Транспэрэнси Интернэшнл - Авлигын эсрэг даян дэлхийн эвсэл

A- A A+
Транспэрэнси Интернэшнл - Авлигын эсрэг даян дэлхийн эвсэл
Транспэрэнси Интернэшнл (ТИ) нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд авлигын эсрэг тэмцлийг манлайлдаг иргэний нийгмийн байгууллага юм. Өдгөө ТИ дэлхийн зуун улс оронд гишүүн байгууллагатай бөгөөд Олон улсын Нарийн бичгийн дарга нарын газар нь ХБНГУ-ын Берлин хотноо байрладаг. ТИ, түүний гишүүн байгууллагууд болоод үйл ажиллагааных нь талаарх мэдээллийг www.transparency.org вэбсайтаас сонирхоно уу.

Transparency International Secretariat
Alt Moabit 96
10559 Berlin
Germany Tel: +49-30-3438 20 19/45
Fax: +49-30-3470 3912
press@transparency.org

ОНМХ-д зориулсан тойм
ОНМХ-ийг хариуцсан ажилтнууд:
Gypsy Guillйn Kaiser, ggkaiser@transparency.org
Tel:+49 30 343820662 / Fax: +49 30 34703912
Jesse Garcia, jgarcia@transparency.org
Tel.: (+49-30) 3438 20 667 / Fax: (+49-30) 3470 3912

Мэргэжлийн тодруулгыг доорх хаягаар авч болно:
Prof. Dr Johann Graf Lambsdorff
Passau University, Germany
Tel: +49 851 509 2551
jlambsd@uni-passau.de

Транспэрэнси Интернэшнл
2006 оны Авлигын түвшин тогтоох индекс

Авлигын түвшин тогтоох 2006 оны индекс ядуурал ба авлига хоёр шууд хамааралтай байдгийг дахин нотолж, авлигатай тэмцэх хууль тогтоомж сайжирсан ч авлигын механизмууд “зэврээгүй, тосолгой сайнтай” байгааг харуулж байна.

Берлин, 2006 оны 11 дүгээр сарын 6 – ны өдөр албан ёсоор толилуулж буй Транспэрэнси Интернэшнлийн Авлигын түвшин тогтоох 2006 оны индекс, авлига, ядуурал хоёр шууд хамааралтай байдгийг авлигын индексийн түвшний дагуу гаргасан жагсаалтын адагт бүх буурай хөгжилтэй, ядуу орнууд дараалан жагсаж буй байдал нотолж байна.

ТИ-ийн тэргүүн, хатагтай Хюгетт Лабеллийн хэлснээр “Авлигын уршгаар сая сая хүн ядуурлын “хавханаас” гарч чадахгүй байна”. “Хэдийгээр өнгөрсөн арваад жилийн хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд ахиц гарсан ч дэлхийн хамгийн ядуу иргэдийн амьдралын түвшинд бодитой өөрчлөлт оруулахын тулд ихээхэн зүйл хийх шаардлагатай байгааг өнөөгийн энэхүү үзүүлэлтүүд харуулж байна” гэж тэмдэглэв.

Авлигын индекс бол мэргэжлийн байгууллагуудаас олон нийтийн санал асуулга хэд хэдэн удаа явуулж, эдгээр асуулгын үр дүнг үндэслэн тооцоолж гаргадаг нийлбэр үзүүлэлт юм. 2006 оны индексийг тодорхойлохын тулд дэлхийн 163 улс оронд төрийн байгууллагын авлигын талаар судалгаа явуулсан нь одоогоор хамгийн өргөн хүрээтэй тандалт болж байгаа юм. Судалгаанд хамрагдсан улс орнуудад 0-10 хүртэл оноо ногдуулж байр эзлүүлдэг бөгөөд тэг нь авлигын мэдрэгдэх түвшин дээгүүр байна гэсэн үзүүлэлт бол, арав нь авлигын мэдрэгдэх түвшин дор байгааг харуулна.

2006 оны авлигын түвшин тогтоох индекс-д хамрагдсан улс орнуудын бараг дөрөвний гурав нь буюу Африк тивийн хоёр орныг эс тооцвол орлого багатай бүх улс оронууд таваас доош оноо авсан байгаа нь авлига, ядуурал хоёрын хоорондын хамаарал хүчтэй байгааг илэрхийлж, авлигын мэдрэгдэх түвшин дэлхийн ихэнх улс оронд нилээд өндөр байгааг харуулж байна.

Эдгээр улс орны бараг тал хувь нь буюу 71 нь гурваас доош оноотой байгаа нь тухайн улс оронд авлига хирээс хэтэрсэнийг (хяналтгүй байгааг) харуулж байна. Гаити 1.8 оноо, Гвиней, Ирак, Мьянмар улс тус бүр 1.9 оноо авч жагсаалын сүүлд орж байгаа бол тус бүр 9.6 оноотой Финлянди, Исланди, Шинэ Зеланди улс тэргүүн байранд байна. Бразил, Куб улс, Израиль, Йордан, Лаос, Сейшел, Тринидад ба Тобаго, Тунис, АНУ зэрэг орнуудын авлигын мэдрэгдэх түвшин ихээхэн нэмэгдсэн байна. Харин Алжир, Чех Бүгд Найрамдах Улс, Энэтхэг, Япон, Латви, Ливан, Маврикий, Парагвай, Словени, Турк, Туркменистан, Уругвай зэрэг оронд олон нийтийн үнэлгээ сайжирсан ажээ.

Жагсаалын сүүл хэсэгт “дампуурсан төр” хэмээгдэх орнууд төвлөрч байна. Тухайлбал, Ирак улсын нөхдөл байдал сүүлээсээ хоёрдох байранд ортол доройтсон байгаа, учир нь дайны өмнөх үеийн тандалтын үзүүлэлтүүдийг энэ (2006) оноос эхлэн авлигын индексийн тооцоонд тусгахаа больсон юм.

2006 онд үйлдвэржсэн орнууд харьцангуй өндөр оноо авсан ч эдгээр улс орнуудад авлигатай холбогдолтой дуулиантай хэргүүд гарсаар л байгаа. Хэдийгээр хөгжиж буй орнуудтай харьцуулбал, үйлдвэржсэн оронд авлига ядуурлын түвшин болон хөгжлийн үйл явцад шууд нөлөөлөхгүй байгаа ч дээрх хэргүүд гарсаар байгаа нь сэтгэл түгшээж байна.

Хамсаатнууд

Авлигачдын хамсаатан болох талууд улс төрийн элитийн шудрага бус аргаар хуримтлуулсан баялаг, төрөө “дээрэмдэж” олсон хөрөнгө мөнгө зэргийг “угаах”, хадгалах болон түүнээс бусад аргаар ашиг унагах хэрэгт нь тусалж энэ олон тооны улс орны байдал доройтох явдалд нэмэр болсоор байна. Хөгжингүй орнуудад бэлтгэгдсэн эсвэл хөнжингүй орнуудаас үйл ажиллагаагаа явуулж байдаг эдгээр зуучлагч нар авлигыг тэтгэж байдаг. Энэ нь авлигач нарт хууль бусаар хөрөнгө мөнгө, орлоготой болох, түүнийгээ хөдөлгөх эсхүл хадгалах шаардлага гарах үед туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн байдаг банкны эзэн, нягтлан бодогч, хуульч өмгөөлөгч, бусад мэргэжилтэн нар байдгийг авилгачид өөрсдөө сайн мэднэ гэсэн үг юм.

Кенийн авлигатай тэмцэх хорооны дарга асан Жон Гитонгйин хэлснээр, Кенийн Англо-Лизингийн хэрэг гэх нь авлигачдад төрөөс дээрэмдсэн хөрөнгө мөнгийг нь зохион байгуулалт сайтай “дээвэр” компаниуд хуурамч гэрээ байгуулан Европын болон офф-шор дахь банкнуудын дансаар дамжуулан гаргаж өгч, төрийн өмч хөрөнгийг хэрхэн шамшигдуулж болдогийг энэ жишээгээр яруу тодоор харуулж байсан юм. Түүнчлэн, хүн амын тэн хагас нь өдрийн 2 ам. доллараар амиа зогоож байдаг энэ оронд, авлигад 1 тэрбум ам. доллар зарцуулагдаж байгааг Кенийн Транспэрэнси Интернэшнлээс гаргадаг Кени дахь авлигын индексээс харж болно.

Авлига үйлдэх процессд төлөгч буюу нийлүүлэгч тал ба авлига авагч буюу эрэлт хэрэгцээт тал гэх хоёр тал оролцдог. Транспэрэнси Интэрнэшнл ЭЗХАХБ-ын Авлигын эсрэг конвенцийн дагуу, авлигын нийлүүлэх тал болох, түүнчлэн гадаад орны этгээдэд хээл хахууль өгөх зэрэг явдлуудыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэйд тооцуулан, авлигын эрэлт хэрэгцээт тал болох төрийн албан тушаалтнуудаас хөрөнгийн мэдүүлгийг нь гаргуулан авч нийтлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сайжруулан батлуулж мөрдүүлэх зэрэг дорвитой арга хэмжээ хэрэгжүүлж авлигыг таслан зогсоохыг эрхэм зорилгоо болгодог билээ.

Гэтэл төрөл бүрийн салбарын нарийн мэргэжлийн этгээдүүд оролцсоноороо авлига үйлдэх боломжийг олгон авлигыг бодит хэрэг болгосоор байна. Ялзралд орсон эдгээр зуучлагч нар авлига төлөгчийг авлига авагчтай нь холбож, тэдний эргэн тойронд харилцан итгэлцэх, хариу барих уур амьсгалыг бий болгож, эрх зүйн талаас алдаагүй гэрээ контракт үйлдэж, хууль бус арилжаа гүйлгээг хууль ёсны болгон хувиргаж, улмаар хэрэг илэрвэл хариуцлага хүлээх хэргийн эзнийг нь ч эртнээс тодорхойлдог байна.

“Пүүс компанийн удирдлагууд, хуульчдын нийгэмлэгүүд, нягтлан бодогчид ба банкны эзэд авлигатай тэмцэх тэмцэлд хариуцлага өндөртэй оролцох шаардлагатай байна. Прокурор, хууль бус үйл ажиллагааны (forensic) аудитор, хуулийн хэрэгжилтийг хянах албаны ажилтнууд (compliance officers) авлигын эсрэг тэмцлийг амжилтанд хүргэх тэмцлийн баталгаа болох ёстой” гэж Транспэрэнси Интэрнэшнлийн Гүйцэтгэх захирал Дэвид Ниссбаум цохон тэмдэглэсэн байгаа.

Транспэрэнси Интэрнэшнл дор дурьдсныг зөвлөмж болгож байна. Үүнд:
  • Мэргэжлийн байгууллагуудын (Олон улсын өмгөөлөгчдийн (Bar) байгууллага, Олон улсын хууль хэрэгжүүлэгчдийн (Compliance) байгууллага, нягтлан бодогчдын мэргэжлийн байгууллагууд, г.м.) ажилтан албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчилж авлигын эсрэг чиглүүлэн батлаж хэрэгжүүлэх;
  • Шудрага зуучлагчдад үүрэг хариуцлагыг нь улам сайн ухамсарлуулахын тулд мэргэжлийн сургалт явуулах; 
  • Авлига газар авах орчинг бий болгоход оролцсон хууль хяналтын ажилтнууд, санхүү болон нягтлан бодохын мэргэжилтнүүдэд хариуцлага хүлээлгэн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх эсвэл захиргааны арга хэмжээ авах; 
  • Үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй бус явуулж буй санхүүгийн байгууллагуудыг авлигыг өөгшүүлэх үйлдэл хийх магадлалтай гэж үзэн шалгалт хийж хяналтанд байлгах.
Олонтаа давтагдах асуултууд, түүний хариулт

Ерөнхий
  • Авлигын түвшин тогтоох индекс (авлигын индекс) гэж юу вэ?
  • Авлигын индексийг тооцоолохын тулд авлигыг яг юу гэж тодорхойлдог вэ? 
  • Ямар учраас авлигын индексийг зөвхөн олон нийтийн үнэлгээг үндэслэн тодорхойлдог вэ?
Аргачлал
  • 2006 оны авлигын индексийн судалгаанд хэдэн улс орон хамрагдсан вэ?
  • Ямар учраас зарим орныг авлигын индексд хамруулахаа больж заримыг нь нэмж оруулсан вэ? 
  • 2007 оны авлигын индексд ямар улс орнууд хамрагдах вэ?
  • Авлигын индексийг тодорхойлохдоо ямар мэдээлэл, эх сурвалжийг ашигладаг вэ?
  • Авлигын индексийг тодорхойлохын тулд ашигладаг судалгаанд хэн хамрагддаг вэ? 
  • Авлигын индексийн дүгнэлтүүд эргээд судалгаанд хамрагдагсдын өгч буй хариултад нөлөөлөх тал бий юу? 
  • 2006 онд өмнөх онуудад ашиглаж байсан авлигын индексийг тооцоолох аргачлалыг өөрчилсөн үү? 
  • Транспэрэнси Интэрнэшнл авлигын индексийн чанарыг хэрхэн хангадаг вэ?

