ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

A- A A+
ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны

30 дугаар зарлигийн хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН

ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн /цаашид “Зөвлөл” гэнэ/ үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенц, Авлигын эсрэг хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөх зорилготой ажиллана.

1.3.Зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавина.

1.4.Зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон олон нийтийн илэрхийлсэн ач холбогдол бүхий онцлог асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар зэрэг хууль санаачлах, хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл хүргэж, Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өгнө.

1.5.Зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан тушаалтны авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд мэдэгдэж, хариуцлага тооцуулах тухай хүсэлт гаргаж болно.

Хоёрдугаар зүйл. Зөвлөлийн чиг үүрэг

2.1.Зөвлөл нь олон нийтийг төлөөлөн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, үнэлэх;

2.1.2.Авлигатай тэмцэх газар хараат бусаар, бие даан, аливаа нөлөөнд автахгүй, хууль дээдлэн, шударга ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

2.1.3.Хэлэлцүүлэг, зөвлөгөөн болон эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтарсан нийтийн сонсголыг зохион байгуулах замаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах;

2.1.4.Авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлыг үнэлэх зорилгоор судалгаа хийх, судалгаанд шаардагдах мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;

2.1.5.Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд үүрэг хүлээсэн зохих байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл авах, танилцах, явц, үр дүнг нь үнэлэх;

2.1.6.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

2.1.7.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны ил тод байдлыг судлах, үнэлэх;

2.1.8.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн этгээд, гэрч, шинжээч, хохирогчийг хамгаалах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцах, үнэлэх;

2.1.9.Авлигатай тэмцэх газрын захиргаа, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны хараат бус, шудрага байдлыг үнэлэх;

2.1.10.Авлигатай тэмцэх газрын төсөв, санхүүгийн бүрдүүлэлт болон зарцуулалтад хяналт тавих;

2.1.11.Хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын мэдүүлэг хүлээн авах, лавлагаа олгох ажиллагааны хүрээн дэх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх, мэдээлэл тайлбар гаргуулан авах;

2.1.12.Авлигатай тэмцэх газарт өгсөн зөвлөмжийнхөө хүрээнд авсан арга хэмжээний биелэлтийн талаарх мэдээлэл, тайлбарыг гаргуулан авах;

2.1.13.Иргэдээс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн бүртгэлд болон шийдвэрлэлтэд хяналт тавих;

2.1.14.Зөвлөлд ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шилжүүлэх;

2.1.15.Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон түүний үндэслэлтэй танилцах, дүн шинжилгээ хийх;

2.1.16.Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдалтай танилцах, дүн шинжилгээ хийх;

2.1.17.Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан хэргийн үндэслэл, материалтай танилцах, дүн шинжилгээ, судалгаа хийх;

2.1.18.Төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөрүүд, тэдгээрийн явц, үр дүнтэй танилцах;

2.1.19.Авилгатай тэмцэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах сургалт сурталчилгааны ажилд оролцох;

2.1.20.Авлигатай тэмцэхэд онцгой эр зориг гаргаж, шударга ёсны үлгэр дуурайл болсон иргэн, хуулийн этгээдийг төр засгийн болон олон улсын шагналд тодорхойлон санал болгож урамшуулах ажиллагааг зохион байгуулах;

2.1.21.Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийтийн ашиг сонирхлын байгууллага болон төрийн бус байгууллага, түүнчлэн хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай эрх хэмжээнийхээ хүрээнд хамтран ажиллах;

2.1.22.Авлига үүсч буй шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох, нийгмийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас авч буй арга хэмжээ, түүний явц, үр дүнтэй танилцах, олон нийтийн авлигатай тэмцэх шинэ санаачлага, санал бодлыг нээлттэй хүлээн авах, мэдээлэх, тэдний оролцоог дэмжих;

2.1.23.Авлигатай тэмцэх олон улсын байгууллагуудын туршлагыг судлах, сургалтанд хамрагдах, авлигын эсрэг арга хэмжээнд оролцох.

Гуравдугаар зүйл. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

3.1.Зөвлөл нь 15 гишүүнээс бүрдэх бөгөөд даргатай байна.

3.2.Зөвлөлийн даргыг зөвлөлийн хуралдаанаас гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

3.3.Зөвлөлийн дэргэд Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, зөвлөмж гаргах, Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах үүрэг бүхий дараах Ажлын хэсэг /цаашид “Хэсэг” гэнэ/ ажиллана. Үүнд:

3.3.1.Олон нийттэй харилцах хэсэг;

3.3.2.Хууль эрх зүйн хэрэгжилтийг хариуцсан хэсэг;

3.3.3.Хүний эрх, судалгаа шинжилгээний хэсэг.

3.4.Хэсэг нь энэ журамд заасан Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааг тус тусын хариуцах хүрээнд зохион байгуулж, дотоод хурлаараа хэлэлцэн, Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн төсөл боловсруулна.

3.5.Хэсгийг Зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаанаар 5-8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба Хэсгийн гишүүд хуралдан ахлагчаа сонгож, батална.

3.6.Зөвлөлийн хуралдаанаас цаг үеийн асуудлаар Ажлын комисс байгуулж болно.

3.7.Зөвлөлийн гишүүн нь дараах эрх, үүрэгтэй.

