Транспэрэнси Интернэшнл

A- A A+
Транспэрэнси Интернэшнл
Орлого багатай улс орнуудын авлигын
мэдрэгдэх түвшин буурахгүй байгаа явдал нь авлигын эсрэг үйл
ажиллагааг дэлхий нийтээр хамтран хэрэгжүүлэхийг шаардаж байна

Авлигаар олсон хөрөнгө мөнгөний урсгалыг зогсоож,
ядууст шударга ёсыг үйлчлүүлэхийн тулд баян ядуу орнууд хамтран зохицуулалт сайтай ажиллах нь чухал байна

Лондон/Берлин, 2007 оны 9 дүгээр сарын 26 – баян, ядуу орнууд дахь авлигын түвшин урьдын адил ялгаа ихтэй байгааг энэ өдөр албан ёсоор толилуулж буй авлигын эсрэг дэлхий нийтийн эвсэл - Транспэрэнси Интернэшнлийн (ТИ) Авлигын түвшин тогтоох 2007 оны индекс (АТТИ) нотолж байна. Авлигыг бууруулах, авлига нийлүүлэгч, хэрэглэгч аль ч талуудтай тэмцэх ажлын хариуцлагыг баян ядуу орнууд бүгд хамтран үүрэлцэх шаардлагатай байна.

“Хэдийгээр энэ хугацаанд амжилт гарсан ч, авлига, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд зарцуулах шаардлагатай байгаа асар их хэмжээний санхүүгийн нөөцийг шавхасаар байна” гэж ТИ-ийн тэргүүн, хатагтай Хюгетт Лабелль онцлон хэлээд “Авлигын түвшин доогуур тогтоогдсон улс орнууд энэхүү байдалд сайтар дүгнэлт хийж, төрийн байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа ба авлигын индексээр тэргүүлж буй орнуудад авлигын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь мөн чухал байгааг дурьдаад, уг улс орнуудад ялангуяа хувийн хэвшил дахь авлигын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь чухал байна” гэж мөн тэмдэглэв.

2007 оны үр дүн
Энэ онд нийт 180 улс орны төрийн салбар дахь авлигын түвшин дээр Авлигын индексийг тодорхойлж байгаа нь урьд өмнө хийж байгаагүй цар хүрээ ихтэй тандалт болсон бөгөөд авлигын индекс, мэргэжлийн 14 судалгааны үр дүн дээр үндэслэн гаргасан нийлбэр үзүүлэлт юм. Судалгаанд хамрагдсан улс орнуудад 0-10 хүртэл оноо ногдуулж байр эзлүүлдэг бөгөөд “0” нь авлигын мэдрэгдэх түвшин дээгүүр байна гэсэн үзүүлэлт бол, “10” нь авлигын мэдрэгдэх түвшин дор байгааг харуулна.

Авлига, ядуурал хоёрын хоорондын хамаарал хүчтэй хэвээр байгаа нь нотлогдож, Дэлхийн Банкнаас орлого багатай гэж тодорхойлогдсон улс орнууд авлига “хяналтгүй” болсныг илэрхийлж буй 3.0 оноогоос доош авсан улс орнуудын 40 гаруй хувийг эзэлж байна. Сомали, Мианмар зэрэг улсууд хамгийн бага буюу 1.4 оноотой байхад Дани улс “дээгүүр нисдэг” Финлянд болон Шинэ Зеландыг гүйцэж ирээд 9.4 оноо авлаа.

Энэ онд зарим Африк тивийн улс орны оноо нэлээд сайжирсан байгаа. Үүнд Намиби, Сейшель, Өмнөд Африк болон Свазиланд нар багтана. Энэхүү үзүүлэлт нь Африк тивийн авлигын эсрэг үйл ажиллагааны дэвшлийг тусгаж, улс төрийн хүсэл эрмэлзэл болон реформууд авлигын мэдрэгдэх түвшнийг сайжруулж болохыг харуулж байна.

Авлигын индекс нэлээд сайжирсан бусад орнуудын тоонд Коста Рика, Хорват, Куб, Чех, Доминик, Итали, Македон, Румын болон Суринам зэрэг улс орнууд багтаж байна. Харин 2007 онд авлигын индекс нь буурсан улс орнуудын дунд Австри, Бахрейн, Белизе, Бутан, Йордан, Лаос, Макао, Мальт, Мавритан, Оман, Папуа Шинэ Гвиней болон Тайланд орсон юм.

Амжилт ахиц гаргасан улс орнуудын ихэнхи нь Зүүн өмнөд болон Зүүн Европ тивд төвлөрч байгаа явдал нь Европын холбоонд элсүүлэх бэлтгэл ажил авлигын эсрэг тэмцэлд эерэгээр нөлөөлдгийг нотолж байна.

Харьцангүй ядуу гэгдэх хэсэг улс орнууд, тухайлбал Ботсвана, Кейп Верде, Чили, Эстони, Доминик, Гана, Самоа, Сенегал, Сант Лучия, Сант Винсент, Гренадин болон Уругвай авлигын индексээ “боломжийн” гэж тооцогдох хэмжээнд хүргэж чадлаа. Үүгээрээ эдгээр улс орнууд хүмүүн бус ядуурал, авлигын хүлээсийг тасдаж болохыг харуулсан юм.

Жагсаалын сүүл хэсэгт “дампуурсан төр”-тэй Афганистан, Ирак, Мианмар, Сомаль болон Судан зэрэг орнууд бичигдэж байна. “Дотоод зөрчил бүхий хямарч буй улс орнуудад төрийн байгууллагууд нь үүргээ биелүүлэх чадвараа алдаж улмаар алга болсон тохиолдолд ашиг сонирхлыг зорилгоо болгосон этгээдүүд төрийн өмч хөрөнгө дээр “ажиллаж” авлигыг “цэцэглүүлж” байна” гэж Лабелль хэлэв.

Сайн засаглалыг эзэн өөрөө бий болгоно

Авлигындарамт ядуу улс орнуудад хамгийн хүндээр тусна. Эцсийн эцэст энэхүү асуудлыг шийдвэрлэх хариуцлагыг зөвхөн тэд өөрсдөө үүрэх болдог. Иймээс авлигын индекс бага байх нь төрийн байгууллагууд хямарч байгааг харуулдаг тул юуны өмнө санхүү, эдийн засгийн менежментийг буюу орлого төвлөрүүлэх ажлаас эхлээд зарцуулалт хүртэл бүхий л үйл ажиллагааг ил тод болгож, хяналтыг сайжруулан, авлигач этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхгүй байгаа явдлыг таслан зогсоох арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай болдог.

Эрх зүйт бус байдлыг тэтгэдэг, авлигачдад хариуцлага хүлээлгэхгүй байгаа байдлыг өөрчилж, улмаар ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч, донор байгууллагуудад таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд мэргэжлийн өндөр түвшинтэй, бие даасан шүүх тогтолцоо их ач холбогдолтой байдаг. Шүүх засаглал авлигач этгээдүүдийг шийтгэж, хууль бусаар олж авсан хөрөнгийг нь мөрдөн байж эргүүлэн авч чадахгүйд хүрвэл авлигын эсрэг тэмцэл амжилтанд хүрэхгүй.

“Төрийн тогтолцооны хариуцлага хүлээх системийг бэхжүүлэх эрмэлзэл бүхий хөгжиж буй орнуудад иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүстэй түншлэн ажиллах нь бас нэг чухал бодлого болж өгдөг. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хяналт мониторинг хийх, реформ өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхийн тулд шахалт үзүүлэх үйл ажиллагаанд ихээхэн үүрэг рольтой байдаг бөгөөд техникийн асуудлаар туршлагатай байдаг нь тэдгээртэй хамтран ажиллахад ашигтай” гэж Транспэрэнси Интернэшнлийн Захирал Кобус де Сварт хэлээд “Харамсалтай нь, зарим төр, Засгийн газрууд иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хүрээг хумиж байна” гэж тэмдэглэв.

Үүнээс гадна, зарим улс орнууд реформ хэрэгжүүлэх ажлын ачааг дан ганцаараа үүрч чаддаггүй байна. Ялангуяа, төрийн албанд ажилтан авахдаа тухайн хүний чадавхийг харгалзах бус харин танил тал, хамаатан саданд давуу эрх олгодог заншилтай улс оронд реформ хийх ажил ихээхэн удаашралттай явагддаг бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа шаардагддаг билээ. Төрийн байгууллагын авлига хамгийн их гэгдэх улс орнуудын хариуцлага тооцох системийг сайжруулах болон шудрага ёс тогтоох үйл ажиллагаанд “цэвэр” буюу авлигын мэдрэгдэх түвшин доогуур орнууд хөгжлийн донорууд болж тусгай үүрэг гүйцэтгэдэг. Техникийн тусламж үзүүлэх явдал нь НҮБ-ын түүхэн баримт бичиг болох Авлигын эсрэг конвенцийн хамгийн тэргүүн шаардлагуудын нэг нь юм.

Авлига дэлхий нийтийг хамарсан асуудал мөн

Европ тив, зүүн Ази болон хойт Америкт оршдог баян улс гүрнүүд жагсаалтыг тэргүүлдэг, эдгээр улс орнуудын төрийн байгууллагууд улс төрийн байдал тогтвортой байдаг тул харьцангүй цэвэр, сонирхлын зөрчлийг зохицуулах боловсронгүй системтэй, мэдээллийн эрх чөлөөний талаар тодорхой дүрэм журамтай байдаг бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудад хуулиар хяналт хийх эрх олгогдсон байдаг билээ.

Харин авлигыг ядуу орнуудын төрийн дээд албан тушаалын этгээдүүд олон улсын хэмжээнд үйлдэж, энэ нь жагсаалтыг тэргүүлж байдаг улс оронтой холбоотой байдаг юм. Ихэнх тохиолдолд хээл хахуульд төлөгдөж буй мөнгө дэлхийн хамгийн баян улс орнуудад суурьшдаг тив дамнасан корпорациас гаралтай байдаг нь нууц биш юм. Иймээс цаашид, гадаадад хээл хахууль үйлдэх явдлыг бизнесийн хэвийн бодлого гэж үздэг эдгээр корпорацийн энэхүү үйлдлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй юм.

Түүнээс гадна, авлигчдад хууль бусаар олсон баялгийг хөдөлгөх, нуух болон хөрөнгө оруулах ажлыг гүйцэлдүүлэхэд олон улсын санхүүгийн төвүүд чухал үүрэг гүйцэтгэдэг болно. Жишээ нь, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадад хөрөнгө оруулах журмаар Нигер болон Филиппин гэх мэт хөгжиж буй орнуудаас сая сая долларыг хулгаалж, улмаар авлигач лидеруудын хууль бус үйл ажиллагааг дэмжиж, тэдгээрээр удирдуулж буй ард түмнийг үгүйрүүлж байсан билээ.

Хулгайлагдсан хөрөнгийг нөхөн сэргээх ажил хөгжингүй орнуудаас явуулах үйл ажиллагааны чухал хэсэг болох цаг нь ирлээ гэж тэмдэглээд, “Баян улс гүрнүүд, тэдгээрийн санхүүгийн байгууллагууд дэлхийн хамгийн ядуу улс орнуудаас хулгайлсан хөрөнгө дээр сууж байхад, ядуу орнуудыг авлигатай гэж шүүмжилж байдаг нь шудрага ёсонд нийцэхгүй” гэж Транспэрэнси Интернэшнлийн тэргүүн дэд дарга Акере Муна хэлэв.

Гадаад руу хөрөнгө гаргах ажлыг ихэнх тохиолдолд үйл ажиллагааны нууцлал хадгалах журамтай банк санхүүгийн байгуллагаар дамжуулж мөнгө угаах аргаар хийдэг тул, хууль бусаар гаргасан хөрөнгийг мөрдөж, нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн саад учруулдаг байна. Иймээс, олон улсын хамтын ажиллагаа, харилцан хууль зүйн тусламж үзүүлэх ажилд тэргүүлэх ач холбогдол өгч, хулгайлагдсан хөрөнгөө буцааж авах хүсэлт гаргасан улс орнуудын хууль зүйн болон техникийн чадавхийг дээшлүүлэх ажлыг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд хийх шаардлагатай байна.

Хулгайлагдсан хөрөнгөө нөхөн сэргээлгүүлэхийн тулд нэлээд хэдэн улс орон урт удаан үргэлжлэх шүүхийн процессыг даван туулах болно. “Үүнд шаардагдах хууль ёсны санхүүжилтыг баталгаажуулахаас гадна, нөхөн сэргээх процедур болон хөрөнгийг шүүх хуралдааны үед гуравдагч этгээдэд хадгалуулах заалтуудыг хялбарчлах ажил чухал байна” гэж Муна нэмж тэмдэглэв.