Авлигын индексийн тухай тайлбар
  • Тухайн улс орны эзэлсэн байр болон авсан оноо зэрэг үзүүлэлтүүдийн аль нь илүү чухал вэ?
  • Хамгийн бага оноо авсан улс орон дэлхийн авлигад хамгийн ихээр автсан орон мөн үү?
  • Жишээ: 2006 оны жагсаалтанд Гаити 163-т бичигдсэн нь юүг өгүүлнэ вэ?
  • 2006 оны авлигын индексийг өмнөх онуудын авлигын индексийн үзүүлэлттэй харьцуулж болдог уу? 
  • Ямар учраас авлигын эсрэг чиглэсэн реформ хийснээр амжилт олж, реформ хийгдээгүйгээс болж байдал доройтсон эсвэл авлигатай холбоотой хэрэг элрүүлж байсан зэрэг явдал нь тухайн улс орны авсан оноонд тэр хэмжээгээр нөлөөлдөггүй юм вэ?
2005, 2006 онуудад авсан оноонуудыг харьцуулах нь
  • Ямар улс орны үзүүлэлт 2005 оноос 2006 оны хооронд их хэмжээгээр буурсан вэ?
  • Аль орны үзүүлэлт, оноо хамгийн их сайжирсан вэ?
Авлигын индексийг юунд ашиглаж болох вэ
  • Авлигын индексийг тухайн улс орны авлигын мэдрэгдэх түвшний төгс хэмжүүр гэж ойлгож болох уу?
  • Авлигын индекс тухайн оронд зээл тусламж олгох эсэхийн талаар шийдвэр гаргах процесс-д ашиглаж болох хэмжүүр мөн үү?
Транспэрэнси Интэрнэшнлийн авлигын эсрэг тэмцэл ба авлигын индекс
  • Авлигын индекс тодорхойлох ажлыг хаанаас хэн санхүүжүүлдэг вэ?
  • Авлигын индекс, ТИ-ийн Дэлхий нийтийн Авлигын хэмжүүр /ДНАХ/ хоёрын ялгаа? 
  • Авлигын индекс ТИ-ийн Хахууль төлөгчдийн индекс /ХТИ/ хоёрын ялгаа?
Ерөнхий

Авлигын индекс гэж юу вэ?
Авлигын индекс нь тухайн улс оронд төрийн албан тушаалтан, улс төрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаар авсан судалгааны дагуу байр оноодог үзүүлэлт бөгөөд бие даасан, нэр хүндтэй байгууллагуудаас явуулсан давтамжит судалгаанд тусгагдсан авлигатай холбоотой мэдээллийг шинжилж нэгтгэсэн нийлбэр үзүүлэлт юм. Авлигын индексд дэлхийн өнцөг бүрийн хүмүүсээс авсан саналууд болон үнэлгээнд хамрагдсан орнуудад ажиллаж амьдарч буй хүмүүс, мэргэжилтнүүдийн саналыг тусгасан байдаг.Транспэрэнси Интернэшнл авлигын индексийг нэгтгэн тооцоолох ажлыг Германы Пассау хотноо байрладаг их сургуулийн багш, профессор Йохан Графт даалгасан байдаг.

Авлигын индексийг тооцоолохын тулд авлигыг юу гэж тодорхойлдог вэ?
Транспэрэнси Интернэшнл (ТИ) авлигын индексээр зөвхөн төрийн салбар дахь авлигыг хэмждэг ба авлигыг төрийн албыг хувийн ашиг хонжоо олохын тулд ашиглах явдал гэж тодорхойлдог. Авлигын индексийг тодорхойлохын тулд төрийн албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолоо хангахын тулд урвуулан ашиглах, төрийн албан тушаалтныг хахуульдах, төрийн эд хөрөнгийг хууль бусаар ашиглах, өөрт итгэмжлэн хариуцуулсан төрийн хөрөнгийг хувьдаа завших, цаашилбал авлигын эсрэг явуулж буй арга хэмжээний чанар, үр дүнгийн талаар асуулт тавин хариулт үнэлгээ өгөхийг шаардсанаар захиргааны болон улс төрийн авлигын аль алиныг хамруулдаг юм.

Ямар учраас авлигын индексийг зөвхөн олон нийтийн үнэлгээг үндэслэн тодорхойлдог вэ?
Улс орнуудын авлигын ерөнхий түвшинг харьцуулах үзүүлэлтийг хатуу тоо баримт, тухайлбал авч өгсөн хахуулийн тоо, хэмжээ эсвэл оноосон ял шийтгэл, шүүхэд шилжсэн хэргийн тоо зэргийг ашиглан гаргах тун хэцүү байдаг. Эдгээр нь бодит мэдээлэл боловч, авлигын жинхэнэ түвшинг харуулж чаддаггүй, харин тухайн орны шүүх, прокурорын алба, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тус бүрийн яллах, шийтгэх, мэдээлэх, илрүүлэх чадварыг л илэрхийлдэг тул үүнийг ашиглаж харьцуулалт хийх боломжгүй байдаг, иймээс харьцуулалт хийх мэдээллийг олж авах найдвартай гол арга бол авлигатай шууд тулгарч буй иргэдийн үзэл бодол, мэдрэмжийг судлах явдал юм.

