Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

A- A A+
Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 170 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 115 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 860 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 2 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Булган аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Л” нь сургуулийн төсөвт хохирол учруулсан гэх, Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч “Ч” өөртөө болон бусдад давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ажилтан “Д” нь өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулсан Үнэлгээний хорооны гишүүд шаардлага хангаагүй хуулийн этгээдийг шалгаруулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны газар зохион байгуулагч “Х” нь бусдаас удаа дараа хахууль авсан гэх, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга “Б” нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга “Т” нь улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.