Украин Улс: Хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг ямар тохиолдолд хэрхэн мэдүүлэх вэ?

A- A A+
Украин Улс: Хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг ямар тохиолдолд хэрхэн мэдүүлэх вэ?

Жил бүрийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах үеэр Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын иргэдтэй харилцах төвд ирдэг хүсэлтүүдийн 25 хувь нь мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогод гарсан их хэмжээний өөрчлөлтийг тайлагнахтай холбоотой байдаг. Түгээмэл ирдэг тус асуултуудад дараах хариултыг өгч байна.

Хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар мэдүүлэг гаргах үүрэг бүх төрийн албан хаагчид хамаарахгүй, зөвхөн зарим тодорхой ангиллын мэдүүлэг гаргагчид хамаарна. Үүнд:

  1. Украин Улсын Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 51-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлагатай болон онцгой хариуцлагатай албан тушаалтнууд орно. Үүнд төрийн байгууллагын удирдлагууд, тэдгээрийн орлогч, нэгжийн дарга, шүүгч, прокурор, мөрдөгч, байцаагч мөн хууль сахиулах байгууллагын бусад ажилтан багтана.
  2. 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Украин Улсын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын 249/23 дугаар тушаалаар баталсан жагсаалтын дагуу авлигад өртөх өндөр эрсдэлтэй албан тушаалтнууд мэдүүлнэ.

Төрийн албаны бусад ангилалд хамаарах албан тушаалтнууд дээрх мэдүүлгийг гаргах шаардлагагүй.

Мэдүүлэг гаргах үүрэг хэзээ үүсэх вэ?

Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлого, эсвэл зарлага нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс давсан тохиолдолд мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. 2024 онд энэ хэмжээ нь 151,400 UAH /3,363.54 USD/ байна.

Мэдүүлэг гаргах үүрэг нь зөвхөн дараах тохиолдолд үүснэ:

·         Орлого олсон, өмч худалдан авсан, мөн зарлага гаргасан;

·         Орлого олсон /өмч худалдан авсан/, зарлага гаргасан нь мэдүүлэг гаргагч этгээд байх;

·         Орлого болон зарлага нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс давсан байх.

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах талаар хуульд заагаагүй.

Орлого олсон, өмч худалдан авсан, эсвэл зарлага гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор мэдүүлгээ шинэчлэн гаргахаар заасан байна.

Дараах тохиолдолд хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон гэж үзнэ:

·         Нэг удаагийн гүйлгээгээр хийсэн байх /орлого олох, өмч худалдан авах, эсвэл зарлага гаргах/ бөгөөд тодорхой хугацааны нийт орлого, зарлага биш юм.

·         Орлогыг татвар болон хураамж хасаагүй дүнгээр тооцно.

·         Орлого баталгаажсан байх.

Мэдүүлэг шинэчлэн гаргах үүрэг бүхий төрийн албан хаагч нь урамшуулал, бонус авсан, байшин, машин, газар, эсвэл бусад төрлийн өмч худалдаж авсан, нэг удаад гаргасан зарлага /сургалтын төлбөр, аяллын зардал гэх мэт/ нь 151,400 UAH /3,363.54 USD/ давсан тохиолдолд их хэмжээний өөрчлөлтөд тооцогдоно.

Анхаарах зүйл нь хэрвээ өв залгамжлал, бэлэг, эсвэл үл хөдлөх хөрөнгийн хувьчлалаар хүлээн авсан бол, хөрөнгийн үнэлгээ хийгээгүй бөгөөд үнэлгээ нь мэдэгдэхгүй бол мэдүүлгийг шинэчлэн гаргах шаардлагагүй. Ийм өмч хөрөнгийг тухайн тайлант хугацааны мэдүүлэгт тусгана.

Өмч худалдан авахтай зэрэгцэн зарлага хийсэн тохиолдолд хэдэн мэдүүлэг гаргах шаардлагатай вэ?

Хэрэв тухайн зарлага нь өмчийг худалдан авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хийгдсэн бол нэг удаа мэдүүлгээ шинэчлэн гаргана.

Амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээг 50 дахин нэмэгдүүлснээс давсан үнэтэй өмч худалдан авсан тохиолдолд нэг удаагийн мэдүүлэг гаргаж, тухайн өмч болон зардлын тухай мэдээллийг холбогдох хэсэгт оруулна.

Энэ дүрэм нь өмч худалдан авах үед мэдүүлэгч этгээд тухайн өдөрт, эсвэл уг өмч худалдан авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэг удаагийн зардал гаргасан үед хамаарна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар мэдүүлэг гаргагч нь өмчлөх эрхийг тухайн өдөр шилжүүлэн авсны дараа 10 хоногоос хойш хугацаанд хийсэн бол хоёр удаа шинэчилсэн мэдүүлэг гаргана.

Жишээ нь: Мэдүүлэг гаргагч 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж үзье. Энэ өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох өөрчлөлтийг Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд оруулж, мөн борлуулагчид үнийг төлж, санхүүгийн гүйлгээ хийжээ. Энэ тохиолдолд мэдүүлгээ нэг удаа шинэчлэн гаргана. Мэдүүлгийн маягтын 3-р хэсэгт байх "Үл хөдлөх хөрөнгө" цэсэд худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээлэл, 9-р хэсэгт байх "Зарлага" цэсэд төлсөн мөнгөн дүнгийн мэдээллийг тусгана.

Мэдүүлэг хэрхэн шинэчлэн гаргах вэ?

Хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт гарсан тухай мэдүүлэг гаргахын тулд дараах алхмуудыг хийнэ:

·         Цахим гарын үсэг ашиглан Мэдүүлгийн бүртгэлийн системд нэвтрэх;

·         Өөрийн бүртгэлээс "Хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон талаар шинэчилсэн мэдүүлэг гаргах" гэсэн сонголтыг сонгох;

·         Зааврыг уншиж, маягтыг бөглөн, шаардлагатай мэдээллийг оруулах;

·         Баримтад гарын үсэг зурж баталгаажуулан илгээх..

Анхааруулга: Хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдүүлгийг мэдүүлэг гаргагч дараа жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тухайн тайлант хугацаанд орсон өөрчлөлт хэмээн тусгах шаардлагатай.

Эх сурвалж: https://nazk.gov.ua/en/news/reporting-significant-changes-in-property-status-who-has-to-file-it-and-under-what-conditions/