Аргачлал

2006 оны авлигын индексийн судалгаанд хэдэн улс орон хамрагдсан вэ?
2006 онд 163 орон хамрагдсан. 2005 онд 159.

Ямар учраас зарим орныг авлигын индексд хамруулахаа больж заримыг нь нэмэж оруулсан вэ?
Авлигын индекс тогтоохын тулд тухайн орны талаар наанадаж мэдээллийн гурван эх сурвалж байхыг ТИ шаарддаг юм. 2006 онд хамрагдсан орнуудын тоонд өөрчлөлт орсон нь Дэлхийн Банкнаас бэлтгэж гаргадаг Улс орны бодлого, байгууллагын тогтолцооны үнэлгээ (ОБИҮ) хэмээх шинэ эх сурвалж нэмэгдэж, Колумбийн их сургуулийн Төрийн чадварын үнэлгээ, Информэйшн Интэрнэшнлийн Ойрд Дорнодын бизнес эрхлэгчдийн судалгаа гэсэн хоёр эх сурвалж өдгөө хоёр жил болсон тул ашиглагдахаа больсонтой холбоотой юм. Сүүлийн хоёр эх сурвалж үгүй болсон учраас Афганистан, Фижи, Либери, Палестин, Сомали улсуудыг энэ удаад хамруулаагүй байгаа. ОБИҮ үзүүлэлт нэмэгдэж Төсвийн зарлагын бүтцийн өөрчлөлтийг дэмжих зээлийн хүрээ өргөжсөн учраас Бутан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Доминик, Зүүн Тимор, Гренад, Гвиней, Макао, Мавритани, Того улсуудыг нэмж хамруулсан байгаа.

2007 оны авлигын индексд ямар улс орнууд хамрагдах вэ?
Одоогоор мэдээллийн хоёр эх сурвалжтай байгаа улс гүрэн болон нутаг дэвсгэрүүд гэвэл Афганистан, Антигва ба Барбуд, Бахам, Бермуд, Капо Верде, Кайманы арлууд, Коморос, Жибүти, Фижи, Гвиней-Бисау, Либери, Малдив, Палестин, Пуэрто-Рико, Самоа, Сан Томе ба Принсипе, Сомали, Сэйнт Люша, Сэйнт Винсент ба Гренадин зэргийг нэрлэж болно. Эдгээр орнуудыг судалгаанд хамруулахын тулд нэмэлт нэг эх сурвалж хэрэгтэй байгаа юм.

Мэдээлиийн нэг эх сурвалжтай орнуудын тоонд Андорра, Аруба, Бруней, Францийн Гвиан, Гваделуп, Кирибати, Лихтенштейн, Мартиник, Нидерландын Антилл, Хойд Солонгос, Соломоны арлууд, Сэйнт Киттс ба Невис, Тонга, Вануату, Виргинийн арлууд (АНУ) багтаж байна. Судалгаанд хамрагдахын тул нэмэлт хоёр эх сурвалж шаардагдах байна.

Авлигын индексийг тодорхойлохдоо ямар мэдээлэл, эх сурвалжийг ашигладаг вэ?
2006 оны авлигын индексийг бие даасан 9 байгууллагаас боловсруулсан нийт 12 судалгааг ашиглан тодорхойлсон байгаа. ТИ эх үүсвэрийн чанар, санал асуулга, судалгаа шудрага явагдсан эсэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн мэдээллийг найдвартайд тооцохын тулд ашиглаж буй мэдээллийг сайтар баримтжуулсан байх ёстой. Мэдээллийн бүх эх сурвалжинд улс орнуудыг харьцуулан байр оноосон байх бөгөөд авлигын цар хүрээг тодорхойлсон байх шаардлагатай. Иймээс авлигыг өөр нэгэн асуудал, тухайлбал улс төрийн тогтворгүй байдал эсвэл үндсэрхэх үзэл зэрэгтэй хавсруулан боловсруулсан судалгааг бид ашигладаггүй.

Судалгаа явуулдаг байгууллагууд авлигын индексийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг. Зарим байгууллагууд бидэнд ирүүлсэн мэдээллийг нийтлүүлэхийг зөвшөөрдөггүй байхад зарим нь тэр мэдээллээ олны хүртээл болгосон байдаг. 2006 онд ашигласан судалгааны жагсаалт, санал асуулгын асуултууд, судалгаанд хамрагдагсдын тоо болон бусад мэдээллийг http://www.transparency.org/surveys/index.html#cpi эсвэл http://www.ICGG.org вэбсайтад байрлуулсан авлигын индексийн аргачлалын талаархи баримт бичгүүдээс үзнэ үү.

Авлигын индексийг тодорхойлохын тулд ашигладаг судалгаанд хэн хамрагддаг вэ?
Авлигын индексийг боловсруулахын тулд үйлдвэржсэн болон хөгжиж буй ертөнцийн аль алинд нь ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн авлигын талаарх ойлголт, түүнд өгсөн үнэлгээг ашигладаг. Судалгаанд бизнес эрхлэгчид ба тухайн орны үйл ажиллагааг ажиглаж байдаг шинжээчид хамрагддаг бөгөөд эдгээр нь оршин суугч бус болон байнгын оршин суугч гэсэн хоёр түүвэрт багтдаг. Байнгын оршин суугчдаас өгсөн үнэлгээ оршин суугч бус шинжээчдээс өгсөн үнэлгээтэй нилээд дүйцдэгийг энд тэмдэглэх нь чухал болов уу.

Авлигын индексийн дүгнэлтүүд эргээд судалгаанд хамрагдагсдын өгч буй хариултад нөлөөлөх тал бий юу?
Анх 1995 онд нийтлэгдснээсээ хойш ТИ-ээс гаргадаг авлигын индекс олон улсын мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсаар өнөөг хүрлээ. Үүнээс болж авлигын индексийн тайланд гарсан мэдээлэл судалгаанд хамрагдагсдын үзэл бодол, үнэлгээнд нөлөөлж улмаар үнэлгээний циркуляци буюу давталт хэмээх үзэгдэл гарахад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол бий болсон юм. Энэ байдлын үнэн эсэхийг шалгахын тулд бид дэлхийн зарим улс орнуудын нэр хүнд бүхий бизнес эрхлэгчдэд хандан асуулт тавьж, 9,000 гаруй хариултыг дүгнэж үзэхэд авлигын индексийн мэдээлэл тэдгээрийг “сүрэг дагах” байдалд хүргэдэггүй гэдэг нь тодорхой болсон юм. Харин эсрэгээр авлигын талаарх дүгнэлтийг мэдэх явдал нь авлигын талаарх өөрийн байр суурийг тодорхойлоход түлхэц болдог талтай гэсэн дүгэлт гарсан юм. Иймээс бидний хэрэглэж буй аргачлал үнэлгээний циркуляци буюу давталтыг үүсгэдэггүй гэж үздэг.

2006 онд өмнөх онуудад ашиглаж байсан авлигын индексийг тооцоолох аргачлалыг өөрчилсөн үү?
2006 онд ашигласан аргачлалд бага зэргийн өөрчлөлт орсон. Хэрвээ өмнө нь авлигын индексээр гурван жилийн дунджийг үзүүлдэг байсан бол тэгэхээ больж зөвхөн хоёр жилийн мэдээллийг ашиглах болсон, тухайлбал 2006 онд 2005, 2006 оны мэдээллүүдийг ашиглах жишээтэй. Энэхүү өөрчлөлтийг оруулахдаа судалгааг зөвхөн тухайн үед анхаарлын төвд буй тулгамдсан асуудлууд дээр тулгуурлан боловсруулах зорилготойгоор хийсэн юм. Энэ нь авлигтай тэмцэх шинэ бодлогыг үнэлэх хэмжүүр болж чадахгүй гэсэн хэдий ч, улс орнуудад үнэлгээ тооцооны чанарыг бууруулахгүйгээр шинээр гарч буй өөрчлөлтүүдэд дүгнэлт хийх ажлыг сайжруулах боломж олгоно гэж найдаж байгаа.

ТИ авлигын индексийн чанарыг хэрхэн хангадаг вэ?
Авлигын индексийг боловсруулах аргачлалыг авлига, эконометрик, статистикийн чиглэлээр мэргэшсэн нэр хүнд бүхий шинжээчдээс бүрдсэн Индексийн Зөвлөлдөх Хороо хянадаг. Эдгээр мэргэжилтнүүд авлигын индексийн аргачлалыг сайжруулах талаар зөвлөгөө, санал өгдөг. Харин тухайн аргачлалыг сонгон ашиглах тухай эцсийн шийдвэрийг ТИ-ийн удирдлага өөрөө гаргадаг.

Авлигын индексийн тухай тайлбар

Тухайн улс орны эзэлсэн байр болон авсан оноо зэрэг үзүүлэлтүүдийн аль нь илүү чухал байдаг вэ?
Хэдийгээр эхлээд улс орнуудыг жагсааж байр ногдуулснаар индексийг тооцоолж гардаг ч тухайн улс орны авлигын мэдрэгдэх түвшинг авсан оноо нь илэрхийлж байдаг тул авсан оноо нь илүү чухал үзүүлэлт юм. Тухайн улс орны жагсаалтанд эзлэх байр, авлигын индекст хамрагдах улс орны тоо нэмэгдэж, хасагдах зэрэг хамгийн энгийн шалтгааны улмаас өөрчлөгдөж болно.

