Харин хэрэгт ач холбогдолтой нотлох баримт буюу жишээ нь авлига, албан тушаалын хэрэг дээр ярихад санхүүгийн баримт, албан бичиг, гарын үсэг бүхий бусад баримтууд, файл зэргийг устгаж үгүй болохоос нь өмнө мөрдөгч илрүүлж, цуглуулж, бэхжүүлж авах, шинжээч, мэргэжилтний дүгнэлт гаргуулах зэрэг нь хэргийн болсон байдлыг бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой байдаг.
Өнгөрсөн хугацаанд авч үзэхэд АТГ-т ирж байгаа бүх гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй биш. 50 орчим хувь нь гэмт хэргийн шинжтэй. Түүн дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааг хийдэг. Тэдгээрээс зарим хэргүүд нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болж, үлдсэн хэргүүдийг нь шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа.
Авлига маш ярвигтай үзэгдэл. Түүхээс аваад үзэхэд нийгэм болон улс төрийн соёл гэх зэргээс маш их улбаатай байдаг. Тиймээс улс төрийн аливаа нэгэн нөлөөлөл, оролцоог дуусгавар болгосноор авлигад нааштай үзүүлэлт гарах ёстой байгаа юм. Тэгэхдээ энэ бол нэг өдрийн дотор хийгдэхгүй. Тууштай удаан замыг туулах хэрэгтэй гэсэн үг.
Х.НЯМБААТАР: АТГ-ын ажлын статистик сайн байгаа
Авлигатай тэмцээд байгаа. Албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа. Гэтэл авлигын гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ гэмт хэргийн тоо яагаад буурахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Судлаад үзэхээр ерөөсөө авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин хангалтгүй байна гэж харж байгаа юм.
АТГ-ын хувьд авлигын хэргийг өндөр, жижиг түвшнийх гэлтгүй бүх мэдээллийг онцгойлон анхаарч мөрдөн шалгадаг. 2021 онд 160 авлигын хэргийг шүүхээр шийдвэрлэж ял оногдуулсан байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахимаар оролцож хэлсэн үг
Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна.
Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүлж чадвас хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүй хойч үеийнхээ олон боломжийг үгүйсгэх, улмаар энэ байдал даамжирвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг ч үгүйсгэх аргагүй байна. Авлига нь Монгол хүнийг, Монгол төрийг, Монгол Улсыг сулруулах аюул занал мөн гэдгийг бид үргэлж санаж, түүнтэй эрс шийдэмгий, системтэй тэмцэх шаардлагатай. Авлигатай тэмцэх нь нэг өдрийн, нэг жилийн, эсвэл нэг Засгийн газрын хийдэг ажил биш. Хүний амьсгалах агаар мэт өдөр тутмын нэн хэрэгцээ шаардлага болж байнга тэмцэж байх үйл явц юм. Ийм үйл хэрэгт төр, төрийн байгууллага, төрийн албан хаагчид түүчээлэх хэрэгтэй гэж бодож байна. Монголын төрд зүтгэж буй хүн бүр авлигаас ангид, чигч шударгаар ажиллаж чадвал авлигатай тэмцэж байгаа ажлын бодит үр дүн болно.
Бид асуудлаас зугтах биш асуудлыг өөрсдөөсөө эхлүүлж байна. Дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс түдгэлзүүлдэг болсон.