“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа

A- A A+
“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан сургалтыг өнөөдөр хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд Улсын Их Хурлын үүрэг зайлшгүй байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монгол банктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан” гэв. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл” сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр “явагддаг” болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудын үеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, түүний ач холбогдол”, “Гэмт хэргийн мэдээ, мэдээллийг үнэн зөв бодитой хүргэх нь” сэдэвт илтгэлдээ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулан, сургалтын агуулгыг тодотгосон мэдээлэл өгсөн.

Тус сургалтын чиглүүлэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Энэ сургалтыг санаачилсан Улсын Их Хурлын даргын барьсан бас нэг чиглэл нь Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдээлэл, ойлголтыг зөв болгох, үүнийг нийгэмд мэдээлэл түгээдэг сэтгүүлчдээр дамжуулан хийе гэсэн санаа юм. Нөгөө талаар Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэдийн санаа бодлыг тусгахад, иргэдийн оролцоотой батлахад сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго чиглэсэн. Сургалтын зорилго тодорхой хэмжээгээр биелэгдлээ” хэмээн санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.