Хамгийн бага оноо авсан улс орон дэлхийн авлигад хамгийн ихээр автсан орон мөн үү?
Үгүй. Хамгийн бага оноо авсан оронд авлигын мэдрэгдэх түвшин судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулбал хамгийн өндөр байна гэсэн үг юм. Дэлхийн 200 гаруй бүрэн эрхт улсуудаас 2006 оны авлигын индексд 163 нь хамрагдсан билээ. Бид энэ жагсаалтанд багтаагүй улс орнуудын талаарх мэдээллийг нийтэлдэггүй шүү.

Жишээ: 2006 оны жагсаалтанд Гаити 163-т бичигдсэн нь юуг өгүүлнэ вэ?

Энэ нь 2006 онд Гаитигийн авлигын мэдрэгдэх түвшин хамгийн өндөр байсан гэсэн үг юм. Харин энэ нь Гаити авлигад хамгийн ихээр автагдсан орон буюу Гаитигийн иргэд авлигад хамгийн ихээр автсан иргэд гэсэн үг биш юм. Авлига Гаити улсын хөгжил цэцэглэлт, сайн засаглал тогтоох үйл ажиллагаа болон ядуурлыг буруулах ажилд ноцтой бэрхшээл учруулж байгаа бөгөөд Гаитийн ард түмний дийлэнх олонхи нь авлигад өртөж байна. Эрх мэдэл бүхий цөөн тооны этгээдүүд авлигад автаж энэ улсын удирдлагууд болон институциуд авлигыг хяналтандаа байлган урьдчилан сэргийлж чадахгүй байгаа явдал нь тухайн орон ба түүний иргэд авлигад хамгийн ихээр автсан гэсэн үг биш юм.

2006 оны авлигын индексийг өмнөх онуудын авлигын индексийн үзүүлэлттэй харьцуулж болдог уу?
Авлигын индексийг жил жилийн хандлага гэхээс бизнес эрхлэгчид, шинжээчдийн дунд 2006 онд эсвэл өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд авлигын талаар бий болсон үзэл бодол, үнэлгээ гэх нь илүү юм. Дээр хэлсэнчилэн, тухайн улс орны байдлыг өмнөх үетэй нь харьцуулахын тулд эзлэж буй байраар бус харин авсан оноогоор нь харьцуулж болох юм.

Судалгаанд хамрагсдын авлигын түвшингийн талаарх үзэл бодол, үнэлгээ өөрчлөгдөж, судалгаа авах аргачлал жилийн жилд өрчлөгдөж байдгаас болж тухайн улс орны оноо нэмэгдэж хасагдаж байдаг. Иймд хэд хэдэн жилийн үзүүлэлтийг харьцуулах хамгийн найдвартай арга бол эх сурвалж болох материалуудыг судлах явдал юм.

Ямар учраас авлигын эсрэг чиглэсэн реформ хийснээр амжилт олж, реформ хийгдээгүйгээс болж байдал доройтсон эсвэл авлигатай холбоотой хэрэг илрүүлж байсан зэрэг явдал нь тухайн улс орны авсан оноонд тэр хэмжээгээр нөлөөлдөггүй юм вэ?

Богино хугацаанд авлигын индексийн оноог дээшлүүлэх хэцүү байдаг. 2006 оны авлигын индексийг өмнөх хоёр жилийн мэдээллийг ашиглан тооцоолж гаргасан бөгөөд энэ мэдээлэл нь түүнээс ч урьд өмнө бий болсон байж болох юм. Авлигын индексийг сайжруулахын тулд урт удаан хугацаанд дорвитой арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юмаа.

2005, 2006 онуудад авсан оноонуудыг харьцуулах нь

2005 - 2006 хооронд аль улсын үзүүлэлт хамгийн их буурсан вэ?
Он жилүүдийн харьцуулалтыг хийхэд бэрхшээлтэй байдаг гэдгийн талаар бид дээр тайлбарласан. Харин суурь судалгааны материалыг шинжиж ерөнхий чиг хандлагыг маш болгомжтойгоор гаргахыг оролдож болдог юм. 2005, 2006 оны хооронд Бразил, Куба, Израиль, Йордан, Лаос, Сейшел, Тринидад ба Тобаго болон АНУ-ын индекс буурсан байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд эдгээр улс орнуудын хувьд авлигын түвшин тогтоох үнэлгээнүүд ч бас өөрчлөгдсөн байна.

