Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Авлигын эсрэг хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.6-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг хэлнэ” хэмээн заасан. Манай улсын хувьд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ерөнхий болон тусгай гэсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх ерөнхий үйл ажиллагаанд тухайн нийгэмд авлига үүсгэж буй нийтлэг шалтгаан, нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах цогц үйл ажиллагаа хамаарах бол тусгай үйл ажиллагаанд тухайн нэг зорилтот бүлэгт үүсэж буй авлигын шалтгаан, нөхцөлийг судлах, улмаар тэдэнд тохирсон тусгайлсан арга хэмжээ авахыг ойлгоно. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх субъектээр нь төр, төрийн байгууллага, албан хаагч болон иргэн, аж ахуйн нэгж гэж ангилжээ. Эдгээр нь Авлигын эсрэг хуульд заасан авлигаас урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлнэ. Мөн авлига нь нийгмийн тогтолцоог сүйтгэж байдаг хүнд гэмт хэрэг тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25-29 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэх ёстой.
Төрийн байгууллага, төрийн албан тушаалтан нь авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үүрэгтэй:
Олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, бодлого, байр суурийг танилцуулах;
Төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;
Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;
Зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
Төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг тогтоон мөрдүүлэх;
Төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх;
Авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;
Төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах;
Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх;
Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;
Бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;
Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх, биелэлтийг холбогдох байгууллагад тайлагнах.
Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үүрэг хүлээнэ:
Төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
Хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.
Авлигын эсрэг хуульд заасанчлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус бүртээ авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй ч хэдий ч улсын хэмжээнд хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй байгууллага нь Авлигатай тэмцэх газар юм. Тус газар авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг нь төрийн байгууллага, түүний албан хаагчдын хүсэл зоригтой шууд хамаатай. Гэмт хэрэг үйлдэх эрсдэл бүхий 1000 хүнийг эрсдэлээс хамгаалах нь гэмт хэрэг үйлдсэн нэг хүнийг шийтгэхээс илүү далайцтай, үр дүнтэй арга юм.