Яг одоо арга хэмжээ авцгая: яаралтай хийх алхмууд
Авлига дэлхий нийтийг хамарсан асуудал тул, авлигын эсрэг тэмцэл цар хүрээ өргөнтэй байх шаардлагатай.
  • Тусламжийн мөнгийг хөгжиж буй орнууд юуны өмнө үндэсний үнэлгээ болон хөгжлийн стратегид тусгагдсан засаглалын институцийг бэхжүүлэхэд ашиглах ба авлигаас урьдчилан сэргийлэх, шудрага ёсыг бэхжүүлэх ажлыг ядуурлыг бууруулах хөтөлбөрийн салашгүй нэг хэсэг болгох.
  • Ядуу орнуудын шүүх засаглалыг сайжруулахын тулд шүүхийн бие даасан байдал, ёс зүй болон хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай. Шудрага ёсыг хэрэгжүүлэхийн тулд шүүхийн үйл ажиллагааг улс төрийн нөлөөллөөс хараат бус байлгахаас гадна шүүгчид хариуцлага тооцож, халдагдашгүй байх эрхийг хязгаарлаж, ёс зүйн дүрэм журмыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Хөгжиж буй орнуудад гадагшаа алдагдсан хөрөнгө мөнгөө нөхөн сэргээлэх зорилгоор тусламж авах хүсэлтээ гүйцэлдүүлэхийн тулд цэвэр, ур чадвартай шүүх засаглалтай байх нь их ач богдолтой байдаг. 
  • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн дагуу, төр, засгийн газрууд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэргүүний банк санхүүгийн төвүүд хулгайлагдсан хөрөнгө мөнгийг илрүүлж, хөлдөөж, нөхөн сэргээх нэгдсэн процедурыг боловсруулах арга замыг судлах шаардлагатай байна. Санхүүгийн маргаантай эх үүсвэрийг хадгалах заалтууд маш тодорхой байх нь чухал юм. 
  • Баян улс гүрнүүд санхүүгийн байгууллага төвүүдийг хянах механизмыг чангатгах хэрэгтэй байна. Төр засгийн газрууд томоохон пүүс компанийн үүрэг ролийг тодорхойлж, эздийн тухай мэдээллийг шаардан гаргуулж авч, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг заалтуудыг бэхжүүлэх нь авлига үйлдэгчдийн хамсаатнуудтай хийх тэмцлийн аргуудын нэгээхэн хэсэг нь юм. 
  • Дэлхийн хамгийн баян улс гүрнүүд гадаадын төр засгийн албан тушаалтанд хээл хахууль өгөх явдлыг гэмт хэргийн харъяалалтай болгосон ЭЗХАХБ-ийн Хээл хахуулийн эсрэг конвенцийг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Уг конвенцийн заалтууд хэрэгжихгүй байгаа нь авлигачдыг мөрдөн байцаах ажилд саад тотгор учруулж байна.
  • Олон улсын пүүс компаний удирдах зөвлөлүүд авлигын эсрэг үр ашиг бүхий дүрэм журмыг нэвтрүүлэхээс гадна тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд өөрийн салбар байгууллага болон гадаад дахь салбаруудаар мөрдүүлэх нь чухал юм.
Олонтаа давтагдах асуултууд, түүний хариулт

Ерөнхий

Авлигын түвшин тогтоох индекс (авлигын индекс) гэж юу вэ?
Авлигын индекс нь тухайн улс оронд төрийн албан тушаалтан, улс төрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаар авсан судалгааны дагуу байр оноодог үзүүлэлт бөгөөд бие даасан, нэр хүндтэй байгууллагуудаас явуулсан давтамжит судалгаанд тусгагдсан авлигатай холбоотой мэдээллийг шинжилж нэгтгэсэн нийлбэр үзүүлэлт юм. Авлигын индексд дэлхийн өнцөг бүрийн хүмүүсээс авсан саналууд болон үнэлгээнд хамрагдсан орнуудад ажиллаж амьдарч буй хүмүүс, мэргэжилтнүүдийн саналыг тусгасан байдаг. Транспэрэнси Интернэшнл авлигын индексийг нэгтгэн тооцоолох ажлыг Германы Пассау хотноо байрладаг их сургуулийн багш, профессор Йохан Графт даалгасан байдаг.

Авлигын индексийг тооцоолохын тулд авлигыг яг юу гэж тодорхойлдог вэ?
Транспэрэнси Интернэшнл (ТИ) авлигын индексээр зөвхөн төрийн салбар дахь авлигыг хэмждэг ба авлигыг төрийн албыг хувийн ашиг хонжоо олохын тулд ашиглах явдал гэж тодорхойлдог. Авлигын индексийг тодорхойлохын тулд төрийн албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолоо хангахын тулд урвуулан ашиглах, төрийн албан тушаалтныг хахуульдах, төрийн эд хөрөнгийг хууль бусаар ашиглах, өөрт итгэмжлэн хариуцуулсан төрийн хөрөнгийг хувьдаа завших, цаашилбал авлигын эсрэг явуулж буй арга хэмжээний чанар, үр дүнгийн талаар асуулт тавин хариулт үнэлгээ өгөхийг шаардсанаар захиргааны болон улс төрийн авлигын аль алиныг хамруулдаг юм.

Ямар учраас авлигын индексийг зөвхөн мэдрэгдэх түвшин гэдгээр тодорхойлдог вэ?
Улс орнуудын авлигын ерөнхий түвшинг харьцуулах үзүүлэлтийг хатуу тоо баримт, тухайлбал авч өгсөн хахуулийн тоо, хэмжээ эсвэл оноосон ял шийтгэл, шүүхэд шилжсэн хэргийн тоо зэргийг ашиглан гаргах тун хэцүү байдаг. Эдгээр нь бодит мэдээлэл боловч, авлигын жинхэн түвшинг харуулж чаддаггүй, харин тухайн орны шүүх, прокурорын алба, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тус бүрийн яллах, шийтгэх, мэдээлэх, илрүүлэх чадварыг л илэрхийлдэг тул үүнийг ашиглаж харьцуулалт хийх боломжгүй байдаг, иймээс харьцуулалт хийх мэдээллийг олж авах найдвартай гол арга бол авлигатай шууд тулгарч буй иргэдийн үзэл бодол, мэдрэмжийг судлах явдал юм.

Аргачлал

2007 оны авлигын индексийн судалгаанд хэдэн улс орон хамрагдсан вэ?
2007 онд 180 орон хамрагдсан. 2006 онд 163.

Ямар учраас зарим орныг авлигын индексд шинээр хамруулсан вэ?
2007 онд шинээр 3 эх үүсвэр буюу Азийн Хөгжлийн Банкны Улс орны гүйцэтгэлийн үнэлгээ, Африкийн Хөгжлийн Банкны Улс орны бодлого ба институцийн үнэлгээ болон Бертелсманны шилжилтийн индексийг нэмж оруулсан байгаа. Ингэснээр Афганистан, Кейп Верде, Коморын арлууд, Джибути, Гвиней-Биссау, Кирибати, Либери, Малдивын арлууд, Монтенегро, Самоа, Сао Томе ба Принсип, Соломоны арлууд, Сомаль, Сант Лучия, Сант Винсент ба Гренадин, Тонга ба Ванату зэрэг улсуудын авлигын индексийг тооцоолж гаргах боломж гарсан.

Авлигын индексд цаашид ямар улс орнууд хамрагдах вэ?
Одоогоор 2 эх үүсвэртэй байгаа, авлигын индексд хамрагдахын тулд дахин 1 эх үүсвэр шаардагдаж буй улс орнууд бол Ангуилла, Антигуа ба Барбуда, Аруба, Бахамын арлууд, Бермуда, Кайман арлууд, Фижи, Микронез, Недерландын Антиль, БНАСАУ, Палестин, Пуэрто Рико, Сант Киттс ба Невис, Тувалу ба Виржины арлууд (АНУ) юм.

Одоогоор 1 эх үүсвэртэй байгаа, авлигын индекст хамрагдахын тулд дахин 2 эх үүсвэр шаардагдаж буй улс орнууд бол Америкийн Самоа, Андорра, Бруней, Кукийн арлууд, Францийн Гаяна, Гуаделуп, Гуам, Косово, Лихтенштейн, Маршаллын арлууд, Мартиник, Реюнион, Турк ба Кайкосын арлууд, Вержины арлууд (Британ) юм.

Авлигын индексийг тодорхойлохдоо ямар мэдээлэл, эх сурвалжийг ашигладаг вэ?
2007 оны авлигын индексийг бие даасан 12 байгууллагаас боловсруулсан нийт 14 судалгааг ашиглан тодорхойлсон байгаа. ТИ эх үүсвэрийн чанар, санал асуулга, судалгаа шудрага явагдсан эсэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн мэдээллийг найдвартайд тооцохын тулд ашиглаж буй мэдээллийг сайтар баримтжуулсан байх ёстой. Мэдээллийн бүх эх сурвалжинд улс орнуудыг харьцуулан байр оноосон байх бөгөөд авлигын цар хүрээг тодорхойлсон байх шаардлагатай. Иймээс авлигыг өөр нэгэн асуудал, тухайлбал улс төрийн тогтворгүй байдал эсвэл үндсэрхэх үзэл зэрэгтэй хавсруулан боловсруулсан судалгааг бид ашигладаггүй.

Судалгаа явуулдаг байгууллагууд авлигын индексийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг. Зарим байгууллагууд бидэнд ирүүлсэн мэдээллийг нийтлүүлэхийг зөвшөөрдөггүй байхад зарим нь тэр мэдээллээ олны хүртээл болгосон байдаг. 2006 онд ашигласан судалгааны жагсаалт, санал асуулгын асуултууд, судалгаанд хамрагдагсдын тоо болон бусад мэдээллийг http://www.transparency.org/surveys/index.html#cpi эсвэл http://www.ICGG.org вэбсайтад байрлуулсан авлигын индексийн аргачлалын талаархи баримт бичгүүдээс үзнэ үү.

Авлигын индексийг тодорхойлохын тулд ашигладаг судалгаанд хэн хамрагддаг вэ?
Авлигын индексийг боловсруулахын тулд үйлдвэржсэн болон хөгжиж буй ертөнцийн аль алинд нь ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн авлигын талаарх ойлголт, түүнд өгсөн үнэлгээг ашигладаг. Судалгаанд бизнес эрхлэгчид ба тухайн орны үйл ажиллагааг ажиглаж байдаг шинжээчид хамрагддаг бөгөөд эдгээр нь оршин суугч бус болон байнгын оршин суугч гэсэн хоёр түүвэрт багтдаг. Байнгын оршин суугчдаас өгсөн үнэлгээ оршин суугч бус шинжээчдээс өгсөн үнэлгээтэй нилээд дүйцдэгийг энд тэмдэглэх нь чухал болов уу.

Авлигын индексийн дүгнэлтүүд эргээд судалгаанд хамрагдагсдын өгч буй хариултад нөлөөлөх тал бий юу?
Анх 1995 онд нийтлэгдснээсээ хойш ТИ-ээс гаргадаг авлигын индекс олон улсын мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсаар өнөөг хүрлээ. Үүнээс болж авлигын индексийн тайланд гарсан мэдээлэл судалгаанд хамрагдагсдын үзэл бодол, үнэлгээнд нөлөөлж улмаар үнэлгээний циркуляци буюу давталт хэмээх үзэгдэл гарахад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол бий болсон юм. Энэ байдлын үнэн эсэхийг шалгахын тулд бид дэлхийн зарим улс орнуудын нэр хүнд бүхий бизнес эрхлэгчдэд хандан асуулт тавьж, 9,000 гаруй хариултыг дүгнэж үзэхэд авлигын индексийн мэдээлэл тэдгээрийг “сүрэг дагах” байдалд хүргэдэггүй гэдэг нь тодорхой болсон юм. Харин эсрэгээр авлигын талаарх дүгнэлтийг мэдэх явдал нь авлигын талаарх өөрийн байр суурийг тодорхойлоход түлхэц болдог талтай гэсэн дүгэлт гарсан юм. Иймээс бидний хэрэглэж буй аргачлал үнэлгээний циркуляци буюу давталтыг үүсгэдэггүй гэж үздэг.

2007 онд өмнөх онуудад ашиглаж байсан авлигын индексийг тооцоолох аргачлалыг өөрчилсөн үү?
2007 онд ашигласан аргачлалд бага зэргийн өөрчлөлт оруулж эх сурвалжуудаас ирүүлсэн мэдээллийг илүү оновчтой тусгаж өгөх болсон. Энэхүү аргачлалын дагуу энэ онд авсан оноонд тухайн улс оронд гарсан өөрчлөлтүүд тусгагдсан байхад эзэлсэн байр нь бараг өөрчлөгдөөгүй байх жишээтэй.

Транспэрэнси Интэрнэшнл авлигын индексийн чанарыг хэрхэн хангадаг вэ?
Авлигын индексийг боловсруулах аргачлалыг авлига, эконометрик, статистикийн чиглэлээр мэргэшсэн нэр хүнд бүхий шинжээчдээс бүрдсэн Индексийн Зөвлөлдөх Хороо хянадаг. Эдгээр мэргэжилтнүүд авлигын индексийн аргачлалыг сайжруулах талаар зөвлөгөө, санал өгдөг. Харин тухайн аргачлалыг сонгон ашиглах тухай эцсийн шийдвэрийг ТИ-ийн удирдлага өөрөө гаргадаг.

Авлигын индексийн тухай тайлбар

Тухайн улс орны эзэлсэн байр болон авсан оноо зэрэг үзүүлэлтүүдийн аль нь илүү чухал вэ?
Хэдийгээр эхлээд улс орнуудыг жагсааж байр ногдуулснаар индексийг тооцоолж гардаг ч тухайн улс орны авлигын мэдрэгдэх түвшинг авсан оноо нь илэрхийлж байдаг тул авсан оноо нь илүү чухал үзүүлэлт юм. Тухайн улс орны жагсаалтанд эзлэх байр, авлигын индекст хамрагдах улс орны тоо нэмэгдэж, хасагдах зэрэг хамгийн энгийн шалтгааны улмаас өөрчлөгдөж болно.

Хамгийн бага оноо авсан улс орон дэлхийн авлигад хамгийн ихээр автсан орон мөн үү?
Үгүй. Хамгийн бага оноо авсан оронд авлигын мэдрэгдэх түвшин судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулбал хамгийн өндөр байна гэсэн үг юм. Дэлхийн 200 гаруй бүрэн эрхт улсуудаас 2007 оны авлигын индексд 180 нь хамрагдсан билээ. Бид энэ жагсаалтанд багтаагүй улс орнуудын талаарх мэдээллийг нийтэлдэггүй шүү.

