ДЭЛХИЙ ДАХИНАА АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛЭЭР СОНИН САЙХАН ЮУТАЙ БАЙНА ВЭ?

A- A A+
ДЭЛХИЙ ДАХИНАА АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛЭЭР СОНИН САЙХАН ЮУТАЙ БАЙНА ВЭ?

Дэлхий дахинаа авлигатай хийж байгаа тэмцлээр сонин сайхан мэдээлэл арвин байна. Гурав дахь том тив болох Африкийн улс орнуудын авлигын эсрэг удирдагчид чуулж, Индонезийн иргэд урлагаар дамжуулан хийж буй соён гэгээрүүлэх ажилд шамдаж, Саудын Арабад авлигын эсрэг бүтэц цоо шинээр ажиллах болж, Украйн улсад зөвхөн авлигын хэргийг шийдвэрлэх тусгай шүүх ажлаа эхлүүлж, Энэтхэгийн авлигын эсрэг омбудсманы анхны дарга томилогдож, үүний зэрэгцээ авлигын хэрэгт ямар улсын хэчнээн албан тушаалтан шалгагдаж, мөн ял шийтгэгдсэн талаарх мэдээллийг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншина уу.


Африк тивийн 16 улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчид Угандад чууллаа. Тэд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, үр дүнг чанаржуулах талаар ярилцжээ. Энэ чуулган нь 9 дэх удаагаа болж байгаа уламжлалт арга хэмжээ аж.

Африк тивийн Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын Хамтын нөхөрлөлийн бүсийн хурлыг нээж хэлсэн үгэндээ Уганда улсын Ерөнхийлөгч Ёвери Мусэвени авлигатай тэмцэхэд гурван зүйлийг онцлон дурджээ. Үүнд нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа, үр дүнтэй хэрэгжихүйц яллах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг шуурхай гүйцэтгэх ёстой гэж онцолсон байна. Дэлхийн банкны зүгээс 2030 он гэхэд хөгжиж буй орнууд дахь хэт ядуурлыг бууруулахад авлигатай тэмцэх нь хамгийн оновчтой гарц мөн гэж зөвлөж байгаа. Тиймээс Африк тивийн хувьд авлигатай тэмцэх чиглэлээр тусгай хөтөлбөр, шинэлэг санаачилгыг дэвшүүлж, илүү эрчимтэй ажиллах шаардлагатай болжээ. Авлига нь Африкийн төдийгүй дэлхий нийтийн сэтгэл түгшээсэн гол асуудлуудын нэг хэвээр байгааг бусад улс орнуудад өрнөж буй үйл явдлууд батлан харуулсаар байна.

Сар гаруйн өмнө Индонез улсын 191 сая хүнийг хамарсан үндэсний хэмжээний сонгуулиар авлигын асуудал сонгогчдын сэтгэлийг хамгийн ихээр зoвooж байгааг мэдээлж байв. Тус улсын түүхэнд харгис хэрцгийгээр тэмдэглэгдэн үлдсэн цэргийн дарангуйллаас хойш яг 21 жилийн дараа Индонезийн иргэд ерөнхийлөгчийн, парламентын, бүс нутгийн, орон нутгийн гэсэн 4 том сонгуулийг нэгэн зэрэг өгч, дэлхий дээрх хамгийн цогц сонгуулийг зохион байгуулсан юм. Сонгуульд өрсөлдөгч улстөрчдийн зүгээс бэлэн мөнгө болон бэлгээр санал худалдаж авах явдал хавтгайрсан гэж иргэд шүүмжилж байна.

Индонези иргэд авлигатай байнга нүүр тулдаг ч энэ нь тэдний өдөр тутмын амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг тэр бүр мэддэггүй. Авлигын хор хөнөөлийн талаарх ойлголт ч тэдэнд байдаггүй ажээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын хор аюулын талаар өдөр бүр мэдээлж байгаа ч ихэнх индонези хүн авлигыг энгийн зүйл, байх ёстой үзэгдэл гэж авч үздэг бололтой. Улс орных нь хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын тоонд авлигыг нэрлээгүй бөгөөд тэр ч бүү хэл 12 хотын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан томоохон судалгаагаар “Авлига гэдэг бол ажлын хөлс, төлбөр” гэсэн хариулт давамгайлжээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх хуультай, үндэсний стратегитай боловч энэ нь авлигатай тэмцэхэд хангалтгүй, тиймээс иргэд, олон нийтийг авлигатай тэмцэх үйл хэрэгт идэвхтэй оролцуулах ёстой гэж судлаачид дүгнэж байна. Хэдийгээр 2011 оноос хойш “Транспэрэнси Интернэшнл-Индонез” байгууллага олон нийтэд авлигын эсрэг ухуулга сурталчилгааг урлаг, кино, дуу хөгжим, театр зэргээр дамжуулан түгээж, уран бүтээлчидтэй хамтран авлигыг үл тэвчих үзэл санааг хамгийн энгийн, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэсээр байгаа ч тэдгээр нь төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа аж. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урлагаар хүргэх нь иргэдэд эерэг нөлөө үзүүлдэг тул залуусын сонирхдог панк хамтлаг болох “Маржинал”-аар дамжуулан авлигын асуудлыг хөнддөг байна. Соёл урлагаар дамжуулан авлигатай тэмцэх ажлаа улам эрчимжүүлж, иргэдийн авлигыг хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээг аажмаар өөрчлөх болно гэдгээ Индонези улс дэлхий нийтэд зарлан мэдээлээд энэ ажилдаа шуурхайлан ороод байна.

Авлигын индексийн үзүүлэлтээр сүүлийн гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа 7 орны нэг Норвеги улс хууль тогтоох, шүүх засаглалын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх туршлагаараа загвар улс боллоо. 2014 оноос эхлүүлсэн авлигын эсрэг арга хэмжээний үр дүн ийнхүү 5 жилийн дараа гарч байна. Норвеги улс төрийн албанд ёс зүйн цоо шинэ журам нэвтрүүлсэн төдийгүй парламентын гишүүдээс нөлөөллийн мэдүүлэг авах тогтолцоог бүрдүүлж чаджээ. Европын зөвлөлийн Авлигын эсрэг нэгжийн сайшаан дэмжсэнээр Норвеги улсын энэхүү туршлагыг бусад улс орнуудад загвар болгохыг чухалчилж байна.

Украйнд авлигын эсрэг тусгай шүүх байгуулагдан ажиллах боллоо. Олон улсын валютын сангийн 3.9 тэрбум долларын зээлийн хүрээнд байгуулж байгаа авлигын хэргийг хянаж шийдвэрлэх энэ шүүх авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэрийг улс төрийн дарамт шахалт, хээл хахуулиас гаргах зорилготой ажээ. Шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулахад долоон сарын хугацаа орсон бөгөөд 38 шинэ шүүгч ажилдаа хэдийнэ оржээ.

Украйны тав дахь Ерөнхийлөгч Петро Порошенко сүүлийн таван жилд авлига хээл хахууль, улсын төрийн сангаас хулгайлагдсан хөрөнгийн асуудлыг илчилж чадаагүй гэж шүүмжлэгддэг. Авлигын асуудлыг анхаарч үздэггүй нь олны дургүйцлийг ихээр төрүүлдэг байна. Түүний хүрээллийн хүмүүс батлан хамгаалахын салбарын хөрөнгө шамшигдуулсан зэрэг хэргүүдэд холбогдсон нь түүний нэр хүндийг унагасан, үүгээрээ ч тэрээр саяхан болсон сонгуульд ялагдсан юм. Одоо шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленски өмнөх төрийн тэргүүний байгуулсан авлигын эсрэг шүүхийг хэр зэрэг дэмжиж ажиллахыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Авлигын хэргийг хянан шийдвэрлэх нь нийгэмдээ томоохон шүүмжлэл дагуулдаг Сьерра Лион улс авлигын хэрэг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулжээ. Авлигын зарим хэрэг 3 жил болж байж эцэслэн шийдвэрлэгддэг нь гэмт хэргийн хор хохирлыг барагдуулах, шударга ёсны тогтолцоонд маш муу нөлөө үзүүлж байгааг харгалзан Дээд шүүхийн бүтэц дотроо ийнхүү тусгай нэгж бий болгосон байв.

Зөвхөн авлигын хэргийг шийдвэрлэх тусгай шүүх байгуулагдан ажиллаж байгаа мэдээтэй зэрэгцэн зарим улс орнууд Авлигын эсрэг шинэ нэгж байгуулсан тухай таатай мэдээ түглээ. Саудын Араб 15 сарын турш зохион байгуулсан авлигын эсрэг кампанит ажлынхаа төгсгөлд улсын мөнгөний зарцуулалтыг хянах шинэ нэгжийг ажиллуулж эхэллээ. Тэр нь Санхүүгийн мэдээллийн нэгж гэх нэртэй бөгөөд Аудитын ерөнхий товчооны бүтцэд багтаж байна. Тэгвэл Хойд Судан улсад авлига болон улсын хөрөнгийг завших асуудалд хяналт тавих чиг үүрэг бүхий тусгай хороо байгуулагдаж төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж эхэлжээ. Сүйрсэн орнуудын индексээр дэлхийн хамгийн тогтворгүй улс гэж тооцогддог Суданд авлигатай тэмцэх байгууллага ажиллаж эхэлсэн нь 30 жил тасралтгүй төрийн эрх барьсан Ерөнхийлөгч Омар Аль-Баширийг огцруулсан, харшаас нь 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад мөнгөн тэмдэгтийг хураан авсан, төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөл гартаа авсан цаг үетэй давхцаж байгаа юм.

Саудын Арабын Санхүүгийн мэдээллийн нэгж нь авлигатай тэмцэх, улсын мөнгийг хамгаалахад онцгой хүчин чармайлт гаргаж ажиллах бөгөөд Ханхүү Мохаммед бин Салман өөрийнх нь хэлснээр “цочролын эмчилгээ”-гээ ийнхүү үргэлжлүүлэх болжээ. Ханхүүгийн “цочролын эмчилгээ”-ний дүнд нийт 106 тэрбум долларыг авлигын хэрэгт холбогдсон ханхүү нар, сайдууд болон бизнес эрхлэгчдээс хураан авсан байна. Одоогийн байдлаар 56 хүн ял сонсохоор байгаа, мөн 8 хүний хөрөнгийг хураахаар төлөвлөж байгаа юм байна.

Хойд Судан болон Саудын Арабын байгуулсан авлигын эсрэг шинэ нэгж нь өрсөлдөгчөө намнах улс төрийн бодлого, эрх мэдлийн тоглоом хэмээн зарим судлаач дүгнэж байгаа. Гэвч “Төрийн бүх албан тушаалтныг хянан шалгах чиглэлээр ажиллана” гэсэн өндөр албаны хүмүүсийн мэдэгдэл нь авлигатай тэмцэх чиглэлээр цоо шинэ алхам, хүсэл зоригийн бодит дэвшил болжээ.

Авлигатай тэмцэхэд эрх баригчдын хүсэл зориг хамгаас чухал байдаг. Эрх баригчдын авлигатай тэмцэх хүсэл зориг гэдэгт оновчтой хууль батлах, авлигатай тэмцэх байгууллагад төсөв хөрөнгө хангалттай хуваарилах, бие даасан байдлыг нь дэмжих гэх мэт олон асуудал багтдаг. Тэгвэл энэ чиглэлээр дэлхийн зарим улс орнууд тэргүүлж байна. Тухайлбал, Австралийн Засгийн газар төрийн салбар дахь гэмт хэрэгтэй тэмцэхэд 4 жилийн хугацаанд 104 сая австрали доллар зарцуулахаар баталжээ. Ингэхдээ авлигатай тэмцэх байгууллагаа Хамтын нөхөрлөлийн хяналт шалгалтын хороо болгон өргөтгөж, эрх мэдэл, чиг үүргийг нь ч нэмэгдүүлсэн байна.

Тэгвэл Европын хамгийн авлигажсан улс орноор нэрлэгддэг Румын улсын парламентын гишүүд өндөр түвшний авлигын хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхтэй холбоотой зүйл заалтыг эрүүгийн хуульдаа орууллаа. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Майами хотод авлигатай тэмцэх олон улсын тусгай тасаг байгуулсан нь АНУ-тай холбоотой гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах 4 дэх том нэгж болов. Энэтхэг улсад Авлигын эсрэг омбудсманы газрын анхны даргаар Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Пинаки Госийг томилсон байна.

Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 5 дахь даргаар Зандраагийн Дашдавааг Улсын Их Хурлаас томиллоо. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагаас авлигатай тэмцэх ажилд иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, олон анхаарал татсан эрүүгийн хэргүүдийг шуурхай, шударга шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдээд байна.

Литва улсад нийт 26 хүнийг авлигын хэргээр баривчилсны дотор тус улсын 8 шилдэг шүүгч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг гойд ихээр татлаа. Тэдгээр шүүгчид захиргааны, иргэний, эрүүгийн хэргийн шийдвэр бүрт 1000-100000 еврогийн хахууль авдаг байсан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Үүнтэй зэрэгцэн Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримов агсны охин Гулнара Каримова болон тус улсын Харилцаа, холбооны газрын дарга асан Бекзод Ахмедов нарыг мөнгө угаасан гэх үндэслэлээр, Германы эмийн нэгэн компанийг эрүүл мэндийн салбарын төрийн албан тушаалтнуудад хууль бус төлбөр өгсөн гэх үндэслэлээр, Мозамбик улсын төрийн албан тушаалтнууд залилангийн гэмт хэрэг үйлдэж, төрийн өмчит компанид 2 тэрбум ам.долларын зээл олгуулах замаар 200 сая ам.долларын хөрөнгө завшсан хэргийг тус тус шалгаж эхэлжээ.

Хонконгийн Дотоод хэргийн сайд Патрик Хо гэгч нь эрчим хүчний гэрээг Чад улсын Ерөнхийлөгч болон Уганда улсын Гадаад харилцааны сайд нартай байгуулахдаа 2,9 сая ам.долларын хахууль өгөхөөр амласан гэх хэрэгт буруутгаж 36 сар хорих ял, 400,000 ам.долларын торгууль оногдуулсан байна. Канад улсын шүүхээс Энэтхэгийн иргэний агаарын тээврийн компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль өгөхийг оролдсон гэх үндэслэлээр АНУ-ын болон Их Британийн иргэдэд 30 сарын хорих ял оногдуулсан тухай мэдээлэл дэлхий нийтэд түгсэнийг энэхүү нийтлэлдээ товч дурдан нэгтгэлээ. Дэлхий нийтэд авлигатай тэмцэх чиглэлээр ямар сонин үйл явдал, мэдээлэл гарч байгааг цаашид тодорхой давтамжтайгаар эрхэм уншигч Танд мэдээлэн хүргэж байх болно.

Т.МӨНХТУНГАЛАГ

2019.05.14.

Эх сурвалж: АТГ-ын цахим хуудасны Гадаад мэдээний цэс