл алга болно. Иргэд төрийн албанд, төрдөө итгэлтэй байснаар нийгэм зохистой хөгжинө. Гэтэл төрдөө итгэхээ болихоор ноцтой үйл явдлууд болох магадлалтай.

-Авлигын ноцтой байдал гэдгийг дээд төвшний авлигын хэрэг илүү ээдрээтэй, хариуцлагаас нуугдсан далд төвшин рүү шилжинэ гэж ойлгож болох уу?

-Олон нийт мэдэхээргүй нарийн зохион байгуулалтай болж, асуудал улам ужгирна. Сонгуулийн үеэр бие биеэ ил гаргаж тавьдгаас илүү мөсөн уулын суурь нь илүү гүн сууж эхэлнэ гэсэн үг.

-Гаднын зарим улсын жишээг харахад улс төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдвол хариуцлага тооцож чадаж байх юм. Зарим нь бүр өөрөө ажлаа өгч байна. Манайд ийм жишиг тогтоох ямар боломж байна. Өндөр албан тушаалтнууд авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглахыг зогсоох ямар боломж байна гэж харж байна вэ?

-Иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа шүгэл үлээгчид судалгаа, мэдээлэл дээр үндэслэн бодитой үнэлгээ хийж, хүчтэй дуугардаг байх хэрэгтэй. Нөгөө талаас төрийн байгууллагуудын мэдээлэл, судалгааны үр дүн, үйл ажиллагааных нь ил тод байдал нээлттэй байх ёстой. Түүнийгээ хүнд ойлгомжтой, ашиглаж болохуйц байдлаар гаргаад тавьбал олон талаас нь харж болно. Тухайлбал, ЖДҮХС-аас зээл авсан хүмүүсийн мэдээллийг нээлттэй болгож тавьснаар хэн нь хэний холбоотой байсан нь илэрсэн. Тэгэхээр нээлттэй өгөгдөл, мэдээллээс тодорхой үр дүн гарч ирж болох юм.

-Иргэн ажлаа бүтээхийн тулд авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг байдлыг арилгах ямар боломж байна. Ингэхийн тулд иргэн авлигын талаар тодорхой мэдлэг, ойлголттой байх шаардлага бий болсон уу?

-Иргэн авлига болон түүний хариуцлагын тухай мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Хэн нэгэн төрийн албан хаагчид хандахдаа ийм ийм бичиг баримт бүрдүүлсэн байх гэдэг шат дамжлагаа мэдэж, тодорхой бэлтгэлтэй очих ёстой. Нөгөө талдаа иргэний мэдэх шаардлагатай мэдээллийг төрийн байгууллагууд ил тод байлгаж, хэн ч байсан ашиглаж чадахаар ойлгомжтой байлгах ёстой. Түүнээс өөр зүйл шаардвал хүнд суртал үүсгэж байна гэдгийг иргэд ойлгож байх ёстой. Хэрэв хууль журмын дагуу үйлчилгээ явуулахгүй бол журмын дагуу материалаа бүрдүүлсэн болохоо илэрхийлдэг байх. Буцаагаад хариуцлага нэхдэг байх хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна төрийн албанд мэдлэг ур чадвартай хүнийг ажллуулах асуудал үүсээд байна. Ингээд ирэхээр төрийн үйлчилгээний алба хаагчдад улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг. Төрийн үйлчилгээний алба хаагчдыг халж, сольдог. Тэгээд мэдлэг, туршлага багатай хүн нь үйлчилгээ үзүүлэхдээ уддаг. Дүрэм журмаа мэдэхгүйн улмаас илүү, дутуу шат дамжлага нэмж асуудаг зүйлүүд бий. Тийм учраас төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажлуулах, мэдлэг ур чадвартай хүнийг ажлуулах тал дээр анхаарах шаардлага байгаа.

-Авлигын хэлбэрээрээ манайхтай ижилхэн төвшинд байсан улс орнууд авлигын асуудлаа хэрхэн шийддэг юм. Түүнээс Монголд хэрэгжүүлбэл тохирох арга бий юу?

-Хамгийн ойрхны жишээ Хятад улс байна. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ийн үзүүлэлтээр манай улстай нэг төвшинд явж байсан. Одоо бол өөр болсон. Ингэхдээ авлигачдыг яллах зарчмаар хариуцлага тооцсон байдаг. Гэхдээ манай улс төрийн албаны дүрэм журам, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулж, хариуцлагатай байдлыг бий болгох замаар авлигатай тэмцсэн улс орнуудын жишгийг дагаж болно.

-Тэгэхээр манай улс хариуцлагатай байдлыг бий болгож, төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох замаар авлигыг бууруулах арга хэмжээ авах ёстой гэсэн үг үү. Ер нь судлаач хүний хувьд манай улс цаашид ямар арга хэмжээ авбал авлигын асуудал буурна гэж харж байгаа вэ?

-Зөвхөн нээлттэй, хариуцлагатай байдлыг бий болгох ёстой гэж хэлж болохгүй болоод байгаа юм. Үүнийг цогцоор нь дээшлүүлэх шаардлагатай болоод байна. Нээлттэй байдлаар асуудлыг шийдэж болно. Гэтэл авлигын асуудлыг ил болгоод байхад арга хэмжээ авахгүй бол өөрөөр хэлбэл хариуцлагатай байдлыг сайжруулахгүй бол авлига зүгээр нэг ярьдаг зүйл болж хувирна. Тэгэхээр хариуцлагатай байдал, нээлттэй ил тод байдлыг нь ч цогцоор нь дээшлүүлэх хэрэгтэй.

-Улс төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах болон улсад их хэмжээний хохирол учруулсан авлигын асуудалд ямар хариуцлага тооцож, түүнийг хэрхэн бууруулах вэ?

-Улс төрийн нам, түүний санхүүжилт, сонгуулийн тогтолцоонд илүү анхаарал хандуулах шаардлагатай. Бизнесмэн хүн яах гэж улс төрд ороод байгаа юм бэ. Тэнд эрх мэдэл олох боломжийг сонгуулийн тогтолцоо өөрөө бий болгож байна. Тэд их зарцуулж улс төрд гарч ирнэ. Бизнесмэн хүн мөнгө зарсан бол давуулж ашиг олох ёстой байдаг. Ийм сэтгэлгээтэй хүн яагаад улс төрд ороод байгаа юм. Зарсан зарлагаа олж авна гэсэн үг. Тэгэхээр намын тогтолцоонд илүү анхаарах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж