АТГ-аас зохион байгуулдаг давтамжит судалгаанууд

A- A A+
АТГ-аас зохион байгуулдаг давтамжит судалгаанууд

“Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.

Уг судалгааны зорилго нь төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх, авлигын эсрэг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг цуглуулахад оршиж байна. Мөн “Шударга байдлын үнэлгээ” нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.1.1.6 болон 9.1.2.6-д заасан “Байгууллагын шударга байдлын үнэлгээ”-ний шалгуур үзүүлэлт болдог.

"Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа"

Авлигатай тэмцэх газар нь 2008 оноос хойш жил тутам “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г зохион байгуулж үр дүнг Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгох, хэвшүүлэх” 24 дүгээр зорилтын хэрэгжилтийг үнэлж дүгнэх нэг шалгуур болгож ирсэн.

Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд мэдээллийн чухал эх сурвалж болдог.

"Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ"-ний судалгаа

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т "бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах"-ыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон. 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх”-ээр заасан нь төрийн байгууллагууд авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах үндэслэл болдог. Авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэхэд оршино.

Авлигын эрсдэлийн үнэлгээ нь дараах ач холбогдолтой:

  • Тухайн байгууллага дахь эрсдэлийг түвшинг илрүүлэн тогтоох;
  • Илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлох.
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох;
  • Ижил төстэй үйл ажиллагааны эрсдэлийг харьцуулах;
  • Асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах;

“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн шударга байдлын түвшин, түүний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой.