“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэв

A- A A+
“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэв

Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргадаг мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын “Шударга ёс” сэтгүүлийн 22 дахь дугаар хэвлэгдлээ.

Шударга ёсыг бэхжүүлэх, зохицуулах сайн засаглалын болон хууль эрх зүйн орчны онол, арга зүйн асуудал, авлигын шалтгаан, нөхцөл судлал, олон улсын үйл ажиллагаа, сайн туршлагын асуудлаар голлон нийтэлдэг уг сэтгүүлийн энэ дугаарт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн “Шударга ёс ба хамтын ажиллагаа”, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалын “Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, үр дүн”, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарын “Авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюул, шалган шийдвэрлэх ажиллагааны онол, практикийн асуудал”, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатарын “Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй хорих, торгох ял, тэдгээрийн хэрэгжилт”, тус албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Жаргалангийн “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа болон “Grand corruption” буюу том (их) авлигын асуудлууд” зэрэг илтгэл, онол-арга зүйн өгүүллийг нийтэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Шударга байдлын судалгаа-2021”, авлигагүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо зэрэг сэдэвт нийтлэлүүд багтжээ.

“Шударга ёс” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээ, онол арга зүйн бүтээл, судалгааны материалууд нь нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг болон суралцдаг эрдэмтэн, оюутнуудад хэрэгцээт гарын авлага болдог ач холбогдолтой юм.