Авлигатай тэмцэх газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан “Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор соён гэгээрүүлэх өдөрлөгийг өнгөрөгч бямба гарагт Налайх, Багануур дүүрэгт зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч ажиллав. Мөн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуульд “Шударга ёсны клуб”-ыг нээлээ.
Соён гэгээрүүлэх өдөрлөгт оролцогчдын дунд шударга ёс, зөв зүйлд уриалсан хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь Авлигатай тэмцэх газрын талаар баттай эх сурвалжаас бодитой мэдээ, мэдээллийг авч, иргэд, олон нийтээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өргөн хүрээнд оролцох, хамтран ажиллах боломж байгааг ойлгож мэдсэн чухал арга хэмжээ боллоо гэдгийг иргэд онцолж байлаа.
Цаашид тус өдөрлөгийг Нийслэлийн бүх дүүрэг, хороодоос гадна аймаг, сум, багт зохион байгуулахаар төлөвлөөд байна.