Жишээ: 2007оны жагсаалтанд Сомали 180-т бичигдсэн нь юүг өгүүлнэ вэ?
Энэ нь 2007 онд Сомалийн авлигын мэдрэгдэх түвшин хамгийн өндөр байсан гэсэн үг юм. Харин энэ нь Сомали авлигад хамгийн ихээр автагдсан орон буюу Сомалийн иргэд авлигад хамгийн ихээр автсан иргэд гэсэн үг биш юм. Авлига Сомали улсын хөгжил цэцэглэлт, сайн засаглал тогтоох үйл ажиллагаа болон ядуурлыг буруулах ажилд ноцтой бэрхшээл учруулж байгаа бөгөөд Сомалийн ард түмний дийлэнх олонхи нь авлигад өртөж байна. Эрх мэдэл бүхий цөөн тооны этгээдүүд авлигад автаж энэ улсын удирдлагууд болон институциуд авлигыг хяналтандаа байлган урьдчилан сэргийлж чадахгүй байгаа явдал нь тухайн орон ба түүний иргэд авлигад хамгийн ихээр автсан гэсэн үг биш юм.

2007 оны авлигын индексийг өмнөх онуудын авлигын индексийн үзүүлэлттэй харьцуулж болдог уу?
Авлигын индексийг жил жилийн хандлага гэхээс бизнес эрхлэгчид, шинжээчдийн дунд 2007 онд эсвэл өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд авлигын талаар бий болсон үзэл бодол, үнэлгээ гэх нь илүү юм. Дээр хэлсэнчилэн, тухайн улс орны байдлыг өмнөх үетэй нь харьцуулахын тулд эзлэж буй байраар бус харин авсан оноогоор нь харьцуулж болох юм.

Судалгаанд хамрагсдын авлигын түвшингийн талаарх үзэл бодол, үнэлгээ өөрчлөгдөж, судалгаа авах аргачлал жилийн жилд өрчлөгдөж байдгаас болж тухайн улс орны оноо нэмэгдэж хасагдаж байдаг. Иймд хэд хэдэн жилийн үзүүлэлтийг харьцуулах хамгийн найдвартай арга бол эх сурвалж болох материалуудыг судлах явдал юм.


Ямар учраас авлигын эсрэг чиглэсэн реформ хийснээр амжилт олж, реформ хийгдээгүйгээс болж байдал доройтсон эсвэл авлигатай холбоотой хэрэг илрүүлж байсан зэрэг явдал нь тухайн улс орны авсан оноонд тэр хэмжээгээр нөлөөлдөггүй юм вэ?
Богино хугацаанд авлигын индексийн оноог дээшлүүлэх хэцүү байдаг. 2007 оны авлигын индексийг өмнөх хоёр жилийн мэдээллийг ашиглан тооцоолж гаргасан бөгөөд энэ мэдээлэл нь түүнээс ч урьд өмнө бий болсон байж болох юм. Авлигын индексийг сайжруулахын тулд урт удаан хугацаанд дорвитой арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юмаа.

2006, 2007 онуудад авсан оноонуудыг харьцуулах нь

Ямар улс орны үзүүлэлт 2006 оноос 2007 оны хооронд их хэмжээгээр буурсан вэ?
Он жилүүдийн харьцуулалтыг хийхэд бэрхшээлтэй байдаг гэдгийн талаар бид дээр тайлбарласан. Харин суурь судалгааны материалыг шинжиж ерөнхий чиг хандлагыг маш болгомжтойгоор гаргахыг оролдож болдог юм. 2006, 2007 оны хооронд Австри, Бахрейн, Белизе, Бутан, Йордан, Лаос, Макао, Мальт, Мавритан, Оман, Папуа Шинэ Гвиней болон Тайландын индекс буурсан байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд эдгээр улс орнуудын хувьд авлигын түвшин тогтоох үнэлгээнүүд ч бас өөрчлөгдсөн байна.

Аль орны үзүүлэлт, оноо хамгийн их сайжирсан вэ?
Коста Рика, Хорват, Куб, Чех, Доминикан, Итали, Македон, Намиби, Румын, Сейшель, Өмнөд Африк, Суринам болон Свазиланд зэрэг орны хувьд байдал сайжирсан гэсэн дүгнэлт гарсан байгаа.

Авлигын индексийг юунд ашиглаж болох вэ?

Авлигын индексийг тухайн улс орны авлигын мэдрэгдэх түвшний төгс хэмжүүр гэж ойлгож болох уу?
Авлигын индекс авлигын мэдрэгдэх түвшнийг хэмжих баталгаатай хэрэгсэл мөн бөгөөд түүнийг эрдэмтэн судлаачид, шинжээчид өргөнөөр ашиглаж ирсэн. Харин түүний хэмжих чанар ашигласан эх сурвалжийн тоо болон судалгаануудын хоорондох ялгааны их багаас хамаараад янз бүр байдаг.