Аль орны оноо хамгийн их сайжирсан вэ?
Алжир, Чех Бүгд Найрамдах Улс, Энэтхэг, Япон, Латви, Ливан, Маврикий, Парагвай, Словени, Турк, Туркменистан, Уругвай зэрэг орны хувьд байдал сайжирсан гэсэн дүгнэлт гарсан байгаа.

Авлигын индексийг юунд ашиглаж болох вэ

Авлигын индексийг тухайн улс орны авлигын мэдрэгдэх түвшнийг хэмжих цогц хэмжүүр гэж ойлгож болох уу?
Авлигын индекс авлигын мэдрэгдэх түвшнийг хэмжих баталгаатай хэрэгсэл мөн бөгөөд түүнийг эрдэмтэн судлаачид, шинжээчид өргөнөөр ашиглаж ирсэн. Харин түүний хэмжих чанар ашигласан эх сурвалжийн тоо болон судалгаануудын хоорондох ялгааны их багаас хамаараад янз бүр байдаг.

Авлигын индекс тухайн оронд зээл тусламж олгох эсэхийн талаар шийдвэр гаргах процесс-д ашиглаж болох үзүүлэлт мөн үү?
Зарим улсын засгийн газрууд авлигын индексийг үндэслэн тусламж олгох эсэхээ шийдвэрлэдэг тал бий. ТИ авлигын индексийг ийм байдлаар ашиглахыг дэмждэггүй. Авлигад автсан хэмээн дүгнүүлж байгаа орнуудыг тусламж хүртвэл зохих улс орнуудын жагсаалтаас хасаж болохгүй, учир нь авлига-ядуурлын давхар хавхнаас гаргахын тулд тэдэнд хамгийн түрүүнд зээл тусламж олгох шаардлагатай байдаг. Харин авлигад ихээр автсан байна гэдгийг нь донорууд анхааралдаа авч авлигатай тэмцэх хэтийн бодлогод хөрөнгө оруулах нь чухал юм. Авлига газар авсан оронд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжихээр шийдвэрлэсэн донорууд “улаан дохио ассан” эгзэгтэй газруудыг тодорхойлж түүнийг хянах механизмуудыг бий болгох дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг.

Транспэрэнси Интэрнэшнлийн авлигын эсрэг тэмцэл ба авлигын индекс

Авлигын индекс тодорхойлох ажлыг хаанаас хэн санхүүжүүлдэг вэ?
ТИ-ийн үйл ажиллагааг төрөл бүрийн төр засгийн байгууллага, олон улсын сангууд болон корпорациуд санхүүжүүлдэг бөгөөд ингэснээрээ авлигын индекс тодорхойлох ажил эрхлэх боломжоор хангадаг юм. Эрнст ба Янг гэдэг фирм авлигын индекс тодорхойлох аргачлал боловсруулах ажилд туслалцаа үзүүлдэг. ТИ санхүүгийн тусламж авснаараа тусламж үзүүлсэн байгууллагын бодлогыг мөрдлөг болгодоггүй бөгөөд тусламж үзүүлсэн байгууллагуудыг хэрэгжүүлж буй төслүүдийнхээ удирдлагад оролцуулдаггүй. ТИ-ийн санхүүжилтийн талаарх нэмэлт мэдээллийг http://www.transparency.org/support_us вэбсайтаас үзнэ үү.

Авлигын индекс, ТИ-ийн Дэлхий нийтийн авлигын хэмжүүр /ДНАХ/ хоёрын ялгаа?
Авлигын индексийг тодорхойлохын тулд төр засгийн түвшин дахь авлигын талаар мэргэжилтнүүдийн хийсэн үнэлгээг авч боловсруулдаг бол Дэлхий нийтийн авлигын хэмжүүрийг, ард иргэдийн авлигатай тулгарч байсан туршлагыг тусгаж, тэдгээрийн авлигад хандах хандлагыг үндэслэн боловсруулдаг юм. Нэмэлт мэдээллийг http://www.transparency.org/policy_research/surveys_indices /gcb вэбсайтаас үзнэ үү.

Авлигын индекс ТИ-ийн Хахууль төлөгчдийн индекс /ХТИ/ хоёрын ялгаа?
Авлигын индекс дэлхийн улс орнуудын авлигын мэдрэгдэх түвшнийг заадаг бол тэргүүн экспортлогч орнуудын пүүс компаниудын бусад оронд авлига үйлдэж авлигын нийлүүлэгч тал болох магадлалыг ХТИ-ээр илэрхийлдэг юм. Хамгийн сүүлийн ХТИ-ийг 2006 оны аравдугаар сард нийтэлсэн байгаа бөгөөд түүнийг http://www.transparency.org/policy_research/surveys_indices/bpi вэбсайтаас үзнэ үү.