3.3.1.Хэсгийн ахлагчид нэрээ дэвшүүлэх, өөр гишүүний нэрийг дэвшүүлэх;

3.3.2.Хоёроос илүүгүй Хэсэгт таслах эрхтэй оролцох, өөрийн ороогүй Хэсгийн хуралд орж санал гаргах;

3.3.3.Зөвлөлийн даргын эзгүйд түүний бичгээр гаргасан тушаалын дагуу үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэх;

3.3.4.Ажлын түр комисст орж ажиллах, удирдах.

Дөрөвдүгээр зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр

4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан /цаашид ”хуралдаан” гэх/ байна.

4.2.Зөвлөлийн хуралдааныг улиралд 2-оос доошгүй удаа, ажлын хэсгийн хурлыг зарласанаар хийх ба гишүүдийн олонхи оролцсоноор хуралдаан, хурлыг хүчинтэйд тооцно.

4.3.Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгож, хэлэлцэх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэнэ.

4.4.Зөвлөлийн хуралдаанаас тогтоол гарах бөгөөд тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

4.5.Зөвлөлийн дарга дотоод зохион байгуулалтын асуудлаар бичгээр тушаал гаргана.

4.6.Зөвлөл ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнана. Зөвлөл шаардлагатай гэж үзсэн асуудлаар тухай бүрд нь Ерөнхийлөгчид мэдээлж болно.

4.7.Зөвлөл үйл ажиллагааныхаа жилийн тайлан болон энэ журамд заасан мэдээлэл, зөвлөмжийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

Тавдугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх

5.1.Зөвлөлийн дарга, гишүүн нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлах ба Зөвлөлийн дарга дараах эрхтэй:

5.1.1.Зөвлөлийг төлөөлж Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллага, иргэдтэй харилцах;

5.1.2.Зөвлөлийн хуралдааны товыг зарлан зохион байгуулж удирдан явуулах:

5.1.3.Зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх,

5.1.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж Зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх

5.1.5.Зөвлөлийн ажлыг төлөвлөн зохион байгуулж, удирдах.

5.1.6.Зөвлөлийн даргын эзгүйд түр орлох гишүүнийг томилох;

5.2.Хэсгийн ахлагч дараах эрхтэй:

5.2.1.Хэсгийн хурлын товыг зарлан зохион байгуулж, удирдах,

5.3.Зөвлөлийн гишүүн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.3.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;

5.3.2.Энэхүү журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх талаар санал, санаачилга гаргах;

5.3.3.Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Зөвлөлийн хуралдаан болон Хэсгийн хуралд оролцох;

5.3.4.Хуулийн дагуу нууцад хамаарах “Нууц”, “Маш нууц” таних тэмдэглэгээтэй аливаа мэдээлэлтэй ажил үүргийн дагуу танилцсан бол зохих бүртгэлд хамрагдах, нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг хувилж авахгүй байх, нууцлалыг задруулахгүй байх;

Зургаадугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын эрх, үүрэг

6.1.Авлигатай тэмцэх газар нь Авилгын эсрэг хуулийн дагуу Олон Нийтийн Зөвлөлийг хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Энэ журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрэн хангаж ажиллах;

6.1.2.Зөвлөлийн байнгын ажлын өрөө, хуралдааны танхим, шаардлагатай техник хэрэгслээр хангах;

6.1.3.Зөвлөлийн үйл ажиллагаанд туслах ажилтныг энэ журамд заасны дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангах;

6.1.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг гарган өгөх;

6.1.5.Зөвлөлд хандан авлигатай тэмцэх тодорхой асуудлаар дэмжлэг туслалцаа хүсэх;

6.1.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

6.1.7.Зөвлөлийн хуралдаан, Ажлын хэсгийн хуралд Зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу албан тушаалтан, ажилтнаа оролцуулах, мэдээ, мэдээлэл, тайлбар өгөх, хуралдаанаар хэлэлцэж байгаа тухайн асуудлаар саналаа хэлэх;

6.1.8.Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Улсын Их Хуралд мэдээлэл өгөх болон ажлын тайланд Зөвлөлийн тайланг оруулсан байх.

6.2.Зөвлөлтэй хамтран ажиллах үүргийг Авлигатай тэмцэх газрын дарга, түүний эзгүйд дэд дарга хэрэгжүүлнэ.

Долоодугаар зүйл.Зөвлөлийн үйл ажиллагааны баталгаа

7.1.Зөвлөл нь Авлигатай Тэмцэх газрын байранд шаардлага хангасан, ажиллах нөхцөлд нийцсэн ажлын өрөөтэй байна.

7.2.Зөвлөлийн үйл ажиллагаанд туслах үүрэгтэй орон тооны бус ажилтанг ажиллуулна.

7.3.Зөвлөлийн үйл ажиллагаанд туслах үүрэгтэй орон тооны бус ажилтан нь хуралдааны зар түгээх, хуралдааны тэмдэглэл хөтлөх, шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хариуцах, Зөвлөлийн үйл ажиллагааны нууцлалыг чанд сахих үүрэг хүлээнэ.

Наймдугаар зүйл.Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх

8.1.Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэнийг Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

8.2.Зөвлөлийн гишүүнийг шалгаруулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж өөрөө хүсэлтээ гаргасан, бусдын санал болгосон төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдээс авилгатай тэмцэх чиглэлээр ажиллах хүсэл сонирхол, чадвар, туршлага, олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх, тэднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулах чадварыг шалгуур болгоно.

8.3.Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:

8.3.1.Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон;

8.3.2.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

8.3.3.Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

8.3.4.Зөвлөлийн болон Хэсгийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй болсон;

8.4.Зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө.

---------o0o--------