Авлигын индекс тухайн оронд зээл тусламж олгох эсэхийн талаар шийдвэр гаргах процесс-д ашиглаж болох хэмжүүр мөн үү?
Зарим улсын засгийн газрууд авлигын индексийг үндэслэн тусламж олгох эсэхээ шийдвэрлэдэг тал бий. ТИ авлигын индексийг ийм байдлаар ашиглахыг дэмждэггүй. Авлигад автсан хэмээн дүгнүүлж байгаа орнуудыг тусламж хүртвэл зохих улс орнуудын жагсаалтаас хасаж болохгүй, учир нь авлига-ядуурлын давхар хавхнаас гаргахын тулд тэдэнд хамгийн түрүүнд зээл тусламж олгох шаардлагатай байдаг. Харин авлигад ихээр автсан байна гэдгийг нь донорууд анхааралдаа авч авлигатай тэмцэх хэтийн бодлогод хөрөнгө оруулах нь чухал юм. Авлига газар авсан оронд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжихээр шийдвэрлэсэн донорууд “улаан дохио ассан” эгзэгтэй газруудыг тодорхойлж түүнийг хянах механизмуудыг бий болгох дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг.

Транспэрэнси Интэрнэшнлийн авлигын эсрэг тэмцэл ба авлигын индекс

Авлигын индекс тодорхойлох ажлыг хаанаас хэн санхүүжүүлдэг вэ?
ТИ-ийн үйл ажиллагааг төрөл бүрийн төр засгийн байгууллага, олон улсын сангууд болон корпорациуд санхүүжүүлдэг бөгөөд ингэснээрээ авлигын индекс тодорхойлох ажил эрхлэх боломжоор хангадаг юм. Эрнст ба Янг гэдэг фирм авлигын индекс тодорхойлох аргачлал боловсруулах ажилд туслалцаа үзүүлдэг. ТИ санхүүгийн тусламж авснаараа тусламж үзүүлсэн байгууллагын бодлогыг мөрдлөг болгодоггүй бөгөөд тусламж үзүүлсэн байгууллагуудыг хэрэгжүүлж буй төслүүдийнхээ удирдлагад оролцуулдаггүй. ТИ-ийн санхүүжилтийн талаарх нэмэлт мэдээллийг http://www.transparency.org/support_us вэбсайтаас үзнэ үү.

Авлигын индекс, ТИ-ийн Даян дэлхийн Авлигын хэмжүүр /ДДАХ/ хоёрын ялгаа?
Авлигын индексийг тодорхойлохын тулд төр засгийн түвшин дахь авлигын талаар мэргэжилтнүүдийн хийсэн үнэлгээг авч боловсруулдаг бол Даян дэлхийн авлигын хэмжүүрийг, ард иргэдийн авлигатай тулгарч байсан туршлагыг тусгаж, тэдгээрийн авлигад хандах хандлагыг үндэслэн боловсруулдаг юм. Нэмэлт мэдээллийг http://www.transparency.org/policy_research/surveys_indices /gcb
вэбсайтаас үзнэ үү.

Авлигын индекс ТИ-ийн Хахууль төлөгчдийн индекс /ХТИ/ хоёрын ялгаа?
Авлигын индекс дэлхийн улс орнуудын авлигын мэдрэгдэх түвшнийг заадаг бол тэргүүн экспортлогч орнуудын пүүс компаниудын бусад оронд авлига үйлдэж авлигын нийлүүлэгч тал болох магадлалыг ХТИ-ээр илэрхийлдэг юм. Хамгийн сүүлийн ХТИ-ийг 2006 оны аравдугаар сард нийтэлсэн байгаа бөгөөд түүнийг
http://www.transparency.org/policy_research/surveys_indices/bpi вэбсайтаас үзнэ үү.

Авлигын индекс, Даян дэлхийн авлигын тайлан хоёрын ялгаа?
Авлигын индекс нь тухайн улс оронд төрийн албан тушаалтан, улс төрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаар авсан судалгааны дагуу байр оноодог үзүүлэлт бөгөөд бие даасан, нэр хүндтэй байгууллагуудаас явуулсан давтамжит судалгаанд тусгагдсан авлигатай холбоотой мэдээллийг шинжилж нэгтгэсэн нийлбэр үзүүлэлт юм. Харин Даян дэлхийн авлигын тайланд дэлхийд авлигын байдал хэр байгаад дүн шинжилгээ хийсний үр дүнг толилуулдаг юм. Тодорхой нэг салбар дахь авлигын талаар эрдэмтэн мэргэжилтнүүд, идэвхтнүдийн хийсэн судалгааг нэгтгэж, авлига болон түүнийг бууруулахын тулд хэрэгжүүлсэн реформуудын ололтуудыг тусгадаг юм.
2007 оны Даян дэлхийн авлигын тайлан энэ оны 5-р сард хэвлэгдэн нийтлэгдэхдээ, шүүхийн тогтолцоон дахь авлигын талаар бэтлгэгдсэн бөгөөд түүнийг http://www.transparency.org/publications/gcr хаягаар орж ашиглаж болно.