АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР СТАР САНААЧИЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙДАЛ   

A- A A+
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР СТАР САНААЧИЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙДАЛ   

2012 оны 11 дүгээр сарын эхээр Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын алба болон Дэлхийн банкны группын хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачлага” /Stolen Asset Recovery Initiative/-д Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын “хөрөнгийг мөрдөх, буцаах ажиллагааг хангах Монгол Улсын хууль эрх зүйн орчинг нарийвчлан үнэлүүлэн дүгнүүлэх, бусад улсуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг хөгжүүлэхэд зөвлөгөө авах, хөрөнгийг мөрдөх, буцаах чиглэлийн тусгай арга техникүүдэд мөрдөгчдийг сургах” зэрэг ажилд туслахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн.

Энэхүү хүсэлтийн дагуу тус санаачилгын баг Улаанбаатар хотод 2013 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тогтоох, албан хүсэлтийн хариуд StAR хөтөлбөрөөс хэрхэн туслалцаа үзүүлбэл зохилтойг тодорхойлох зорилгоор танилцах айлчлал хийсэн.

Уг танилцах айлчлалаас хойш Авлигатай тэмцэх газартай СтАР санаачилга хамтран дараах сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүнд:

  1. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт
  2. Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагаа анхан шатны сургалт
  3. Эрх зүйн харилцан туслалцааны заавар боловсруулах ажлын хэсгийн хурал
  4. Хөрөнгө орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт
  5. Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд санал өгөх ажлын хэсгийн хурал
  6. Ахисан шатны сургалтууд: Хөрөнгө орлогын мэдүүлэг, Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр
  7. Мөрдөн байцаагчийн гарын авлага
  8. Бусад арга хэмжээ

Нэг. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт. Гүйцэтгэх ажилтнууд, мөрдөн байцаагч нарт зориулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг зохион байгуулсан. Сургалтын үеэр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд тулгардаг саад бэрхшээл, нээлттэй мэдээллийн эх сурвалжаас хайлт хийх, мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагааны өнөөгийн байдал, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөрдөх, хилийн чанад дахь хуулийн этгээдүүдийн онцлогийн тухай хичээл зааж, дасгал ажил оролцогчдоор ажиллуулсан.

Хоёр. Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны анхан шатны сургалт. Эрх зүйн талаар харилцан туслалцааны чиглэлээрх сургалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа, олон улсын хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлүүд, Эрхзүйн харилцан туслалцааны даалгавар боловсруулах талаарх зөвлөгөө, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хулгайлагдсан хөрөнгө буцаан олгох тухай зохицуулалт, энэ чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, энэ чиглэлээр АНУ-тай хэрхэн хамтран ажиллах, олон улсын албан бус хамтын ажиллагаа явуулах, зэрэг сэдвээр хичээл зааж, оролцогчдоор даалгавар боловсруулах дасгал ажил хийлгэсэн.

Гурав. Эрх зүйн харилцан туслалцааны гарын авлага боловсруулах ажлын хэсгийн хурал. СтАР санаачлагатай хамтран зохион байгуулсан ажлын уулзалтад урих тухай албан бичгийг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж, үүний үр дүнд уг арга хэмжээнд 5 байгууллагын 13 албан тушаалтан оролцсон. Ажлын хэсгийн уулзалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа хүссэн албан даалгаврыг хэрхэн оновчтой, зөв боловсруулах талаар мөрдөн байцаагч нарт ойлголт тайлбар өгөх гарын авлагын төслийг боловсруулан хэвлүүлж, тараасан.

Дөрөв. Хөрөнгө орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт. Хөрөнгө орлогын мэдүүлгийн анхан шатны сургалт, зөвлөгөө өгөх ажлын уулзалт Авлигатай тэмцэх газарт зохион байгуулагдсан.

ХАСХОМ-ийн хяналт шалгалт хийх, зөрчил, мэдүүлэг хохироосон тохиолдолд хүлээлгэх хариуцлага, мэдүүлгийн хяналт шалгалтын системийг хэрэгжүүлэхэд авч үзэх шаардлагатай гол асуудлууд, хяналт шалгалтыг үр дүнтэй явуулахад Монгол Улсад хэрэглэж байгаа мэдүүлгийн маягтын үр нөлөө, мэдүүлэгт хяналт шалгалт явуулахад зориулж дотоодын мэдээллийн эх сурвалж болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг зураглах, мэдүүлгийн хяналт шалгалт дахь дараачийн үе шатыг хэрхэн явуулах талаар хичээл, хэлэлцүүлгийг явуулж, оролцогчдоор мэдүүлгээс зөрчил илрүүлэх дасгал ажиллуулсан.

Тав. Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд санал өгөх ажлын хэсгийн хурал. Улсын ерөнхий прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын байранд зохион байгуулагдсан уг уулзалтаар Улсын ерөнхий прокурорын зааврын төсөлд эрх зүйн харилцан туслалцааны албан хүсэлтийг боловсруулахад анхаарах асуудлуудыг тусган оруулах саналыг боловсруулсан. Энэхүү ажлыг “Эрх зүйн харилцан туслалцааны гарын авлага” боловсруулах ажлын хэсгийн хурлаас боловсруулан гаргасан саналд тулгуурлан хийсэн. Уг уулзалтад Дээд шүүх, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба болон хараат бус шинжээчид орж ажилласан.

Зургаа. Ахисан шатны сургалт. Хөрөнгө орлогын мэдүүлгийн ахисан түвшний сургалтыг Авлигатай тэмцэх газарт зохион байгуулсан.

Энэхүү сургалтын дараа ахисан түвшний санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалт, Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ахисан түвшний сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулсан бөгөөд уг сургалтад Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар болон Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албан болон Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд оролцсон.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн ахисан шатны сургалтын үеэр АНУ болон бусад улс дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэхэд ХАСХОМ-ийг ашиглах, мэдүүлэгт бичигдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах: дэлхий нийтийн чиг хандлага ба улсуудын туршлага, мэдүүлэг бичигдсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах АНУ-ын туршлага, мэдүүлэгт хяналт, шалгалт явуулах БНСУ-ын туршлага, БНСУ дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт зэрэг сэдвээр СтАР болон БНСУ-ын мэргэжилтнүүд хичээл заасан. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны ахисан шатны сургалтын үеэр оролцогчдыг багуудад хуваарилж, мөрдөн шалгах ажиллагааны загварчилсан дасгал ажиллуулсан. Эрх зүйн харилцан туслалцаа/олон улсын хамтын ажиллагааны ахисан шатны сургалтын үеэр СтАР санаачилга болон Сингапур, Хонконг, Өмнөд Солонгосын эрх зүйн харилцан туслалцааны асуудал хариуцсан байгууллагын ажилтнууд өөрсдийнх нь улс оронтой дээрх чиглэлээр хэрхэн хамтран ажиллавал зохих талаар оролцогчдод мэдээлэл, хэлэлцүүлэг хийж, дасгал ажиллуулсан.

Долоо. Мөрдөн байцаагчийн гарын авлага нь мөрдөн байцаагч нарын ажлыг нэг журамд буюу нэг стандартад оруулах зорилготой бөгөөд цаашлаад Авлигатай тэмцэх газарт шинээр ажилд орсон мөрдөн байцаагч нарын ширээний ном болох, орон нутгийн цагдаагийн албан хаагчид Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн даалгаврыг гүйцэтгэхэд арга зүйн зөвлөмж өгөх юм. Гарын авлагыг боловсруулахдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хууль тогтоомжид нийцүүлэх саналыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид тавьсан боловч гадаадын мэргэжилтэн өмнөх хууль тогтоомжийн дагуу бэлтгэж, боловсруулсан. Цаашид Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай байна.

Найм. Бусад арга хэмжээ. Авлигатай тэмцэх газар СтАР санаачилгатай хамтран эрх зүйн туслалцаа, олон улсын хамтын ажиллагааны сэдвээр сургалт зохион байгуулсан.

Уг сургалтын үеэр эрх зүйн харилцан туслалцаа, олон улсын хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлүүд, даалгавар боловсруулах талаарх зөвлөгөө, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хулгайлагдсан хөрөнгө буцаах тухай зохицуулалт, энэ чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын албан бус хамтын ажиллагаа явуулах зэрэг сэдвээр хичээл зааж, оролцогчдоор даалгавар боловсруулах дасгал ажиллуулсан.

Авлигатай тэмцэх газар СтАР санаачилгатай хамтран хэрэгжүүлж буй шинэ төслийн хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулагдаж, сургалтад Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн болон бусад хэлтэс, албадын 60 орчим алба хаагч хамрагдсан.

СтАР санаачилгын ахлах мэргэжилтэн Лаура Поп, Румын улсын Шударга ёсны газрын хянан шалгагч Лонут Пандару нар сургалтыг хамтран зохион байгуулж, Румын улсын Шударга ёсны газрын үйл ажиллагаанаас танилцуулж, кэйс ажиллаж, Монголын хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоонд тулгарч буй саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, цаашид хамтран ажиллахаар болсон.

“Гадаад улсын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системээс мэдээлэл авах” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн нийт 55 алба хаагч хамрагдаж АНУ, Их Британи, Франц, Сингапур, Швейцарь, Малайз зэрэг улсуудын улсын бүртгэлийн системээс аж ахуйн нэгж болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн талаарх мэдээллийг хэрхэн олж авч болох боломжийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

Авлигатай тэмцэх газраас Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай хамтран тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс болон улс, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын байгууллагын 300 орчим албан хаагчийг хамруулсан "Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

“Удиртгал хичээл - Дарквеб” богино хугацааны вебинар буюц цахим семинарыг  АТГ,  ЦЕГ, УЕПГ-ийн 400 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулсан. Сургалтаар Дарквебын онцлог, үйл ажиллагаа, санхүүгийн гүйлгээ, нууцлал зэрэгт холбогдуулан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“Гадаад улсын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системээс мэдээлэл авах” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн нийт 55 алба хаагч хамрагдаж АНУ, Их Британи, Франц, Сингапур, Швейцарь, Малайз зэрэг улсуудын улсын бүртгэлийн системээс аж ахуйн нэгж болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн талаарх мэдээллийг хэрхэн олж авч болох боломжийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ.