Жилийн 13 мянган ам.долларын цалингаар улстөрч гадаадад хэдэн зуун байшин хэрхэн худалдаж авсан нууцлагдмал байдал илчлэгдэв.
Мөрдөн шалгах алба Их Британи Улсад нууц ажиллагаа явуулж, Читтагонг боомт хотын хүчирхэг гэр бүлээс гаралтай 55 настай Чоудхури тухайн улсын Мөнгөн тэмдэгтийн тухай хуулийн дагуу нэг иргэн Бангладешаас гаргаж болох мөнгөн дүнгийн хязгаар болох жилийн 12,000 ам.долларыг үл харгалзан, хэрхэн үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрэнтэй болсныг мөрдөн шалгажээ.
Бангладеш улсын Дээд шүүхийн өмгөөлөгч доктор Шахдин Малик “Аль-Жазира” агентлагт хэлэхдээ “Тус улсын үндсэн хуульд улстөрчид гадаад дахь хөрөнгөө мэдүүлэх ёстой гэж тодорхой заасан байдаг” гэв.
Бангладеш улсын эрх баригчид Чоудхуригийн банкин дахь дансыг битүүмжилсэн бөгөөд одоогийн байдлаар түүнийг Их Британи руу олон сая ам.долларыг шилжүүлж мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Тэрээр өнгөрсөн наймдугаар сард оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг Аюулгүй байдлын хүчнийхэн хүчээр дарж, олон зуун хүн амиа алдсаны дараа Бангладешаас зугтсан Ерөнхий сайд Шейх Хасинагийн ойрын холбоотон байсан ба Хасинаг огцорсны дараа Бангладешийн эрх баригчид түүний Засгийн газрын авлигын хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Бангладеш улсын Төв банкнаас Чоудхури болон түүний гэр бүлийн дансуудыг битүүмжилж байх үеэр Авлигатай тэмцэх хороо нь түүнийг хууль бусаар “олон арван мянган крор така” (хэдэн зуун сая доллар)-ыг олж авч Их Британи руу угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чоудхури 2016 оноос хойш зөвхөн Их Британид л гэхэд 360 байшин худалдаж авах боломжтой байсан нь тогтоогджээ.
Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдыг “авлигын өндөр эрсдэлтэй” гэж үздэг, учир нь тэдний хөрөнгө нь төрийн сангаас хулгайлагдсан хөрөнгө, эсвэл Засгийн газрын гэрээ авахын тулд өгсөн хахууль байж болзошгүй юм.
Лондонгийн үл хөдлөх хөрөнгө зуучлагч Рипон Махмуд Аль Жазирагийн нууц сурвалжлагчдад Чоудхурид үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрнээ байгуулахад тусалсан Лондонгийн зөвлөхүүдийн сүлжээг танилцуулсан байна. Үүнд Чоудхурид 100 гаруй зээлийг дахин санхүүжүүлэхэд нь тусалсан Чарльз Даглас “Charles Douglas Solicitors LLP”; “Market Financial Solutions” болон бусад бизнесүүдээрээ дамжуулан хэдэн зуун зээл олгосон Пареш Раджа, мөн сайдад мөнгө зээлсэн Сингапурын “DBS” банкны Рахул Марде нар багтсан байна.
Төрийн өндөр албан тушаалтай улстөрчийн хувьд түүнийг “улс төрийн нөлөөнд автсан хүн (PEP)” гэх ангилалд багтаах, мөн Их Британид үл хөдлөх хөрөнгө зуучлагчид, банкууд, зээлдүүлэгчид болон хуульч нартай ажиллах үед нэмэлт хяналт шалгалтад хамруулахыг шаардах ёстой байсан. Чоудхури наймдугаар сард Бангладешээс оргон зайлсан бөгөөд шалгалтын хариуд "Аль-Жазира" агентлагт хэлэхдээ “Түүний гадаад дахь үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад зарцуулсан хөрөнгө нь Бангладешээс гадуурх хууль ёсны бизнесээс олсон орлого бөгөөд олон жилийн турш эзэмшиж байсан ба өөрийгөө өмнөх Засгийн газартай холбоотой хүмүүсийг онилсон улс төрийн зорилготой "хэлмэгдүүлэлт"-ийн бай болсон” гэж мэдэгджээ.
“Charles Douglas Solicitors LLP”, “Market Financial Solutions”, Пареш Раджа, “DBS” Банк болон Рипон Махмуд нар “Аль Жазира” агентлагт Чоудхуригийн талаар мөнгө угаахтай тэмцэх хатуу шалгалт хийсэн гэж мэдэгджээ. Тэд түүний хөрөнгийг Бангладешаас бус харин Арабын Нэгдсэн Эмират Улс, АНУ болон Их Британи дахь хууль ёсны, урт хугацааны бизнесүүдээс татсан гэж хэлсэн байна.
Зөвлөхүүдийн хэлснээр Бангладешид болсон сүүлийн үеийн үйл явдлууд нь санхүүгийн байгууллагуудын стандарт ажиллагаа болох мөнгө угаахтай тэмцэх, эсвэл хэрэглэгчээ таньж мэдэх шалгалт хийж буй хэн бүхэнд хүртээмжтэй мэдээлэл байгаагүй гэжээ. Харин Мөрдөн шалгах алба нь Чоудхуригийн хагас тэрбум долларын үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрнийг хэрхэн байгуулсан болохыг илрүүлэхээр "Сайд ба түүний сая доллар”-ын мөрөөр ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2024/9/20/how-a-bangladesh-minister-spent-more-than-500m-on-luxury-property